sonin.mn
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 
 
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн, байгаль орчинд нийцтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болгохоор тусгажээ. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр болон байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг багтаасан байна.
 
Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуухдаа мал, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх талаар ямар хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал аж ахуйг хэрхэн дэмжих, “Монгол чацаргана” хөтөлбөр тусгагдсан эсэх, мөн улсын хэмжээнд байдаг 1 сая га тариалангийн талбайгаас одоогоор ашиглагдаагүй байгаа 240 мянган га талбайг эргэлтэп оруулах эсэх зэргийг тодруулсан юм. Үүнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариулахдаа "Мал, мах, малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан. Өмнө жилдээ 25000-26000 тн мах экспортолдог байсан нь өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд маш их багассан.
 
Тиймээс Засгийн газраас малын гаралтай түүхий эдийн экспортыг дэмжихээр татварын бодлоготой уялдуулсан зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян”, “Монгол малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлэх, мөн "Атрын III аян"-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр уг хөтөлбөрт тусгасан" гэсэн юм. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг