sonin.mn
Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газартай хамтран автотээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан шалгалтыг энэ сарын 29-нөөс ирэх сарын 30 хүртэл орон даяар зохион байгуулж байна.
 
Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах юм. Үүнд доорх 7 үзлэг багтаж буй юм.
 
1. Автотээврийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал
2. Ашиглахыг хориглосон гэмтэлтэй тээврийн хэрэгсэл эсэх
3. Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, ялангуяа ачааны автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч автомашины тосгуурын бүрэн бүтэн байдал
4. Автотээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан хэмжээнээс хэтэрсэн эсэх
5. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан, салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан эсэх
6. Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн эсэх
7. Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагын дагуу гэрэл ойлгогч наалт наасан байдал
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг