sonin.mn
АСТАНА. /KAIZNFORM/. Зөвлөлтийн үеийн цөмийн туршилтын талбайг Казахстан улс хааснаас хойш 25 жил өнгөрч байгаатай холбогдуулан Төв Азийн энэ улс цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохыг уриаллаа.
 
ЗХУ 1949 оноос хойших 40 жилийн хугацаанд Семипалатинскийн талбайд 450 гаруй удаа цөмийн туршилт хийжээ. Үүний уршгаар 1.5 сая гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон гэсэн мэдээлэл байдаг. 
 
Даваа гарагт болсон цөмийн зэвсгийг хураах асуудлаарх бага хуралд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев оролцон үг хэлжээ. Тус улсын нийслэл Астана хотноо болсон уг арга хэмжээнд 50 орчим улс, тэдгээрийн дотор Япон болон АНУ-ын төлөөлөгчид оролцсон байна. 
 
Назарбаев хэлэхдээ “хойч үеийнхний аз жаргалтай амьдрал, хөгжил цэцэглэлтийн төлөө дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангижрах хэрэгтэй байна” гэжээ.
Цөмийн зэвсгээс ангижрахын тулд хамтран ажиллаж, дорвитой арга хэмжээ авах, тухайлбал цөмийн зэвсгийг хориглох дүрэм журам гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан Ерөнхийлөгч Назарбаев уриалсан байна.
 
Цөмийн зэвсгийг хориглох гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг ирэх оноос хэтрэлгүйгээр явуулж эхлэхийг НҮБ-ын ажлын хэсэг энэ сарын дундуур НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зөвлөсөн юм.
 
АНУ, ОХУ болон цөмийн зэвсэгтэй бусад улсын төлөөлөгчид уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг