sonin.mn
БЭЭЖИН. /GlobalTimes/. Монгол Улс энэ сард эдийн засгийн асуудлуудыг онцолж байна. Тус улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн мягмар гарагт телевизээр мэдэгдэл хийхдээ “бид цалин тэтгэвэр тавих болон засгийн газрын харьяа байгууллагуудын урсгал зардлыг санхүүжүүлэх мөнгөгүй болж болзошгүй нөхцөл байдалтай тулгарч байна” гэсэн юм.
 
Үнэндээ бол, Монголд эдийн засгийн хямрал нүүрлэсээр ирсэн. Нүүрс болон бусад ашигт малтмалын экспортоос хараат Төв Азийн бусад улсын эдийн засаг ч ялгаагүй ашигт малтмалын үнээс ихээхэн хамааралтай байдаг учраас эдийн засаг нь эрсдэлд орох нь түгээмэл.
 
Өдгөө нүүрлээд буй эдийн засгийн хямрал нь олон улсын зах зээлд ашигт малтмалын үнэ унасантай шууд холбоотой. Цөөн хүн амтай Монгол шиг улсуудыг хүн ам олонтой бусад улстай харьцуулахад олон улсын эдийн засгийн эрсдлүүдэд илүү өртөмтгий байдаг.
 
Монголын байнга төвийг сахих байр суурь нь тус улсын эдийн засагт эерэг болон сөрөг үр дагаврын аль алиныг нь авчирсан. Ер нь бол, Монгол шиг жижиг улс орнууд өөрсдөө хөл дээрээ баттай зогсч, улс орноо хөгжүүлэхийн тулд гаднаас дэмжлэг тусламж авч байдаг. Харин Монголын төвийг сахисан байр суурь нь ОХУ болон БНХАУ-ын хооронд хавчуулагдан оршдог тус улсын энэ боломжийг үгүй хийж, Орос болон Хятадын хооронд тээнэгэлзсэний улмаас Монгол нь тус хоёр улсын аль алинаас нь эдийн засгийн хувьд үр өгөөж хүртэж ч чадахгүй, хоосон хоцорч байна.
 
Үнэн хэрэгтээ, Хятадад илүү тал засч байсан бол Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс хавьгүй илүү сайн үзүүлэлттэй байх байлаа. Учир нь Орос эдийн засгийн “тасалдсан” бүтцийн улмаас өөр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх нь байтугай өөрийнх нь эдийн засгийн хөгжил бусад улсаас хамааралтай болоод байгаа билээ. Харин Хятадын эдийн засаг бол өөр замаар яваа.
 
Монголын ашигт малтмалын салбарт Хятадын компаниуд үйл ажиллагаа явуулах нь нэмэгдэж байгаад дурамжхан байгаа Япон болон Өмнөд Солонгос Бээжин-Улаанбаатарын ашиг малтмалтай холбоотой гэрээ хэлэлцээрүүдэд саад болохыг оролдсоор байна. Хятадын олон аж ахуй нэгж Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг ч Хятадын компаниудын олон төслийг зогсоосон. Үүний улмаас Монголын эдийн засагт ихээхэн хохирол учирсан билээ.
 
Эдийн засгийн тэнцвэргүй бүтэц болон гадаад хүчин зүйлс Монголыг эдийн засгийн хямралд ороход нөлөөлсөн. Монгол Улс эдийн засгийн бүтцийн дутагдалтай талыг засч залруулахын тулд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг өөртөө давуу тал болгон ашиглах хэрэгтэй байсан боловч боломжийг алдлаа.
 
Одоо Монголын Засгийн газар цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй байгаа олон сорилттой тулгарч байна. Инфляциас гадна засгийн газрын зардал болон өрийн асуудалтай байгаа Улаанбаатарын эрх баригчид улс орныхоо эдийн засгийн бүтцийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болжээ.
 
Хэрвээ бусад улс Монголд эдийн засгийн яаралтай тусламж үзүүлбэл санхүүгийн хүндрэлээс түр зуур гарах боловч улс орны эдийн засгийн хямралыг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй.
 
Харин тус улс эдийн засгийн хүндрэлийг даван туулах санхүүгийн боломжгүй бол бусад улсад хандан тусламж хүсэхээс өөр аргагүйд хүрнэ. Мөн тус улс эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлагатай байна.
 
Ирээдүйн хөгжлийнхөө тусын тулд Монгол Улс БНХАУ-тай харилцаагаа өөрчлөн сайжруулах хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьд Монгол Улс эдийн засгаа солонгоруулахын тулд дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.
 
Монголтой эдийн засгийн адил бүтэцтэй, ашигт малтмалын экспортоос ихээхэн хамааралтай байдаг улсууд Монголд тулгамдаад байгаа шиг хүндрэлтэй тулгарч л байдаг. Одоо тус улс энэ хямралыг даван туулахын тулд хөршүүд болон бусад улсын туршлагаас суралцах хэрэгтэй гэж Хятад улсын Нийгмийн ШУА-ийн Олон улсын стратеги судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Жао Зянлинь бичжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг