sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг, хүний эрхийн хуульч, өмгөөлөгчид Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар өчигдөр 10:00 цагт Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
 
Хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл өгөх үеэрээ “Энэ хууль батлагдаад хоёр хоногийн дараа хэрэгжиж эхлэхэд 40 мянган хүнийг сургах, 70 орчим журам заавар батлах, ШШГЕГ-т 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга барих, ШШГЕГ-т 1500 хүний ажлын байр бий болгох шаардлагатай болчихоод байгаа юм. Эдгээр ажлыг хоёр хоногийн дотор хийх боломжгүй. Тиймээс уг хуулийг хойшлуулах шалтгааны талаар энэхүү мэдээллийг хийж байна” гэдгийг онцлов. Энэ үеэр АН-ын бүлгийн гишүүд болон хүний эрхийн хуульч, өмгөөлөгчид салбарын сайдад нээлттэй асуулга тавихыг хүссэн ч С.Бямбацогт сайд хүлээн зөвшөөрөлгүй хэлэлцүүлгийг орхин гарсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар  санал хэлсэн зарим хүмүүсийн байр суурийг хүргэж байна.
 
 
УИХ-ын гишүүн Л.Болд: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙГООР ХОЙШЛУУЛЖ, ЗАЛЬ ХЭРЭГЛЭЖ БАЙНА
 
-Өнгөрсөн парламентад хийсэн хамгийн том шинэчлэлүүдийн нэг нь эрх зүйн салбарт хийгдсэн. Гэтэл МАН-ын Засгийн газар байгуулагдаад өнгөрсөн 26 жилийн ололтоос ухрах гэж байна. Үүний цаана маш олон хүний эрх зөрчигдөж байгаад бид харамсаж  байна. Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах үндэслэл нь бодитой биш. Ажлын хэсэг дээр байсан холбогдох яамдын төлөөлөл хуулийг сурталчилсан.
 
Ёсчлохоос өөр ажил үлдээгүй гэдгийг хэлсэн. Гэтэл өдөр бүр өөр өөр шалтаг тоочиж байгаад харамсаад барахгүй нь. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгоны  ял өөрчлөгдөнө. Энэ олон шорон, хоригдол байх шаардлагагүй болно. Нэг хүнийг бүх насаар нь хулгайч хоригдол болгох ийм тогтолцоог биш иргэн бүрийг  эргээд нийгэмшүүлдэг тогтолцоог бүрдүүлэхийн тулд эдгээр хуулийг хийсэн. Өөрөөр хэлбэл олон шорон барьж, харгалзагч авах шаардлага байхгүй. Хүчин төгөлдөр болох гэж байгаа хуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хойшлуулж, заль хэрэглэж байна.
 
 
УИХ-ын гишүүн, асан Ц.Оюунгэрэл: ИРГЭНИЙ ЭРХИЙГ БАРЬЦААНД АВЧ БОЛОХГҮЙ
 
-Хуулийн сурталчилгааг хийгээгүй учраас  хэрэгжих хугацааг хойшлуулна гэдэг тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө. Гэтэл өнгөрсөн парламентад байсан эмэгтэй гишүүд шаргал алчуур зүүгээд “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хуультай боллоо” гэж мэдэгдэж байсан. Эдгээр хуулийг хойшлуулснаар есдүгээр сарын 1-нээс эхлээд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн эрх зөрчигдөх гээд байна.
 
Хуульчид бэлэн болоогүй гэдэг шалтгаанаар иргэний эрхийг барьцаанд авч болохгүй. Эргээд хүүхдийн амь нас эрүүл мэнд, хохирогчдын өдөр тутамд амсч байгаа зовлонгоор төлөгдөнө. Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөн барьсан хуулиас зовлон, чарлаан үнэртэж байна. Айл бүрийн хаалганы ард байгаа хэнд ч мэдэгдэхгүй хүчирхийллийг зогсоохын төлөө бид хуулийг санаачилсан.  Хүчирхийллийн дуудлага авсан цагдаа хамгийн түрүүнд тэр айлд очиж арга хэмжээ авдаг, хүүхэд хүчирхийлж байгааг мэдэгдээгүй бол хариуцлага хүлээдэг ийм хуультай болох байсан. Гэтэл харамсалтайгаар хойшлуулах гэж байна.
 
 
Хүний эрхийн хуульч М.Ичинноров: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ МАН-ЫН ЯАМ БИШ ЮМ
 
- Энэ хуулиудыг батлуулахын төлөө сүүлийн дөрвөн жил Хууль зүй, дотоод хэргийн яам хамгийн их чармайлт гаргаж ажилласан. Хууль зүй, дотоод хэргийн сайд асуудлыг хаалттай хэлэлцэнэ гээд гараад явж байгаад нэг зүйл хэлэхийг хүслээ. Хууль зүй, дотоод хэргийн яам бол Монгол Улсын яам. Түүнээс биш МАН-ын яам биш юм.
 
Төрийн алба, төрийн бодлогын залгамж халааг эсэргүүцэж байгаа явдалд эхчүүд, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө дуугардаг бүх хүмүүсийн өмнөөс харамсч байгаагаа хэлье. Зөрчлийн болон Эрүүгийн хуульд хүний эрхийг дээдэлсэн заалтууд орсон. Гэвч хойшлуулж байгаа нь хүний эрхийг дордуулж байна. Энэ өөрчлөлтийг бид эрс эсэргүүцэж байна. Хорихоос өөр төрлийн ял төсөвт харин ч хэмнэлттэй. Шинээр нэг ч шорон барихгүй. Гэрч хохирогчийг хамгаалах газарт байхдаа сайн дураараа сургалт хийж байсан. Тиймээс санаа зоволтгүй. Үүн дээр ганцхан улстөрийн хүсэл эрмэлзлэл дутагдаж байна.
 
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: ТӨСӨВ ЗАРДЛЫН АСУУДЛААР ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДАЖ БОЛОХГҮЙ
 
-Өнөөдрийн ярьж байгаагаас би нэг зүйл анзаарч байна. АН-ын нэртэй юм болгоныг үгүйсгэж болно. Гэхдээ төсөв зардлын асуудлаар хүний эрх, үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид, төрийн албан хаагчдын амьдрал руу халдаж болохгүй. 85000 иргэний орон сууц өмчлөх эрх рүү халдаж болохгүй. Харамсалтай нь бүх зүйл эсрэгээрээ яваад эхэллээ.
 
Төсөв, хүндрэл, зардал гэсэн нэрийн дор  АН-ын хийсэн болгоныг үгүйсгэж,  тэр дундаа хуулийг олонхиороо хүч түрж өөрчилнө гэдэг байж болшгүй зүйл. Бүлгийн дарга аа, Эрүүгийн болон Зөрчлийн хууль түүнийг дагалдах таван процессын хууль бол өмнөх парламентаар батлагдсан хуулиуд гэдэг дээр  АН хатуу байх ёстой. Найруулга сонсох гэдэг бол процессын асуудал. Хэрвээ Засгийн газар асуудлыг зөрчиж оруулж ирэх юм бол огцруулах саналыг АН-ын бүлэг өнөөдрөөс эхлээд тавих хэрэгтэй. Тавих ч ёстой. Хүний эрхтэй холбоотой асуудлаар хууль зөрчин хүчээр түрж орох юм бол ЗГ-ыг огцруулах асуудлыг тавьж, дараагийн асуудал руугаа оръё. 
 
 
Хүний эрх хөгжил төв ТББ-ын тэргүүн Г.Уранцоож: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХ БОЛОМЖИЙГ ХОЙШЛУУЛЖ БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА
 
-Шинэ Засгийн газар гараад Тахарын албыг байхгүй болгочихлоо. Дээр нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг зогсоож байгаа нь дэвшилд хүрэх гэж байгаа бүхнийг бүдгэрүүлж байна гэж харж байна. Иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтай хандаж байгаа учраас нэгдсэн байр сууриа нэгтгэж өгөх шаардлагатай байна. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоох боломжийг хойшлуулж, удаашруулж байгаад харамсч байна.
 
Хэлэлцүүлэг ийнхүү явагдсан. Харин үдээс хойш 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлаар хуралдаж Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хугацааг хойшлуулахыг дэмжсэн юм.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин