sonin.mn
РОМ. /ВВС/. Италийн төвийн нутгийн уулархаг бүсэд лхагва гарагт газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 150 гаруй болж нэмэгдээд байна. Байшин барилгуудын нурангинд дарагдсан хүмүүсийг эрэх болон аврах ажиллагаа ид өрнөж байна.
 
Тус улсын төвийн нутгийн Лацио мужийн Аматриче хот болон өөр гурван мужийн нутаг дэвсгэрийг хамарсан 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Албаны хүмүүсийн хэлснээр, газар хөдлөлтөд өртөн амь эрсэдсэн хүмүүсийн тоо 159 болоод байна.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Аматриче хотын бараг бүх байшин барилга газартай тэгширчээ. Нураагүй үлдсэн барилгуудын хана нь цуурах зэргээр эвдрэл үүссэн байна.
 
Тус хотын бараг бүх оршин суугчдыг хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн болон бусад аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ.
Сураггүй байгаа хүмүүсийн талаар Италийн Засгийн газар хараахан албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа боловч аврах багийн ахлагч хэлэхдээ “газар хөдлөлтийн улмаас их хэмжээний гарз хохирол учирсан. Олон хүн нурангинд дарагдсан байж болзошгүй” гэлээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг