sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
 
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.25/ хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайЗөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн хэлэлцэх эсэх тухай байв.
 
 
УИХ Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр, Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
 
Харин шинээр батлагдсан дээрх хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулиудын хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр хуулийн төслүүдийг боловсруулжээ.
 
Дээрх асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцлээ
 
 
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалт, 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
 
Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй..”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй. Ингээд Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн заалт тус бүрээр нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн.
 
 
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
 
Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хэлэлцээд УИХ-аас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “... Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн байна хэмээн үзжээ. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх цэцийн дээрх шийдвэрийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн юм.
 
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болж, иргэн Р.Очирбал, Ц.Монгол нарын мэдээллийн дагуу Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэжээ.
 
Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэц УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “ ... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …” гэснийг тус тус зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын“хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн дүгнэсэн байна. Үндсэн хуулийн дүгнэлттэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн заалт тус бүрээр нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм.
 
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан.
Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.
 
Хууль батлагдсанаар хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмч барьцаалах замаар хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн.
 
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах нь чухал ач холбогдолтой юм. Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа боловч уг цахим санг байгуулахад шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдээгүй байна гэлээ.
 
Тиймээс хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа тул хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.