sonin.mn
Ардчилсан нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, алдаа оноо, ололт амжилтаа хуваалцах зорилго бүхий Ардчилсан шилжилтээс суралцах нь” форум өнөөдөр эхэллээ.
 
Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх уг форумыг ГХЯ, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) хамтран зохион байгуулж байгаа юм. Форумд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын Дэд дарга Фадли Зон, Судан, Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгч Николас Хайсом, Непал улсын Сонгуулийн комиссын дарга асан Бхожраж Покхарел нарын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
 
Ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах нь Монгол Улсын үндсэн хууль болон гадаад бодлогын тулгуур үндсэн зарчим болохыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил форумын нээлтийн үеэр онцлоод “1995 онд дэлхий дахинд тогтвортой ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан АСДҮОУХ-г энэ жил Монгол Улс даргалж байгаа. Өнгөрсөн онд тус хүрээлэнгийн даргаар Швейцарь Улс сонгогдож, “Ардчиллыг гүнзгийрүүлэхэд хариуцлага чухал” сэдвийн дор хурлаа явуулж байсан бол бид “Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдвээр зохион байгуулж байна. Өөрийн орны ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлэээр хийсэн ажил, туршлагаа бусад улсуудтай хуваалцан хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв.
 
Форумд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Монгол Улсын ардчилал” сэдвээр үндсэн илтгэл тавьж, ардчиллын замнал, ололт амжилт, сургамжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш эдүгээг хүртэл ардчиллыг хөгжүүлэх чиглэлд тууштай тэмцэж ирснийг онцлоод “Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 26 жил болж байна.
 
Эгнээндээ дэлхийн 110 гаруй орныг нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалсан, “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийг үүсгэн байгуулсан зэрэг монгол Улсын ардчиллын төлөө хийсэн хэд хэдэн бодит ажил бий.  УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нийт сонгогсчдын 73.58 хувь нь саналаа өгсөн. Энэ нь анхны ардчилсан сонгуулиас хойш тогтмол буурч байсан сонгогчдын өссөн нааштай үзүүлэлт болсон юм. Мөн энэ сонгуульд нийт нэр дэвшигчдийн 26 хувь буюу 129 нь эмэгтэй байсан. Үүнээс 13 эмэгтэй УИХ-д сонгогдсон нь Монголд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, жендерийн тэгш эрхийг хамгаалах чиглэлд хийсэн хууль, эрхзүйн орчныг бүрдүүлсний үр дүн юм” хэмээв.
 
Форумын үеэр “Үндсэн хуулийн шинэчлэл,өөрчлөлт”, “Ардчилсан шилжилтэд аюулгүй байдлын гүйцэтгэх үүрэг”, “Манлайллын үүрэг, нийгмийн хөдөлгөөн”, “Ардчилсан шилжилт дэх эмэгтэйчүүдийн үүрэг”, “Олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг” зэрэг сэдвээр үндсэн 5 хуралдаан болох юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг