sonin.mn
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  У Сун-ийг хүлээн авч уулзаж, хоёр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
 
Уулзалтын эхэнд  ноён  Элчин сайд хоёр улсын хоорондын хамтын ажиллагаанд эрүүл мэндийн салбар томоохон байр суурь эзэлдэг. Манай улсын талаас алсын зайн оношилгоо үйлчилгээний чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. БНСУ-ын Засгийн газраас  олгож буй  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” барих төсөл хэрэгжиж өнгөрсөн тавдугаар сард шав тавьж барилгын ажил эхэлсэн.  Барилгын ажил хоёр жилийн хугацаанд баригдаж дуусна, гүйцэтгэгчээр Самсунг консорциум шалгарсан. Алсын зайн оношилгоо эмчилгээ сайн хөгжвөл  Монголчууд заавал Солонгос улс руу зорчиж зардал мөнгө, цаг хугацаа үрэх шаардлагагүй дэлгэцээр хараад ажиллах боломжтой гэдгийг онцлов.
 
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарт манай төрийн болон хувийн хэвшлийн олон эмнэлэг амжилттай хамтран ажиллаж байгаа цаашид ч  өргөжнө гэдэгт итгэж байна. Өнгөрсөн хугацаанд БНСУ-д монголын олон эмч мэргэжилтэн сургалтад хамрагдсан. Солонгосын эмч нарын багийг манай улсын эмнэлгүүдэд ажиллуулж харилцан туршлага  судлах хэрэгтэй байна” гэв.
 
Ирэх 10 дугаар сард БНСУ-ын Сөүл хотноо Эрүүл мэндийн салбарын томоохон үзэсгэлэн болох бөгөөд, бусад улс орны эрүүл мэндийн сайд нар оролцох учраас А.Цогцэцэг сайдыг албан ёсоор оролцохыг  урилаа.
 
Ж.Болор
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг