sonin.mn
Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессор Б.Эрдэнэбатыг урилаа.
 
ТУУЛАЙЧЛАХ СЭТГЭЛГЭЭ ОДОО Ч БАЙНА
 
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тухай яривал нэг гарц нь мэдлэгт суурилсан эдийн засагтай болох явдал. Энэ зорилгод хүрэхэд саад тотгор тулгарсаар байна. Гэхдээ бүх нийтээрээ асуудлаа ойлголцон хамтдаа зүтгэвэл одоогийн тулгарч байгаа бэрхшээлийг даван туулах боломж бий. Биеийн амрыг харж, аливаа зүйлийн ард хоцрохыг хүсвэл тийм ч сайн зүйлд хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, галт тэргэнд суух тасалбар авах мөнгөгүй болохоороо туулайчлаад явчихаж болдог гэдэг сэтгэлгээ одоо ч монголчуудад байсаар байна. Энэ нь асуудлыг зөв тал руу нь эргүүлж, гарц гаргалгаа гаргахад урвуугаар нөлөөлж байгаа юм. Байдал хаашаа эргэх нь вэ, эерэг үр дүн гарвал зүгээр сууж байгаад хувь хүртэхийг хүсэх нь хөгжил рүү өгсөх бус ёроол руу живүүлнэ. Тэгэхээр бүх нийтээрээ зүтгэсний дүнд улс хөгжинө гэдгийг хэлмээр байна.
 
ТУЙЛШРАЛ ХӨГЖЛИЙГ БООМИЛНО
 
Бодит байдлыг харж, дүгнэлт хийх ёстой. Хэт туйлшруулж, хазайлгах нь хөгжлийг авчрахгүй. Миний анзаарснаар нэг талыг хэт баримталж, түүнийгээ хүмүүст итгүүлэх гэсэн оролдлого хэт давамгайлж байгаа харагддаг. 1990 оны хэмжээнд очсон ухралт болсон талаар ярьж байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг өнгөрсөн хугацаатай адилтгах нь буруу. Яагаад гэвэл, 1990 онтой харьцуулахад бидний хэрэглээний төвшин дэлхий нийттэй хөл зэрэгцэж чадсан. Бид техник технологийн дэвшлийг ашиглаж байгаа. Бас гудамжаар явж байгаа машин болон хүмүүсийн өмсч, хэрэглэж байгаа бүхэн 1990 онтой харь­цуулашгүй. Тиймээс өнөөдрийн өндөрлөгт хүрсэн амжилт, алдаа дутагдлаа бодитоор нь дүг­нэж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
 
Тэгэхээр ахисан төвшнийг бууруулахгүй, хэрхэн эдийн засаг болоод улсын хөгжлийг хурдан сэргээж, сайж­руулах вэ гэдэгт ухаанаа уралдуулах цаг ирсэн. Бидний хувьд бусдын хүчинд дулдуйдаж ирсэн үе бий. 1990 оноос өмнө эдийн засгийн хамтын нөхөрлөлийн улсууд болон ОХУ-тай харилцаатай байсан. Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 орчим хувь буюу 3/1-тэй тэнцэх хэсгийг гаднаас зээл, буцалтгүй тусламж, худалдааны гэрээ хэлэлцээрээр авдаг байсан.
 
Манай үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнийг эдийн засгийн хамтын нөхөрлөлийн хүрээнд социалист орнууд руу квотоор гаргадаг байлаа. Энэ систем бутран унасан ч үүнээс манай улсад алдаж, оносон олон зүйл бий. Тухайлбал, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хожсон. Үүний дараа 2000 оны эхээр уул уурхайд дулдуйдаж ирсэн. Яагаад гэвэл, уул уурхайг амар олж болох орлого мэтээр харсан.
 
Гэтэл газ­рын доорх баялгийг  бид бий болгоогүй. Уул уурхайн бүтээгдэхүүн цэвэр жингээрээ нийт эдийн засагт 20 хувийг эзэлдэг. Харин үүнийг дагасан бусад үйлчилгээнээс дотоодын нийт бүтээгдэхүүнд эз­лэх хэмжээ нь 10 хувь байна. Үндсэндээ социализмын үед бусад улсаас авч байсан 30 орчим хувийн дэмжлэг, зээл тусламжтай ижил хэмжээний мөнгө уул уурхайгаас орж байгаа хэрэг. Тэгэхээр бид бусдын хүчинд хэт найдаж, дулдуйдаж ирсэн гэдгээ ойлгоод өөрийн хүчинд итгэн хөгжих боломж нь нээгдэж байна.
 
ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ УДИРДАХ ТОГТОЛЦОО АЛГА
 
Эдийн засгийн бие даасан бодлого боловс­руулан хэрэгжүүлж, түүнийгээ хянаж, чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо манай улсад хараахан бүрэлдээгүй байна. Тиймээс эдийн засгийн удирдлагын чадавхийг бүрэлдүүлж, хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Түүхийн хоёр үеэс харвал, социализмын үед Монгол Улсад эдийн засгийн ямар төсөл хэрэгжих вэ гэдэг нь Москвад шийддэг байсан. Тооцоо судалгаа гарган өөрсдийн хэрэгцээг тодорхойлон, хэрэгжүүлж, дараа нь хариуцлага тооцох механизм байгаагүй.
 
Түүний дараа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд тулгуурласан эдийн засаг руу шилжсэн. Үүнийг бид дангаараа хийгээгүй, бусад социалист орнууд энэ систем рүү шилжиж байсан. Тэгэхээр төлөвлөж, тооцож, хэрэгжүүлж, хянах чадавхид маш хурдацтай суралцах ёстой байлаа. Харамсалтай нь маш их алгуурласан. Жишээлбэл, зах зээлийн эдийн засгийг судалдаг, механизмыг нь олон нийтэд таниулдаг сургууль манайд байгаагүй. Социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжилт хийсэн бусад улс орнууд шинээр суурьшуулах эдийн засгийн системийг мэдэхгүй учраас үүнийг зааж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан юм.
 
Ингээд Зүүн Европын улсууд, Хятад, Вьетнамд зах зээлийн харилцаанд эдийн засгийн бодлого хэрхэн хэрэгждэг, яаж хянах вэ гэдэгт суралцах боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт сайн хийсэн байдаг. Харамсалтай нь манай улс үүнийг нь орхигдуулсан. Манай Засгийн газраас албан ёсны хүсэлт гаргасан бол бусад улсуудад хэрэгжсэн томоохон хөтөлбөрүүдийг авч болох байсан. Энэ маш том алдаа. Яагаад гэвэл, уул уурхайгаас орж ирсэн томоохон хөрөнгө оруулалтыг хэрхэн удирдах вэ гэдэг тогтолцоо манайд байгаагүй.
 
Тиймээс завсрын үед шийдвэр гаргасан хүмүүсийн буруу гэж бодож байна. Гэхдээ энэ нь зөвхөн эдийн засгийн удирдлагатай холбоотой асуудал. Үүний зэрэгцээ улс төрийн дарамт бас бий. Эдийн засгийн хувьд амжилттай явж байгаа, шилжилт хийсэн орнуудаас харвал ОХУ-ыг хангалттай хэмжээнд хөгжөөгүй гэдэг шүүмжлэл гардаг.
 
Газрын доорх болон газрын тосны арвин баялагтай ч санаанд хүрэхгүй байна гэлцдэг. Ер нь нийгмийн шилжилттэйгээ хөл нийлүүлэн алхах нь зайлшгүй учраас хурдацтайгаар суралцах хэрэгтэй хэмээн зүтгэсэн орнуудын хөгжлийн төвшин илүү далайцтай байгааг бусад орноос харж болно. Тухайлбал, Вьетнамаас оюутнууд манай улсад ирж суралцдаг байсан шүү дээ. Гэтэл, одоогийн өндөрлөгөөс харвал манайхаас илүү хөгжилтэй явж байна.
 
АЛСЫН ХАРАА ХЭРЭГТЭЙ БАЙНА
 
Бүх нийтээрээ зүт­гэсний дүнд улс хөгжинө гэдгийг дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “А” гэдэг барилгачин өөрийн хийж байгаа хөдөлмөрийн бүтээмжээ өнгөрсөн жилтэй харьцуулан “Х” хувиар өсгөх ёстой.
 
Энэ нь өөрийнхөө хариуцсан ажлыг өмнөхөөсөө илүү богино хугацаанд амжуулах хэрэгтэй гэсэн үг. Аль эсвэл үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ “Х” хувиар чанартай болгож болно. Тухайлбал, оёдолчин цамц оёхдоо шинэ санаа нэвтрүүлж, загварыг нь өөрчилж хийснээр өсөлт авчирч байгаа юм. Төрийн албан хаагчийн тухайд “Х” хувиар илүү чанартай, хүртээмжтэй, бага зардлаар хийгээд эхэлвэл “Х” хувиар эдийн засаг өснө. Ингээд бүх хүн /“Х” гэдгийг таван хувь гэж тооцвол/ гүйцэтгэж байгаа ажлаа өмнөх жилийнхээс таван хувиар өсгөвөл эдийн засаг энэ хэрээр өснө. Тэгвэл энэ жилийн эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай байгаа. Үүн дээр таван хувиа нэмээд 6.4 хувиар эдийн засаг өснө гэж тооцож болно.
 
Мөн эцсийн зорилготой байх ёстой. Хүн бүр бусад улс орны ижил төвшний хүмүүсийн хийж байгаа зүйлийг шинжлэх ухаан, техникийн дэвшлийг ашиглаад мэддэг болсон. Тиймээс тэдний хийж чаддаг зүйлийг адил хэмжээнд хийнэ гээд зоривол улс үндэстэн маш хурдан хөгждөг. Үсрэнгүй хөгжилтэй байгаа улсуудыг харвал алсын хараагаа зөв тодорхойлж, түүндээ хүрэх арга зам, гарцыг эрэлхийлэн хүн бүр хүчин зүтгэсний дүнд хөгжиж байгаа юм шүү дээ.
 
Дүр эсгэсэн эрдэмтэн судлаач, хоосон амласан улстөрчдийг харж, хоосон мөрөөдөж суух нь амжилтад хүрэхгүй. Бие биедээ зохистой шаардлагыг тавьж, хариуц­лага тооцох боломжтой. Тухайлбал, эрдэмтдээс дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцсон эсэх, хэдэн бүтээлийг дэлхий нийтэд хүргэсэн зэргийг нь шаардаж болно. Түүнчлэн өгсөн амлалтаа биелүүлж байгаа эсэх, дөрвөн жилд чухам юу хийсэн бэ гэх зэргээр улс төрчдөд шаардлага тавьж болно. Энэ мэтчилэн хаа, хаанаа шахалт үзүүлж ажлын бүтээмжийг нэмэгдүүлснээр улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулна.
 
Дэлхийтэй өрсөл­дөхийн тулд хувь хүн бүр дэлхийн жишгээр явах ёстой гэдгийг ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Түүний дараа дор бүрнээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд юу хийх вэ гэдгээ зөв тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой.
 
Чадахгүй байж болох ч чадахын төлөө чармайх нь дэвшилд хүргэдэг юм. Ер нь аливаа хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд эцсийн зогсоолоо зөв тодорхойлох хэрэгтэй. Хүн бүхэн тодорхой зорилттой өөрийгөө дээшлүүлж чадвал үндэстэн хөгжинө. Одоо амжилттай явж байгаа орнуудаас харвал алсын хараа хэрэгтэй. Тиймээс бие биедээ шаардлага тавьж харьцуулах хэмжээсүүд хэрэгтэй. Үсрэнгүй хөгжсөн орнууд энэ зарчмаар явдаг.
 
 
 
БЛИЦ:
 
Батаагийн Эрдэнэбат МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор.
 
 
 
АЖЛЫН ТУРШЛАГА:
 
-Эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн
 
Арабын булангийн эдийн засгийн судалгааны төв 2009-2010
 
Ланкастерын Их сургууль
 
-Их Британы Засгийн газрын нэрэмжит
 
докторын дараах судлаач 
 
Манчестерын их сургууль 2007-2009
 
-Эрдэм шинжилгээний ажилтан
 
Манчестерын Их сургууль /Анлийн Төвбанк 2006-2007
 
-Туслах багш
 
Манчестерын их сургууль       2003-2006
 
-Туслах багш
 
МУИС                                   2000-2002
 
СУДАЛГААНЫ СОНИРХОЛ:
 
-Хэрэглээний эконометрик, санхүү, макро болон мөнгөний эдийн засаг
 
БОЛОВСРОЛ:
 
-Эдийн засгийн ухааны доктор / Манчестерын их сургууль, 2007/
 
-Эдийн засгийн ухааны магистер /Манчестерын их сургууль, 2003/
 
-Санхүүгийн магистр /Монгол Улсын их сургууль, 2002/
 
-Санхүүгийн бакалавр /Монгол Улсын их сургууль, 2000/
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин