sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы зүүн хойд нутаг руу “Lionrock” гэдэг нэртэй хүчтэй хар салхи 35 км/цагийн хурдтайгаар ойртон ирж байгаа тул иргэний агаарын тээврийн компаниуд дотоодын нислэгүүдээ түр цуцалжээ.
 
Тохокүгийн бүс нутаг болон Хоккайдо аралд байрлах нисэх онгоцны буудлуудад өнөөдөр буух болон хөөрөх нийт 110 нислэгийг цуцалжээ.
Цахим хуудсанд нэвтрэн сүүлийн үеийн мэдээллийг авахыг иргэний агаарын тээврийн компаниуд зорчигчдод зөвлөж байна.
Мөн хар салхины улмаас гатлага онгоц болон завиар тээвэр хийдэг компаниуд үйлчилгээгээ түр зогсоожээ. Түүнчлэн автомашин үйлдвэрлэгч "Тоёота" корпорацийн зүүн хойд нутагт байрлах угсрах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон байна. 
 
Болзошгүй гамшгаас сэргийлэн Иватэ болон Мияги мужууд дахь 920 дунд сургуулийн хичээлийг хаажээ.
“Lionrock” хар салхи өнөөдөр үдээс хойш Японы зүүн хойд нутгаар дайрсны дараа ширүүн бороо орох төлөвтэй байгаа юм.
Тус улсын цаг уурчид хөрсний гулгалт, үер болж, хүчтэй салхи, өндөр давалгаа үүсч, аянга бууж болзошгүй гэж анхааруулж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг