sonin.mn
ЭДИНБУРГ. /TASS/. Дэлхийн II дайны үед ЗХУ-д тусламж хүргэхээр хөдөлсөн холбоотон орнуудын “Дервиш” гэдэг тусламжийн анхны цуваа Архангельск хотод хүрэлцэн ирсний 75 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ Шотландын нийслэл Эдинбург хотод өнөөдөр болох гэж байна.
 
Амь насаараа дэнчин тавин ЗХУ-д тусламж хүргэх ажиллагаанд оролцож байсан Их Британийн 40 ахмад дайчин уг ёслолд оролцох юм. Эдинбург дахь ОХУ-ын Ерөнхий консулын газраас мэдээлснийг үзвэл, эдгээр ахмад дайчдад Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Ушаковын медаль гардуулах ажээ. Түүнчлэн ёслолын үеэр тус консулын газрын байрнаас эзэн хааны “Британиа” дарвуулт хөлөг онгоцны музей хүртэлх зайд баярын жагсаал болно.
 
“Дервиш” тусламжийн цуваа нь Их Британийн 5 хөлөг онгоц, Нидерландын нэг хөлөг онгоцноос бүрдэж байсан бөгөөд 1941 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ливерпуль хотын боомтоос гарч, Германы тагнуулчдад огт мэдэгдэлгүйгээр 31-ний өдөр Архангельск хотод хүрэлцэн ирсэн байна.
 
1941-1945 оны хугацаанд Британийн цэргийн хөлөг онгоцуудаас бүрдсэн тусламжийн 78 цуваа Баренцын тэнгисээр дамжин Мурманск, Архангельск боомтуудад ирж байв. Тэдгээр хөлөг онгоцууд 5000 гаруй танк, 7000 гаруй нисэх онгоцыг ЗХУ-д тээвэрлэн хүргэжээ. Дайны дөрвөн жилийн хугацаанд тусламж хүргэх ажиллагаанд оролцож байсан Их Британийн 87 тээврийн хөлөг онгоц, 18 байлдааны хөлөг онгоцыг Германы тал живүүлснээр 3000 гаруй усан цэрэг амь үрэгдсэн байна.       
 
Х.Сарнай   
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг