sonin.mn
РОМ. /TASS/. Италийн музейнүүд өнгөрсөн ням гарагт 610 мянган еврогийн орлого олж, түүнийгээ бүгдийг нь тус улсад өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн хөнөөлийг арилгахад зориулан хандивлалаа. Энэ тухай Италийн Соёлын өв, соёлын үйл ажиллагааны яам мэдээлжээ.
 
610 мянган евро бол зөвхөн улсын мэдлийн музейнүүдийн цуглуулсан хандив юм. Түүний зэрэгцээ, хотын, хувийн болон шашны музейнүүд дээрх яамнаас гаргасан уриалгыг дэмжин хандив цуглуулах аян зохион байгуулж байна.
 
Италийн Соёлын өв, соёлын үйл ажиллагааны яамны сайд Дарио Франческини-гийн гаргасан уриалгыг дэмжиж буй тус улсын 70 мянга гаруй иргэд өнгөрсөн ням гарагт музей үзсэн байна. Музейнүүдийн орлогоос бүрдэх хандивын мөнгийг газар хөдлөлтийн үеэр эвдэрч нурсан соёлын өвийн объектуудыг сэргээн босгоход зарцуулах ажээ. Эрх баригчдын мэдээлснээр, гамшгийн улмаас 900 гаруй хөшөө эвдэрснээс 50 гаруй нь бүрэн нурж сүйдсэн байна.  
 
Байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслах аян янз бүрийн хэлбэрээр өрнөж байна. Тухайлбал, хандив өргөхийг хүссэн хүмүүс гар утсаараа тусгай дугаарт мессеж бичиж болох бөгөөд нэг мессеж бичсэнээр 2 евро хандивлаж байна гэсэн үг. Ийм хэлбэрээр газар хөдлөлт болсон 24-ний өдрөөс хойш 10 сая гаруй еврогийн хандив цуглараад байна.
 
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Италийн төв нутагт 6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 291 хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтэж бэртэн, 2 мянга гаруй хүн орон гэргүй болжээ. 
 
Х.Сарнай
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг