sonin.mn
Монголчуудын уламжлалт соёлын нэг ноос ноолууран бүтээгдэхүүнийг өдгөө ч бид хэрэглэдэг. “Cashmere studio” хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулж, ноос ноолууран бүтээгдэхүүний загвар зохион бүтээх талд түлхүү анхаарч буй хамт олонтой уулзсан юм.
 
ХАМТЫН ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ
 
Аливаа зүйлийн суурь хэрхэн бүтсэнээс олон зүйл хамаардаг шүү дээ. Түүний нэгэн адил энэ үйлдвэрийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Биндэрьяа ноос ноолууран бүтээгдэхүүний загвар зохион бүтээх талд 20 орчим жилийг зориулсан нэгэн ажээ. Анх бизнесээ эхлүүлэхдээ гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэйгээр найзынхаа хамт ажиллаж эхэлсэн.
 
Тэрээр “Хамтын хүч оломгүй далай гэдэг. Би үйлдвэрээ байгуулахдаа ноолууран эдлэлийн загвар зохион бүтээгч найзыгаа хамтарч ажиллахыг урьсан юм. Бид загвар зохион бүтээх чиглэлээр олон жил ажилласан давуу талаа ашиглан бусад үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа” хэмээв. Тэгэхээр “Cashmere studio” хоёр найзын идэвх, зүтгэлээр өргөжиж буй гэж болно. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр хичээж буй бүсгүйчүүдийн хатан ухаан ноос, ноолууран эдлэлийн загвараар илэрхийлэгдэх ажээ.
 
 
ГАДАГШАА ГАРГАХ ЗАГВАРЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛЖЭЭ
 
Тус үйлдвэрээр өөрийн өнгө төрхөө то­дор­хойлуулах, эц­сийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсч буй гадаадад амьдарч буй монголчуудтайгаа харилцаа тогтоож чадсан нь тэдний ажлын үр дүн юм. Дотоодын зах зээлд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай эн зэрэг­цэн ажиллахын зэрэгцээ шинэ загвар зохион бусдад санал болгосоор нэг жилийг үдсэн байна. Тиймээс тус үйлдвэрээр загвараа гаргуулья гэсэн итгэлийн цуваа тасрахгүй байгааг Д.Биндэрьяа захирал хэлэв. Одоогоор Америк, Герман улс руу шинэ загвар зохиож өгсөн бөгөөд энэ төрлийн санал ирсээр байгаа аж. Тэдний хэлж буйгаар ноолуур өөрөө эко бүтээгдэхүүн. Тиймээс дотооддоо борлуулахаас гадна гадагшаа экспортод гаргах талд илүү анхаарлаа хандуулж буй. “Cashmere studio”-гийнхон бизнесээ эхлэснээс хойш гадаад зах зээл рүүгээ түлхүү анхаарч ажилласны үр дүнд гурван хэрэглэгчтэй болсон байна.
 
 
ЭЗНЭЭ ОЛООГҮЙ ДЭМЖЛЭГ
 
Төрийн зүгээс баялаг бүтээгчдийг дэмжиж байгааг эзнээ олоогүй дэмжлэг нь үргүй зардал болж хувирдагт харамсч буйгаа “Cashmere studio”-ийн ерөнхий захирал Д.Биндэрьяа хэллээ. Тухайлбал, үйлд­вэр­лэл эрхлэгч бүр адилгүй. Зарим нь техниктэйгээ харьцаж чадахгүй тохиолдол бий. Гэтэл дэмжлэг үзүүлж байгаа нь гээд ашиглаж чадахгүй хүнд дэвшилтэт технологийг өгөх нь оновчгүй. Хэрэв судалгаа сайн хийсэн бол бүтээмж гаргах боломжтой. Хамгийн гол нь үйлдвэрлэлээ судалж техникээ нийлүүлэх хэрэгтэй гэсэн юм.
 
Хэрэв үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж ашиг орлого олж байгаа бол татвар төлөх нь зүйн хэрэг. Харин үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэж байгаа бол уян хатан татварын систем ажиллаж, бодлогоор дэмжих нь оновчтой байна гэдгийг үйлдвэрлэгчид, бизнесийнхэн хэлдэг. Тэд ч мөн санал нэг байгаагаа хэллээ. Тэдний хувьд үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнээ зөв эргэлдүүлж л хөрөнгө босгож байна. Сүлжмэл эдлэлийн үйлдвэрийн нэн түрүүнд хэрэглэдэг зүйл нь ноосон утас. Түүхээ эдээ дотоодоос авах сонирхол байдаг хэдий ч чанарын шаардлага хангах утас ээрч чадахгүй байгааг тэд онцоллоо.
 
 
Ю.Нямгэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин