sonin.mn
РОМ. /PrensaLatina/. Европыг чиглэн Ливийн эргээс хөдөлсөн 6500 орчим хүнийг бид 24 хугацаанд аварлаа гэж Италийн эргийн харуулууд мэдэгдлээ.
 
Италийн Эргийн хамгаалалтын албаныхан твиттер хуудсандаа бичихдээ “бид тус бүсэд нэг хоногийн дотор 40 удаа аврах ажиллагаа явууллаа” гэжээ.
Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Европын Холбооноос явуулж буй “София” ажиллагааны хүрээнд Ливийн хойд эргийн дагуу Италийн тэнгисийн цэргийн хүчнийхэн эргүүл хийж байгаа юм.
 
Хойд Африк болон Ойрхи Дорнодод газар авсан дайн байлдаан, ядуурлаас дайжин Газар Дундын тэнгисийг гатлан Европт очихоор хүмүүс хэдэн мянгаараа амь өрссөн аялал хийсээр байгаа билээ.
 
Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш 272 мянган цагаач Газар Дундын тэнгисийг гатлан Европын Холбоонд очсон бол 3165 хүн тэнгисийг гатлахыг оролдох явцад амь эрсдээд байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг