sonin.mn
Монголын автозамчдын үйлдвэрчний эвлэлийн хороо (МАЗҮЭХ)-ноос Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Зам тээврийн сайд Д.Ганбат нарт 2015 онд “Гудамж төсөл”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг нэн дариу өгөх шаардлага хүргүүлжээ.
 
Уг шаардлагад, “Монгол Улсын авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, замчдын эрхийг хамгаалах түр хорооноос 2016 онд улсын чанартай авто зам засвар арчлалтын ажилд 55 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулсан. Үүнийг төрөөс танаж, 8 тэрбум төгрөг болгон төсөвт тусгасан. Товчоор хэлбэл төсвөөс авто зам засвар арчлалтын ажилд олгохоор баталсан 8 тэрбум төгрөг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 28 компаний 1000 гаруй ажилтны цалинд ч хүрэхгүй.
 
Үүний улмаас замын компаниудын үйл ажиллагаа удааширч, улмаар өрийн дарамтад орлоо. Иймд төреөс хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан замын ажлыг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэх, 2015 онд Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсан “Гудамж төсөл”-ийн хүрээнд  хэрэгжүүлсэн хувийн өмчит 22 компанид хийж гүйцэтгэсэн ажлынх нь санхүүжилт болох 7,5 тэрбум төгрөгийг олгохыг шаардаж байна” гэжээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг