sonin.mn
Үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг ЕБС-ууд худалдаж авах шаардлагыг БСШУСЯ-наас тавьж байгаа бөгөөд үнийн хувьд бүрэн хослол нь 39-108 мянган төгрөгийн хооронд байна.
 
Энэ хичээлийн жилд зөвхөн нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд шинээр элсэн суралцана. 2013-2014 оны хичээлийн жилд анх хэрэглээнд нэвтрүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд дотоодын хөрөнгө оруулалттай долоон компани албан ёсоор оролцож байна. Эдгээр компани нийслэлийн Төрийн өмчийн сургууль болон аймгуудын сургуулийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийг хариуцаж байгаа юм.
 
Сурагчийн дүрэмт хувцасыг аль компани, үйлдвэрээс сонгон авахаа тухайн сургууль өөрөө шийднэ. Сурагчийн дүрэмт хувцас хөвөн даавуун материалтай, хоёр жилийн эдэлгээ даах чанарын үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай юм.
 
Үйлдвэрүүд үндсэн захиалгын бүтээгдэхүүнээ зах зээлд хичээлийн жилийн эхэнд нийлүүлж, бусад улиралд бүтээгдэхүүнээ бага, багаар үйлдвэрлэн нөөцөлдөг байна.
 
Оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төмөр трейд” компани одоогоор 57 мянган сурагчийн дүрэмт хувцаснаас гадна сурагчдын спортын хувцас 350 мянган ширхэгийг үйлдвэрлэжээ.
 
Д.Өлзий

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг