sonin.mn
АДЕН. /Kyodo/. Йемений өмнөд нутгийн Аден хотын цэргийн объектод амиа золиослогч этгээд автомашин дэлбэлсний улмаас наад зах нь 50 хүн амь үрэгдэж, 120 орчим хүн шархаджээ.
 
Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын бүлэглэл өөртөө хүлээсэн байна.Даваа гарагт тус байгууламж руу тэсрэх төхөөрөг ачсан автомашин дайран орсноор дэлбэрэлт болжээ. Уг халдлагыг үйлдсэн амиа золиослогчийн зургийг “Лалын улс” интернэтэд тавьсан байна.
 
Йемен улсад иргэний дайн болж байгаа билээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тус улсын өмнөд нутагт байрлах Засгийн газрын цэргүүд босогчидтой тулалдсаар байгаа юм. Босогчид тус улсын умард нутгийн өргөн уудам газар орныг мэдэлдээ оруулаад байгаа ажээ. Иргэний дайнтай зэрэгцэн “Лалын улс”-ынхан тэргүүтэй хэт давруу үзэлтнүүд тус улсад халдлага үйлдэх нь нэмэгдсээр байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг