sonin.mn
Афгаистаны нийслэл Кабул хот дахь Америкийн их сургуульд энэ сарын 24-ний орой зэвсэглэсэн этгээд халдсан байна. Афганы цэргийнхний явуулсан тусгай ажиллагаа 10 цаг үргэлжилж хоёр хэт даврагчийг устгажээ.
 
Их сургууль руу дайрсан этгээд эхлээд автомашиныг дэлбэлж улмаар Афганы тусгайн цэргүүдтэй буудалцаж эхэлсэн байна. Буудалцаан эхлэхэд олон зуун оюутан багш нар их сургуулиас зугтан гарчээ. Афганистаны элитийн тусгай хүчнүүд АНУ болон НАТО-гийн цэргийн зөвлөхүүдийн тусламжтайгаар их сургуулийн барилгыг бүсэлж дараа нь дотогш нэвтэрсэн байна.
 
Шөнөжингөө буудал­цаан болж, хоёр зэвсэгт этгээдийг устгажээ. Буудалцааны үеэр их сургуулийн хамгаалалтын албаны нэг ажилтан амь үрэгджээ. “Ассошейтед пресс” агентлагийн мэдээлснээр халдлагын улмаас долоон хүн амь үрэгдэж, арваад хүн шархадсан байна.
 
Цагдаагийнхны мэдээлснээр их сургуу­лиас 500 гаруй оюутныг гаргажээ. Одоогоор халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа. Халдлага эхлэх үеэр их сургуулийн дотор байсан гэрчүүдийн нэг Роман Дехсабзал хэмээх оюутан “Эрх чөлөө” радиод ярихдаа “Их сургуулийн байрны гадаа амиа золиослогч өөрийгөө дэлбэлж бусад нь дотогшоо дайран орсон. Эхлээд хүчтэй дэлбэрэлт болж, цонхнууд хагарсан. Дараа нь буудалцаан эхэлж, нэг найз маань шархадсан. Би өөрөө хоёр хүний хамтаар цонхоор үсэрч зугтсан” гэжээ.
 
2006 онд байгуулагдсан Америкийн их сургуульд 1700 оюутан сурдаг. Хоёр долоо хоногийн өмнө их сургуулиас Австрали, Америкийн хоёр багшийг зэвсэгт этгээд хулгайлжээ.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин