sonin.mn
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг олон улсад ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий Азийн орнуудын “Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл” (ITPEC)-ийн уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ.
 
Ирэх сарын 02 хүртэл үргэлжлэх уг хуралд Монгол, Мьянмар, Флиппин, Бангладеш, Вьетнам, Тайланд, Малайзын 13 төлөөлөгч оролцож, “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт” (МТИШ )-ыг ямар стандартаар явуулах, асуултыг хэрхэн бэлдэх чиглэлээр хэлэлцэх юм. Япон улсаас үүсэлтэй уг шалгалтыг зөвлөлийн гишүүн 8 оронд нэг өдөр, нэг стандартаар зохион байгуулдаг аж.
 
МТИШ-д 4 ангиллын 9-11 төрлийн шалгалт байдаг бөгөөд одоогоор гурван ангиллыг Монголд нэвтрүүлсэн байна. Нэгдүгээрт, мэдээллийн технологийн паспорт шалгалт. Энэ нь компьютер унтрааж, асаахаас эхлээд мэдээллийн технологийг ажил, албандаа хэрхэн хэрэглэж байгааг шалгадаг аж. Хоёрдугаарт суурь шалгалт. Энэ нь мэдээллийн технологийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн ур чадварыг шалгана. Мөн тухайн мэргэжилтэн олон улсын байгууллагад ажиллах чадвартай эсэхийг шалгах юм. Гуравдугаарт ахисан шатны шалгалт. Энэ нь мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийг боловсруулах чадвартай менежерүүдийг шалгаруулах зорилготой. Шалгалтыг жил бүрийн 4 болон 10 сард зохион байгуулдаг аж.
 
Шалгалтыг зохион байгуулснаар Монгол Улсын хувьд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг шалгах, ажил олгогч нарт мэргэжлийн чадварлаг мэргэжилтэн санал болгох боломж бүрдэнэ. Харин хувь хүн Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх Олон улсын гэрчилгээ авна. Өөрөөр хэлбэл, тэнцсэн хүмүүс Монгол, Япон, Малайз, Тайланд зэрэг оронд очоод шалгалт өгөлгүйгээр, чөлөөтэй ажилд орох боломжтой болох юм. Мөн шалгалтаас хамгийн өндөр авсан хүмүүсийг 7 хоногийн хугацаатай Япон улсаар аялуулж, мэдээллийн технологийн алдартай компаниудтай танилцуулдаг байна.
 
Монгол Улс уг шалгалтыг эх орондоо зохион байгуулаад 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 1500 гаруй мэргэжилтэн оролцож, 130 нь Олон улсын гэрчилгээ гардаж авчээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг