sonin.mn
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц, шийдлийг тодорхойлох, Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилго бүхий “Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо” өнгөрсөн долоо байгуулагджээ.
 
Тус холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Ангартай уулзаж, байгууллагынх нь үйл ажиллагааны талаар болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжийн талаар ярилцлаа.
 
-“Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо”-ны зорилго юу вэ?
 
-Эдийн засгийн хямралыг даван туулах хамгийн зөв гарц бол  Хөрөнгийн зах зээлийг эрчимэй хөгжүүлэх юм. Манай холбоо өнөөгийн санхүүгийн системд таван хувийг эзэлж байгаа хөрөнгийн зах зээлийг амь оруулах, шударга өрсөлдөөн бий болгох зорилготой. Мөн иргэд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хувийн хэвшилд суурилсан шинэ хөрөнгийн бирж байгуулах зорилготой юм.
 
-Энэхүү холбоо нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ?
 
-Манай холбооны дунд хугацааны зорилт нь хувийн хэвшилд суурилсан шинэ хөрөнгийн биржийг байгуулах нөхцлийг бий болгож дотоодын хөрөнгийн зах зээл дэх өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Ингэснээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулж, үнийг бууруулах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгох юм. Түүнчлэн Нью Йорк, Лондон зэрэг санхүүгийн төвүүдэд бизнес уулзалт, форум зохион байгуулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголтой холбоход гүүр болох чиглэлээр ажиллана. Мөн мэргэжлийн холбоо бус олон нийтэд чиглэсэн, нээлттэй гишүүнчлэлээр үйл ажиллагаа явуулна.
 
-Санхүүгийн хэрэгсэлүүдийг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэнэ гэлээ. Үүний  хүрээнд ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?
 
-Холбооны зүгээс зах зээлд шинэ бүтээгдэхүүн, санаачлагуудыг нэвтрүүлэх ажлын хүрээнд хөрөнгийн зах зээлтэй холбоотой анхан болон дунд шатны сургалтуудыг тогтмол явуулна. Мөн Репо арилжаа, Краудфандинг, Санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, Эрсдлийн удирдлагын хэрэгслүүд (фьючерс, форвард, опционы арилжаа), Биржийн гадуурх отиси  (OTC) арилжаа, Хувьцааны богино арилжаа (shortselling ), орон нутагт хөрөнгийн зах зээлийн өдөрлөг зэрэг олон ажил төлөвлөсөн.
 
-Эдийн засгийн хямралаас гарах ямар боломж байна вэ?
 
-Эдийн засгийн хямрал гүнзгийрсэн энэ үед бизнесүүдэд банкнаас хүү багатай эргэлтийн хөрөнгө зээлэх нь юунаас  ч чухал болоод байна. Гэтэл өнгөрсөн 7 хоногт Монголбанк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэн өсгөсөн нь хөрөнгө оруулалтын орчныг улам доройтууллаа. Хэдийгээр олон бэрхшээл тулгамдаж байгаа ч Монголын хөрөнгийн зах зээлд боломжууд хараахан хаагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, гадаад төдийгүй дотоодын хөрөнгийн зах зээлээс бизнес эрхлэгчид хямд эх үүсвэртэй санхүүжилт татах, улмаар ганц тулгуурт өнөөгийн санхүүгийн системийн бүтцийг өөрчлөх, хөрөнгийн зах зээлээ өргөжүүлэх замаар эдийн засгийн хямралыг гэтэлгэх боломж бидэнд байна.
 
-Монгол улсын санхүүгийн систем ямар бүтэцтэй вэ?
 
-Монголын санхүүгийн систем нь сүүлийн 25 жилийн туршид арилжааны банк хэт давамгайлсан бүтэцтэй явж ирлээ. Нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг арилжааны банкууд, үлдсэн 5 хувийг Хөрөнгийн бирж болон санхүүгийн бусад үйлчилгээ бүрдүүлж байна. Үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүд санхүүжилтийн цорын ганц эх үүсвэртэй болсон юм. Бизнесийн дундаж зээл 2 хүртэлх жилийн хугацаатай, сарын 2-3 хувь, жилийн 24-36 хувийн хүүтэй байгаа нь аж ахуй эрхлэлтийг дэмжих биш харин эсрэгээр өрийн сүлжээнд оруулдаг систем болж хувирлаа. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд жилд 10 гаруй их наяд төгрөгийн зээлийг ашигладаг. Зөвхөн хүүнд 2 их наяд гаруй төгрөг төлж байна. Мөн чанаргүй зээл буюу аж ахуйн нэгжүүдийн банкиндаа хуваарийн дагуу төлж чадахгүй байгаа зээл нь сүүлийн 2 жилд эрс нэмэгдэж 1 их наяд төгрөг давсан нь санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага нэгэнт ирснийг илэрхийлж байна.
 
