sonin.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр  болж, зөвлөгөөнөөр 8 дугаар сарын 15-наас 29-ний өдрийг хүртлэх цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд  мэдээлэл хийлээ.  
 
Нийслэлийн  Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Уламбаяр “Өнгөрсөн хугацаанд  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 68 удаагийн  дуудлага ирснээс объектын гал түймрийн 52  дуудлага,  техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 16 удаагийн дуудлага ирсэн” гэж мэдээллээ. Энэ нь өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 66,6  хувиар, объектын гал түймрийн тоо 65,8 хувиар бурсан үзүүлэлт гэдгийг тодотгов.  Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар  “Нийслэлийн хэмжээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг , зөрчлийн шинжтэй 11 889 мэдээ, мэдээлэл хүлээн авсан. Энэ нь  өмнөх 14 хоногтой харьцуулахад 1126 нэгж буюу 8.7 хувиар буурсан” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт зам тээврийн осолтой холбоотой 2 913 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 160 осол, зөрчлийн шинжтэй 1197 дуудлагаар  ажилласан байна. Зам тээврийн ослын улмаас 6 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулуун, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 348 түргэн үйлчилгээний цэг хяналт шалгалт хийж, 144 зөрчил илрүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэжмээ авч ажилласан гэлээ.  Шалгалтын явцад ТҮЦ-т хоолны газар ажиллуулж байсан  2 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн зохих зөвшөөрөлгүй ажлаа эхлүүлсэн барилга, замын ажлыг түр хугацаагаар зогсоожээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд  Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Өвөлжилтийн бэлтгэл  76.4 хувьтай, инженерийн хангамжийн шугам сүлжээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, нийслэлийн Авто замын газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлууд батлагдсан графикийн дагуу явж байгааг тэрээр хэллээ. Мөн нийслэлийн хэмжээнд  халтиргаа гулгаа арилгах, цас мөс хайлуулах  465.2 тн давс бодис нийслэлийн байгаа. Нэмж 1100 гаруй тн давс, бодис авч нөөцлөх шаардлагатай  байгааг танилцуулав.

Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн нийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээдэл өглөө.  Нийслэлийн хэмжээнд 403 мянган толгой мал байгаагаас 2015-2016 онд Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай, Багануур,Налайх дүүргийн 450 гаруй өрхийн 250 гаруй  мянган толгой мал өөр аймаг, сумдын нутагт өвөлжиж ,хаваржсан бөгөөд энэ онд отроор өвөлжиж, хаваржих малын тоо нь эцэслэгдэн гараагүй байгааг тэрээр хэллээ. Мөн 17.5 тн өвс, ногоон тэжээл 3.7 тн, үйлдвэрийн тэжээл 1 тн давс хужир 20 тн бэлтгэснийг дуулгалаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр  үүрэг даалгавар өглөө.

Тэрээр, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид албан ёсны зөвшөөрөлгүй буулгасан ТҮЦ-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

Нийслэлэд албан ёсны зөвшөөрөлтэй 270, зөвшөөрөлгүй дур мэдэн байрлуулсан 561 ТҮЦ ажиллаж байгаа юм байна.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор их дээд сургууль, болон ерөнхий боловсролын сургуулийн нээлтийн ажиллагаанд зохицуулалт хийж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгалаа.  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 37,38 дугаар тогтоолуудын дагуу барих-шилжүүлэх төрөлтэй  концессын гэрээгээр гүйцтэгэх төслүүдийг зогсоох, эдийн засгийн хүнд байгаа учраас хэмнэлтийн горимд шилжихийг нийслэлийн удирдах ажилтнуудад үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.