sonin.mn
МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъянгаас дараахь тодруулгыг авлаа.
 
-УИХ маргаашнаас хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэг­жилтийг хойшлуулах шийдвэр гаргалаа. Зарим хүн "МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэж ийм шийдвэр гаргалаа" гэж тайлбарлаж байна. Танай нам үүнийг юу гэж харж байгаа вэ?
 
-Хууль эрх зүйг мэддэг, ойлгодог хүмүүст бол Н.Энхбаяр дарга угаасаа  сонгуульд нэр дэвших эрхтэй байгаа. Энэ талаар бид шүүхэд хандсан. Одоо Дээд шүүх дээр явж байгаа. Энэ хуультай, хуульгүй нэр дэвших эрхтэй гэсэн үг. Гэхдээ улс төрийн зорилгоор нэр дэвших эрхгүй гэж үзээд байгаа юм.
 
Шинэ Эрүүгийн хууль хэрэгжээд эхлэх юм бол Монголд ялтай байдал гэдэг ойлголт байхгүй болно. Ганц Н.Энхбаяр гэлтгүй олон хүний эрүүгийн нөхцөл байдал сайжирна. Бид "Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй учраас энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулъя" гэж хоорондоо ярилцсан гэдэг мэдээлэл авсан.
 
Хамгийн анх хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах тухай яриа гарах үед "Яагаад ингэхээр болов" гээд сураглахад тодорхой хүрээний хүмүүс "Танай намын даргад зориулж ингэж шийдэж байгаа юм. Ингэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж үзэж байгаа юм билээ" гэсэн. Тиймээс манай намынхан хоёр, гурван удаа хуралдаад "Үнэхээр ганцхан хүний эсрэг ингэж байгаа бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орох шаардлагагүй. Яагаад гэвэл, үүний цаана маш олон хүний эрхийн асуудал бий. Ганцхан хүнээс болж тэр хүмүүсийн амьдралд нөлөөлөх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байж болно" гэж шийдсэн юм.
 
Гүйцэтгэх товчооныхоо хурлаар ч энэ тухай хэлэлцсэн. МАН-ынхан ганцхан хүнээс айж байгаа юм байлгүй дээ. Эцсийн дүндээ бол ард түмнээс айж байгаа хэрэг л дээ. Ард түмэн өөрсдийнх нь нэр дэвшүүлсэн хүнийг биш өөр намын нэр дэвшигчийг сонгочих гээд байна гэж ард түмэндээ үл итгэж байгаа учраас тэдний эсрэг шийдвэр гаргаж байна.
 
  
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдэг нь танай намын эцсийн шийдвэр үү. Эсвэл дээрх хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахын эсрэг тактикийн шийдвэр байсан гэсэн үг үү?
 
 
-Би Н.Энхбаяр даргаас өөрийнх нь байр суурийг сонссон. Сонгуульд орохгүй гэсэн. Миний хувьд Н.Энхбаяр дарга нэгэнт нэр дэвшихгүй гэж байгаа бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орох хэрэггүй гэж үзэж байгаа. Шаардлагатай бол бид Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн шийдвэр, тогтоол гаргахад бэлэн байна.
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй учраас Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулсанд танай нам ач холбогдол өгөхгүй юү?
 
-Манай намыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүйн тулд ийм алхам хийж байгаа бол энэ шийдвэрээ эргэн хараач гэсэн байр суурьтай байсан. Хуулийн хэрэгжилтийг нэг хүн хүлээдэггүй. Хэдэн мянган хүн хүлээдэг. Тэр хүмүүс нэг өдрийн өмнө ч гэсэн хүүхдээ, эхнэр, нөхрөө, аав, ээжээ хармаар байгаа.
 
Эрхээ хасуулсан хүмүүс УИХ-ын танхимд бус шоронд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын танхим, шоронд байгаа хоёр хүний хуулийн хэрэгжилтийг хүлээх хүлээлт маш их ялгаатай шүү дээ. Тиймээс бид зөвхөн Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэж ингэж шийдэх гэж байгаа бол манай нам сонгуульд оролцохгүй гэсэн байр суурьтай байсан. Гэвч хууль хэрэгжүүлэх хугацааг хойшлуулчихлаа.
 
-Хууль хэрэгжүүлэх хугацааг нэгэнт хойшлуулчихсан, бас Ерөнхийлөгчийн сонгуульд орол­цохгүй учраас намын даргынхаа сонгогдох эрхийг сэргээлгэхийн төлөө шүүхээр үргэлжлүүлэн явах шаардлагагүй болж байна гэж ойлгож болох уу?
 
-Үгүй. Бид шүүхийн процессыг дуусгана. Уг  нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Өршөөлийн хууль, уучлал хоёрт хамрагдсан хүнд ялтай хугацааг тооцдоггүй юм. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ "Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй" гэсэн худлаа тайлбар хийгээд байгаа юм. Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бол ингэж тайлбарлах аргагүй болох байсан учраас их сандрах шиг боллоо.
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй л юм бол сонгогдох эрхээ сэргээлгэхийн төлөө шүүхээр явах шаардлага байгаа юм уу. Тэртээ тэргүй дараагийн сонгуулиас өмнө зарим хүний яриад байгаа ялтайд тооцох хугацаа нь дуусчихна биз дээ?
 
-Ганцхан сонгох сонгогдох эрх бус бусад эрхийг нь ч гэсэн хязгаарлачихаад байгаа учраас заргалдахаас өөр аргагүй. Би ч гэсэн адил. Намайг ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа учраас 30 гаруй төрлийн ажил хийх боломжгүй байгаа. Уг нь шүүхээс миний зөвхөн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хассан. Тэр ялаа би эдлээд дууссан. Харин миний ялтай байдал үргэлжилж байгаа учраас улс төрийн алба, төрийн жинхэнэ, үйлчилгээний албанд ажиллаж болохгүй. Хоёр­дугаарт, би хуульч, өмгөөлөгч, шүүгч, прокурор, нягтлан, нярваар ажиллах боломжгүй.
 
Гуравдугаарт, банкнаас зээл авч болохгүй, виз авдаг орнуудаас виз авч болохгүй байгаа. Ял шийтгэлгүй байх гэсэн шаардлагыг нь хангахгүй байгаа учраас энэ бүх эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Н.Энхбаяр дарга яг адилхан. Ялтай байдал гэдэг нь шүүхээс ногдуулсан үндсэн ялаас илүү өргөн хүрээний ял болдог гэсэн үг. Шүүхээс ял сонссон бүх хүнд ийм дарамт бий. Энэ хүмүүс чинь амьдрахын тулд ажил хөдөлмөр хийх шаардлагатай биз дээ. Гэтэл энэ эрхийг нь хязгаарлачихаад байгаа юм.
 
Би дөрвөн жил хуульчаар сурсан. Миний хамгийн сайн хийж чадах, мөнгө олох ажил бол хуульч. Гэвч таван жилийн хугацаанд хуульчаар ажиллах ямар ч боломжгүй. Төрд ажиллаж болохгүй, зээл аваад бизнес хийж болохгүй. Би яах ёстой вэ. Зовлонг нь мэддэг учраас Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг бид маш их дэмжиж байсан юм. 
 
Эх сурвалж: "Ардын эрх" сонин