-Санхүүгийн системийн Олон улсын стандарт ямар байдаг вэ?
 
-Аливаа улсын эдийн засгийн хөгжилд санхүүгийн системийн тогтолцоо маш чухал үүрэгтэй. Яагаад гэвэл аливаа үйлдвэрлэл явуулах аж ахуйн нэгж, бүтээн байгуулалт бий болгох төслүүдэд хамгийн шаардлагатай зүйл бол хямд урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэр байдаг. Өндөр хөгжилтэй улсуудын санхүүгийн тогтолцоог үзэхэд урт хугацаатай, богино хугацаатай  санхүүжилтын талбар болон санхүүгийн бусад үйлчилгээ гэсэн гурван  толгой хөлтэй байдаг. Урт хугацаатай санхүүжилтын талбар гэдэг нь бусад улс орны  хөрөнгийн зах зээл юм. Богино хугацаатай  санхүүжилтын талбар банкны салбар. Ерөнхий харилцааг нь авч үзвэл хөрөнгийн зах зээл  нийт зах зээлийн 40 хувийг эзэлнэ. Банкны сектор 30 хувь, үлдэх 30 хувийг санхүүжилтын бусад салбарууд эзэлвэл тухайн улсын санхүүжилтын систем зөв байна гэж үздэг.
 
-Санхүүжилтийн зохистой хэлбэр хувьцаа гэж ярьдаг.  Гэтэл  иргэд хувьцааг  1990 оны ягаан цэнхэр тасалбараар төсөөлдөг. Энэ нь юутай холбоотой вэ?
 
-Монгол Улсад хувьцааны санхүүжилт хөгжиж эхлээгүйтэй холбоотой. санхүүжилтийн хамгийн зохистой хэлбэр нь хувьцаа гэдэг нь нэгэнт батлагдсан. АНУ, Их Британи, Япон зэрэг улсуудад аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хамгийн том талбар нь хувьцааны бирж (StockExchange) байдаг. Жишээ нь, New York Stock Exchange, London Stock Exchange, Tokyo Stock exchange (бүгд хувьцааны бирж юм). Эдгээр улсын хувьд хувьцааны санхүүжилт нь ДНБ-ны 100-200% тэнцдэг юм. Аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болсон хувьцаагаар үндсэн болон хүүгийн төлбөрийн дарамтгүй, ашигтай ажиллаж эхэлсэн үедээ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараадаг. Энэхүү бүтэц нь шинээр эхлэж байгаа болон хүчин чадлаа нэмэгдүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хамгийн зохистой санхүүжилтийн хэлбэр юм.
 
-Монгол улсын хөрөнгийн зах зээлийг хэрхэн харж байна вэ?
 
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төрийн бодлогогүй, Хөрөнгийн бирж нь институцийн хувьд бэхжээгүй, Санхүүгийн зохицуулах хорооны болон зах зээлийг зохицуулж буй хууль эрх зүйн орчин нь хэт хатуудсан тул хөгжихгүй байсаар байна.Хөрөнгийн бирж нь ашгийн төлөө бизнесийн байгууллага байдаг учраас өрсөлдөх чадвартай болохоос гадна шинийг санаачилж ажилладаг. Гэтэл Монгол Улсад хөрөнгийн бирж 100 хувь төрийн өмч байдаг болохоор өрсөлдөх чадвар багатай байна.
 
-Хөрөнгийн зах зээлийн эцсийн зорилго юу вэ?
 
 Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эцсийн зорилго нь тухайн улсын иргэн бүр хөрөнгө оруулагч болох  юм. Тухайн улсад ашигтай байгаа бизнесийнхаа хувьцаа эзэмшигч нь болж, түүгээрээ дамжуулаад жил болгон ноогдол ашиг олох боломжийг хөрөнгийн зах зээл нээж өгдөг.  Жишээ нь  Дундаж Америк иргэнийг авч үзвэл нийт насанд хүрсэн иргэдийнх нь 50-60 хувь нь  хөрөнгийн зах зээлтэй холбоотой байдаг. Ингэснээр тогмол орлоготой болдог. Монгол улсын хувьд зөвхөн цалингийн орлоготой байна. Иимээс бид дотоодын  хуримтлалын хөрөнгө бий болгоно.
 
М.Дайриймаа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг