sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /RT/. “Аюулгүй байдал”-ын үүднээс богино даашинз эсвэл банзал өмсөхгүй байх, шөнө орой ганцаараа явахгүй байхыг Энэтхэгээр аялахаар төлөвлөж буй гадаадын эмэгтэйчүүдэд  тус улсын Аялал жуулчлалын сайд Махеш Шарма анхаарууллаа.
 
Мөн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд зорчих гэж байгаа тээврийн хэрэгслийнхээ дугаарын зургийг авахыг тэрбээр гадаадын эмэгтэйчүүдэд уриалжээ.
Өнгөрсөн ням гарагт Агра хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ийм зааварчилгаа өгсөн байна.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “эмэгтэйчүүдэд хэрхэн хувцаслахыг бид заах гэсэнгүй. Харин шөнө орой гарахдаа сэрэмжтэй байхыг тэднээс анхааруулж байна” гэж онцлон хэлжээ.
 
Энэтхэг улсад эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол өдөрт 92 удаа бүртгэгддэг аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг