sonin.mn
Зам , тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-д далайн тээврийг хөгжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах хүсэлт тавьжээ.
 
Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 25-нд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Арнолдтой уулзах үеэрээ дээрх хүсэлтийг илэрхийлжээ. Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хоёр орны улс төр, нийгэм, соёлын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн ч худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлов.
 
Тэрбээр, “Монгол Улсын зам, тээврийн салбар ИБУИНВУ-тай хамтран ажиллаж байсан туршлагатай. Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 2000 онд байгуулсан байна. Мөн МИАТ компани 2012 онд Лондон хот руу нислэг гүйцэтгэхээр төлөвлөж судалгаа хийж, 2013 онд нислэгийн дугаар хамтран эзэмших тухай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийж байна. Монгол Улс нь далайд гарцгүй. Гэхдээ далайн тээврийг хөгжүүлэх, далайн гарцын тоог нэмэгдүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулахад анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ИБУИНВУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.
 
Элчин сайд Кэтрин Арнолд Британийн төрийн байгууллага болон компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах чиглэлд ажиллаж байгаа хэмээгээд “Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд манай зүгээс техник, технологи болон бодлогын хүрээнд хамтран ажиллана. Мөн Их Британийн зам, тээврийн удирдлагуудад таны хүсэлтийг уламжилж, цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлнэ” гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг