sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. Ирэх ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Хятад улсад болох гэж буй “Их-20”-ийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана гэж Цагаан ордон мэдэгдлээ.
 
Цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш Турк улсад нөхцөл байдал ямар байгаа, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа, Сирийн байдал болон дүрвэгчдийн хямрал зэрэг асуудлуудыг хоёр орны удирдагчид хэлэлцэнэ гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Родес дурджээ.
 
Туркт өнгөрсөн сард цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш Обама, Эрдоган нар анх удаагаа уулзах гэж байгаа нь энэ юм. Уг оролдлого гарсны дараа Вашингтон, Анкарагийн хоорондын харилцаанд тодорхойгүй байдал үүсээд буй энэ үед уг уулзалт болох гэж байна.
АНУ-ын Пенсильвани муж улсад амьдарч буй лалын шашны номлогч Фетулла Гулленыг дагагчид цэргийн эргэлт хийхийг оролдсон гэж Эрдоган үзэж байгаа бөгөөд номлогчийг шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардсаар байгаа юм.
 
Харин АНУ-ын тал холбогдох хууль болон гэрээ хэлэлцээрүүдийг судалж, гэм буруутай эсэхийг нь тогтоосны дараа номлогчийг шилжүүлэн өгөх эсэхээ шийднэ гэсэн байр суурьтай байгаа ажээ.
 
“Их-20”-ийн XI Дээд хэмжээний уулзалт ирэх сарын 4-5-нд Хятадын зүүн нутгийн Ханжоу хотод болно.
 
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг