sonin.mn
БОАЖ-ын  сайд Д.Оюунхорол БНСУ-ын Ассамблейн гишүүн Ким Сон Чан, Ви Сон Гунь, Жон Инь Хуа нартай уулзаж Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн үр дүн, шар шороон шуурга болон цөлжилтөөс сэргийлэх төсөл, хоёр орны хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцлоо.
 
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтын эхэнд “Ногоон хэрэм” төсөл Монгол Улсад их үр өгөөжөө өгсөн.төслөөр дамжуулан шар шороон шуурга, цөлжилт зэрэг байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэхэд манай хоёр  улсын хамтын ажиллагаа төдийгүй зүүн хойд Азийн ойн хамтын ажиллагаа өргөжих боломж байгааг онцлов.
 
Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн  цөлжилттэй тэмцэх ойн зурвас байгуулах ажил нь ихээхэн үр дүнгээ өгчээ. Орон нутгийн иргэдийн экологийн боловсрол, байгаль орчинтой хандах хандлага өөрчлөгдөн сайжирч, иргэн бүр өөрийн эзэмшлийн газартаа мод тарьдаг болсон байна.
 
 Мөн УИХ-аар батлуулсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг баримт бичигтэй холбогдуулан цөлжсөн бүс нутгийг ойжуулах төслийн хүрээнд олон улсын байгуулага, бусад орны дэмжлэг тусламжтайгаар  хэрэгжүүлэхийг зорьж байгаа гэдгийг сайд Д.Оюунхорол хэллээ. Уг  баримт бичигт Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 8,3, 2030 онд 9,0 хувьд хүргэхээр зорилт тавьсан гэжээ.
 
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд ойн зурвас ойжуулалтын ажлын хүрээнд хувь хүний бодол сэтгэлгээ өөрчлөгдөнө гэдэг том ололт юм. Ойгоо хөгжүүлж хамгаалж чадсан улс таатай амьдрах орчин нөхцөлийг бий болгодог” гэлээ.
 
БОАЖЯ, БНСУ-ын Ойн албатай 2006 онд шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх хамтарч ажиллах гэрээг байгуулсан. Үүний хүрээнд  хэрэгжүүлсэн 2007 оноос Монгол-Солонгосын “Ногоо хэрэм” төслийн хүрээнд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумдад нийт 2646 га талбайд заган ойжуулалт ойн зурвас байгуулжээ гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