sonin.mn
НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгээс “Монгол Улсын хүүхдийн орлогын болон олон хэмжээст ядуурал” судалгаа хийжээ.
 
Олон хэмжээст гэдэг нь өрхийн орлогын ядуурлаас гадна хүүхдэд дутагдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл ахуй, хүнсний хомсдол, ундны усны хүртээмж зэргийг судалдаг байна.
 
Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэн уг судалгааг хийхдээ ҮСХ-ны Өрхийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг ашиглажээ. Тухайлбал, 2012 онд Монгол Улсын орлогын ядуурлын түвшин 27.4 хувьтай байсан бол дараа жил нь 21.6 болж буурчээ. Гэхдээ нийт хүүхдийн 30.1-36,5 хувь нь ядуурлын шугамнаас доогуур орлоготой өрхөд амьдарч байгаа юм.
 
Ядуу өрхийн хүүхдүүд өндөр орлоготой айлын хүүхдүүдтэй харьцуулахад цэвэр ундны эх үүсвэрийн хангамж 10-11 хувиар бага, боловсролын түвшин доогуур, бусад өөрийгөө хөгжүүлэх үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь судалгаанаас тогтоогджээ. Монгол Улсын хүүхдийн сургуульд хамрагдах тоо нь бусад оронтой харьцуулахад харьцангуй сайн байгаа хэдий ч сургалтын орчин, чанар зэрэг нь дутагдалтай байгааг Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Крис де Ньюбург онцлов.
 
Мөн 0-23 сартай хүүхдийг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнээр хооллох тохиолдол их байгаа нь бага насны хүүхдийг хооллох зөв дадал суугаагүй байгааг харуулж байгаа юм. Нярай үедээ эхийн сүүгээр дагнан хооллоогүй хүүхэд бие бялдар, суралцах чадвар удаашралтай байдаг аж. Энэ нь ирээдүйд эх орноо удирдан чиглүүлэх залууст сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.
 
Шинжилгээнээс үзэхэд Монгол Улсын 0-23 сартай хүүхдинй 6 хувь, 24-59 сартай хүүхдийн 12 хувь нь өсөлт хоцролттой гэсэн дүн гарчээ. Энэ мэтчилэн нийт хүүхдийн 60-66 хувь нь гурваас доошгүй гачигдалд өртөж байгаа юм.Гачигдал ихэвчлэн хөдөө орон нутагт, тэр дундаа баруун болон хангайн бүсэд байгаа аж. Тиймээс Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудыг өрхүүдийг зөвхөн орлогын ядуурлаас хамгаалах бус бусад олон хэмжээст гачигдлаас сэргийлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг НҮБ-ын Хүүхдийн сан, Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгээс зөвлөв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг