sonin.mn
ЖАКАРТА. /ВВС/. Суматра арлын сүмийн номлогч руу халдсан нэгэн этгээдийг Индонезийн цагдаа нар мөрдөн шалгаж байна. Тус улсын Хойд Суматра мужийн төв Медан хотод өнгөрсөн амралтын өдөр сүмд хүмүүс мөргөл үйлдэж байхад энэ хэрэг гарчээ.
 
Цагдаа нарын мэдэгдсэнээр, сүмд байсан хүмүүс гэмт этгээдийг дарж авсан бөгөөд хөнгөн шарх авсан номлогчийг эмнэлэгт хүргэсэн байна. Энэ этгээд үүргэвчин дэх тэсрэх төхөөргөө дэлбэлэхийг завдаж, дараа нь хурц үзүүртэй юмаар номлогчийг шархдуулжээ.
 
Тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн туг шиг зураг авч явж байсан гэнэ. Түүнийг лалын босогчдын нөлөөнд автсан гэж цагдаа нар үзэж байна. Сингапурт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан "Лалын улс"-ыг дэмжигчдийг Индонезийн аюулаас хамгаалах хүчнийхэн энэ сард баривчилсны дараа уг хэрэг гарлаа.
 
Г.Доржханд
Сурвалж: “Монцамэ” агентлаг