sonin.mn
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнгөрсөн баасан гаригт Швейцарийн Женев хотод уулзжээ.
Уулзалтаар Сирийн асуудлыг хэлэлцэж, хоёр тал дайныг зогсоох, бүслэлтэд байгаа Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж оруулах зэрэг олон асуудлыг хэлэлцжээ.
 
Уулзалт хэлэлцээр ямар үр дүнд хүрсэн тухай талууд мэдээлсэнгүй. Харин Жон Керри хэд хэдэн асуудлыг тодорхой болгосон гэж ярьжээ. НҮБ дахь Сирийн тусгай төлөөлөгч Стаффан де Мистура энэ уулзалтыг энхийн хэлэлцээг эхлүүлэхэд түлхэц үзүүлэх чухал уулзалт хэмээн тодорхойлсон юм. Тэрээр энэ сарын 25-нд мэдээлэхдээ Алеппод дайныг түр зогсоох тухай хэлэлцээрт ОХУ-ын тал нэгдэнэ гэсэн. Харин Сергей Лавров Оросын тал хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хүмүүнлэгийн тусламж хүргэх тусгай коридор нээх шаардлагатай гэдгийг мэдэгдсэн.
 
Сирийн иргэний дайныг зогсоох олон улсын уулзалт хэлэлцээ хэд хэдэн удаа зохион байгуулагдсан боловч амжилт муутай байгаа юм. Сирид 2011 оноос хойш өрнөж буй иргэний дайны хөлд 300 мянга орчим хүн амь үрэгдэж, олон сая хүн гэр орноосоо дүрвээд байна. Тус улсын зарим газарт “Исламын улс” бүлэглэл хяналтаа тогтоосон. 
 
Сирийн иргэний дайнд АНУ болон ОХУ нь эсрэг талуудыг дэмжсэн байр суурьтай байдгийн хувьд тэдний зөвшилцөл зөрчлийг эцэслэхэд чухал хувь нэмэртэй.
Сергей Лавров, Жон Керри нар Женевт уул­захдаа сүүлийн үед да­хин хурцдаад байгаа Ук­раины зүүн хэсгийн асууд­лыг ч хэлэлцэнэ гэж яриг­даж байсан. Гэвч уул­зал­тын дараа Украины асууд­лыг хэлэлцсэн эсэх ту­хай мэдээлэл тарсангүй.  
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин