sonin.mn
Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний  95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
 
Одоогоос 95 жилийн  тэртээх энэ өдөр буюу 1921 оны наймдугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх байгууллагыг байгуулж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон Монголын залуучуудын байгууллага анхны үндэс сууриа тавьж байжээ. Монголын Залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүрт нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран, үе үеийн залуучуудын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаагаар  намтар баян түүхтэй.
 
Энэ их түүхийн үргэлжлэл болсон Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн наймдугаар сарын 25-ныг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэсээр  ирсэн. Анх 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын анхны залуучуудын байгууллага болох “Бошгыг халах залуучуудын эвлэл” байгуулагдаж байсан учир тус түүхэн өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон юм.
Залуучууд энэ түүхт баяраараа Монголын залуучуудын анхны байгууллагыг санаачилж шанг нь татаж байсан  гавьяатнуудын  нэг болох жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
 
Ойн хурлын үеэр  салбар салбартаа амжилт гаргаж, тив дэлхийд Монголоо дуурсгаж буй шилдэг тэргүүний залууст шагнал гардуулсан юм.
Мөн 95 жилийн ойн баярын хурал, концерт, МХЗЭ, МЗХ-ны үе үеийнхний түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аялал зэрэг сонирхолтой арга хэмжээгээр үргэлжлэх юм.
 
Түүнчлэн МЗХ-ны одоогийн төлөөлөл болон МХЗЭ-ийн үе үеийн төлөөлөгчид оролцсон галт тэрэгний аялал өнөөдөр Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийн чиглэлд аялах аж.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг