sonin.mn
Монголын ард түмэн Манжийн дарлалын эсрэг эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлд олонтаа босч байв. XX зууны эхэн болоход Монголын ард түмний энэхүү тэмцэл улам хүчтэй өрнөв.
 
Энэ үед Манж Чин улсын Засгийн газраас Ар Монголын талаар “Шинэ засгийн бодлого” гэгчийг явуулах болж, Хятад иргэдийг олноор нь нүүлгэн оруулж, тариа тариулан суурьшуулж, Монголоос  татах мөнгөн албыг нэмэгдүүлэх замаар ноёрхолоо бэхжүүлэх оролдлого хийх болжээ.
 
Манжийн ноёрхолын үед Монголын ард түмэн түүний дотор залуу үеийнхний тэмцлийн хурц үзүүр нь гол төлөв Манжийн боолчлогчид, Хятадын шунахай худалдаачид, Мөнгө хүүлэгчдийн эсрэг чиглэж байсан бол автономитийн үед Монголын нийгмийн дотоод үндсэн зөрчил болох ард, феодал хоёр ангийн эвлэршгүй тэмцэл байлаа. Ард олон залуу үеийнхний эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн түүхэн шинэ үедээ шилжин орж Монголын Залүучуудын хөдөлгөөний түүхийн шинэ зурвас үеийг эхлүүлж, залуучуудын анхны байгууллага үүсэн байгуулагдах урьдач нөхцлийг бүрдүүлж өгсөн юм.
 
БОШГЫГ XAЛAX ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛ ҮҮССЭН ТҮҮХ
 
XX зууны Монголын түүхэнд Залуучуудын байгууллага багагүй үүрэг гүйцэтгэж иржээ. Иймээс ч үе үеийн Монголын түүх судлалд  1921 оны хувьсгалын дараахан байгуулагдсан Бошгыг Халах Залуучуудын Эвлэл (БХЗЭ)-ийн үүсэл, хөгжлийн түүх чухал байр суурийг эзэлсээр байна. Тус түүхээс товчлон хүргэе.
 
1921 оны долдугаар сард Ардын Намын Төв Хороо, Ардын Засгийн газар Нийслэл Хүрээнд нүүн ирж үйл ажиллагаагаа явуулж  эхэлсэн билээ. Үүнээс хойш cap орчмын дараа буюу 1921 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 15 цагт Хүрээний анхны комендант торгууд Вокунаевынд, ...урьд автономит засгийн газраас Орос газар сургууль үйлдүүлэхээр явуулсан Гүрсэд, Бат-Очир, Найдансүрэн, Сүхбаатар, Жадамба нарын таван залуус цуглаж, залуу чуудын байгууллага байгуулах тухай яриа үүсгэж, тэд Вокунаевтэй зөвлөлдөн, бусад улсад ямар ямар залуучуудын байгууллага байдаг болох, ямар журмаар байгуулсан тухай хэлэлцээд залуучуудын байгууллага байгуулах тухай ярилцсан боловч юуны өмнө Баруун замын байлдааныг удирдаж яваа Х.Чойбалсанг ирэхийг хүлээх, нөгөө талаар хүн тус бүр гишүүн элсүүлэхээр санал нэгдэж тарцгаажээ. Түүнчлэн тэд дахин наймдугаар сарын 24-нд цуглахдаа 13-аас доошгүй гишүүн элсүүлэн ирэх даалгавар авцгаав.
 
Цуглах ёстой 24- нд их бороо орсон учир, хойшилж 25-нд Гүрсэдийнд цугларцгаасан байна. Гишүүд олон болжээ. Чимэд, Бүрнээбаатар, Догсүрэн, Баваасан, Нацагдорж, С.Буяннэмэх, Бат- Очир, Найдансүрэн, Насанбат, түүний дүү Жадамба нарын 20 шахам залуус байв. Бошгыг Халах Залуучуудын Эвлэлийг үндэслэсэн энэ хурал дээр Залуучуудын Коммунист Интернационал (КИМ)- ээс ирсэн төлөөлөгч дэлгэрэнгүй илтгэл тавьжээ. Монголын Залуучуудын анхны байгууллагыг үндэслэсэн тэр хурал дээр энэ байгууллагын нэрийн тухай хэлэлцэхэд зарим нь “КИМ” гэсэн нэр өгье санал гаргасан боловч “Манай хувьсгал бол хуучин ёсыг халж, ардын хувьсгалт засаг төр тогтоож байгаа болохоор “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” гэдэг нэр өгье” гэсэн саналыг бүгдээрээ дэмжсэн байна. Ингээд анхны хурал дээр Бошгыг Халах Залуучуудын Эвлэлийн гишүүний тангараг,. дагаж мөрдөх дүрмийг уншиж батлуулж байжээ.
 
Ингээд Х.Чойбалсан цагаантны дээрэмчдээс баруун хязгаарыг чөлөөлөх аян дайнаас түр хугацаагаар нийслэл хүрээнд ирсэн үед нь  “Бошгийг халах хувьсгалт залуучуудын эвлэл”-ийг байгуулж, даргаар нь Х.Чойбалсанг сонгожээ.
 
Ийнхүү 1921 оны наймдугаар сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “ Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй.
 
УЛААНБААТАР ХОТЫН ХУВЬСГАЛТ ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ АРВАН ЖИЛ (1921-1931 ОН)
 
Үндэсний ардчилсан хувьсгалын ололт ялалтыг бэхжүүлэн бататгахын тулд феодализмыг эсэргүүцсэн хувьсгалыг гүнзгийрүүлэх болон улс орныг батлан хамгаалах хүчийг зузаатгахад залуучуудын байгууллага байгуулж, тэднийг Хувьсгалт үзлээр хүмүүжүүлэх, бичиг соёлтой болгох зорилтыг хэрэгжүүлэхэд МХЗЭ байгуулагдсан анхны үеэсээ идэвхтэй үүрэг гүйцэтгэж иржээ.
 
Бүх Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв Хорооны анх дугаар их хурлыг 1922 оны долдугаар сард хуралдуулж “Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үндсэн зорилго оршмой” хэмээх анхны мөрийн хөтөлбөр, Монголын Залуучуудын Эвлэлийн дүрмээ баталж түр цагийн төв Хороог жинхэнэ төв Хороо болгож 1922 оны арванхоёрдугаар сарын 19-нд төв Хороо нь бүх Монголын залуучуудын үндсэн гол газар болон тамга, улаан шугам зэргийг хэрэглэх болсоноо улс орон даяар зарлаж байжээ.
 
МХЗЭ-ийн төв Хорооны дэргэд 1921 онд байгуулсан “БатХувьсгалт, бадруулан удирдагч”, 1921 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан Дотоод Яамны дэргэдэх “Хувьсгалыг бадруулагч” үүр (дарга нь Ч.Амгалан), Батлан Хамгаалах Яамны дэргэдэх “Жавхланг бадруулагч” үүр (дарга нь Балдандорж), Шүүх Яамны дэргэдэх" Дайсныг номхотгогч” үүр (дарга нь П.Бүрнээбаатар), Сангийн Яамны дэргэд “Эрдэсийг элбэгжүүлэгч” үүр (дарга нь Дэжид-Осор), 1922 оны дөрөвдүгээр сард Амгалангийн клубын дэргэд “Соёлыг бадруулагч” (дарга нь Саранмандалын Бат-Очир) ХЗЭ-ийн үүрүүд тус тус байгуулагдсанаар нийслэл Хүрээ ХЗЭ-ийн зургаан уүртэй болжээ. 
 
Мөн 1922 оны дөрөвдүгээр сард Д.Сүхбаатар өөрөө Хатанбаатар Магсаржавын хүү Сундуй сүрэнгийн хамт Маймаа Хотын иргэн Цагаан-өвгөн зайсангийн дочиж 10 гаруй залуучуудыг цуглуулж “Соёлыг бадруулагч” 6-р үүрийг байгуулсан түүхтэй. Эдгээр үүр нь Улаанбаатар Хотын ХЗЭ-ийн байгууллага Хорооны эх үүсвэр болж цаашид Хотын ХЗЭ-ийн Хороо байгуулах шаардлага гарсан байна.
 
Ийнхүү 1921 оны есдүгээр сараас “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн 5 үүрийг Их Хүрээнд нэ гжилийн дотор байгуулж амжжээ. Улмаар 1922 оны долдугаар сарын 17-нд МХЗЭ-ийн анхдугаар их хурал хуралдаж, 600-аад гишүүд 30 шахам үүрийг төлөөлсөн төлөөлөгчид оролцжээ. Анхдугаар Их Хурлаасаа өмнө үүрүүд байгуулаад байсан аж. Энэ Их Хурлаар С.Буяннэмэх Эвлэлийн Төв Хорооны даргаар сонгогдож, мөн ондоо Москвад болсон Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд оролцож, В.И.Ленинтэй уулзжээ. Ингэж Монголын нэн шинэ түүхэнд асар их гавъяа байгуулсан МХЗЭ байгуулагдсан юм.
 
Ийм ч учраас одоогоос 95 жилийн өмнө буюу 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр бол XIX зууны эцэс, XX зууны эхэн үеийн монголын залуучуудын хөдөлгөөний түүхэн хөгжлөөр бэлтгэгдэн сууриа тавьсан Монголын залуучуудын анхны байгууллага Бошгыг Халах Залуучуудын Эвлэл буюу Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл анх байгуулагдсан түүхэн өдөр билээ.
 
С.ДАШ- ийн эрхэлж эмтгэн хэвлуүлсэн
“Монголын залуучууд”-II ботиос...