sonin.mn
Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын ачаа тээврийн туршилтын цувааны хаалтын арга хэмжээ энэ сарын 24-нд Улаан-Үд хотод болно.
 
Туршилтын тээвэр нь Улаан Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан- Улаанбаатар-Сайншанд- Замын Үүд- Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэж буй юм. Нийт 1580 км урт зам туулах туршилтын тээврийн явцад газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох юм. Тиймээс Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын авто тээврийн салбарын холбогдох шатны албан тушаалтнууд, Замын цагдаагийн газар, эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд засвар үйлчилгээ үзүүлэх баг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
 
Ази, Европ хоорондын чингэлгийн 90 гаруй хувийг далайгаар тээвэрлэдэг аж. Энэ нь автозамын тээврээс 2 дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд туулдаг байна. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрдөг. Тиймээс эдийн засгийн коридорыг байгуулснаар шатахуун, цаг хугацаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.
 
Ч.Ариунболд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг