sonin.mn
МХЕГ-ын урилгаар БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Мэй Кө Бао энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
 
Айлчлалын хүрээнд ноён Мэй Кө Бао МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүтэй өнөөдөр уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын хяналтын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, хорио цээрийн хяналтын  талаар ярилцлаа.
 
Уулзалтын үеэр хоёр тал “Монгол Улсаас БНХАУ-д  силимарины  үрийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай”, “Хонь, ямааны махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай”, “Үхрийн махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” хорио цээрийн гурван Протокол, “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны Хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. 
 
Дээрх гэрээ хэлэлцээрийн үр дүнд мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэх  нэг эх үүсвэр болно. Бизнесийн орчинг дэмжихийн зэрэгцээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, нийлүүлэх боломж бүрдэх юм байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг