sonin.mn
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Мөн 2014 онд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан юм.
 
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, уламжлал болсон хэвлэл мэдээллийн форум чухал үүрэг гүйцэтгэж буй. “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” Монгол Улсад тэр дундаа эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотод энэ сарын 19-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
 
Энэхүү форумд 90 гаруй төлөөлөгч оролцсон Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн ярилцлаа.
 
 
Форумд манай улсаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан болон Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцов.
 
Форумын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж, амжилт хүслээ. Илгээлтэнд хоёр орны төр засгийн өндөр дээд түвшний шийдвэрийг ажил хэрэг болгоход Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн уламжлалт форум чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм.
 
Энэхүү форумыг зохион байгуулсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхны хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан нөхөрлөлийг бэхжүүлэхэд бодитой түлхэц өгсөн тогтвортой үйл ажиллагаа болж нэгэнт чадлаа. Бид жил болгон хоёр улсад ээлжлэн айлчилж тодорхой сэдвийн дор чуулж, тодорхой шийдэлд хүрдэг уламжлалтай болсон. Өмнөх форумуудаар хэлэлцсэн олон асуудал бодит ажил хэрэг болж чадсанд баяртай байна.
 
VI форум дээр Ази Европыг холбосон хамгийн дөт зам болох Монгол Улсаар дайрсан маршрутыг ашиглахын ач холбогдлыг хөндөн ярилцаж, төр засаг, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулахын төлөө хоёр орны хэвлэл мэдээллийнхэн ажиллахыг онцолж байсан. Тэгвэл яг энэ өдрүүдэд “Улаан Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Замын Үүд-Эрээн-Бээжин-Тяньжин” гэсэн маршрутаар хуурай замын тээврийг ид туршиж байна. Ингэснээр далайгаар 45, төмөр замаар хамгийн хурдандаа 10 хоногт хийдэг тээврийг 7 хоногийн хугацаанд багтаах боломж нээгдэх юм. Энэ бүхэнд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумын нөлөө, ач холбогдол байгааг онцлон хэлэхэд таатай байна” гэсэн юм.
 
Харин БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
 
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны дэд дарга Чэн Баочюань Шинэ гараанаас шинэ хамтын ажиллагааг төлөвлөж Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа хамтаар хожих хэтийн төлвийг хүч хамтран байгуулая гэсэн илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Бидний хамтын ажиллагаа шат ахиж алхам урагшлаад байна. Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа хамтын ажиллагаа шинэ гараанд зогсож байна. ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албан МСНЭ-тэй хүн хамтран, боломжийг амжуулж, асуудлыг шийдэж, оюун ухаанаа дайчилж, зам нээж урагш ахиж, хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй санал бодлоо солилцож, нэгдмэл ойлголтоо нэмэгдүүлж, хоёр улсын харилцааг нэн тогтвортой, нэн алсыг зориход шинэ хувь нэмэр оруулцгаая” гэсэн юм.
 
 
Харин Хятадын Олон улсын радиогийн Гэрэлт илтгэлдээ “Би энд гурван зүйлийг санал болгож байна. Нэгт, Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага нэвтрүүлэг, хөтөлбөр хамтран бэлдэх талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хоёрт, хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоонд тус дөхөм үзүүлэх, гуравт, төрөл бүрийн үр ашигтай арга хэмжээг хамт зохион байгуулж, давуу талаараа харилцан нөхөрлөх юм” гэдгийг онцолж байлаа.
 
Ийнхүү Форумын үеэр хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл  өөрсдийн чиглэлээр 14 илтгэл тавьсан юм. Илтгэлүүдэд хоёр орны хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд байгаа, цаашид хэрхэн илүү ихээр хөгжүүлэх боломж байгаа талаар голлон ярилцсан. Мөн хоёр орны хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын хамтын ажиллагааны цаашдын хөгжилд дэм өгөхүйц ажил хэрэгч санаа дэвшүүлсэн нь хамтран ажиллах боломжуудыг нээж байгааг оролцогчид онцолж байв.
 
Ийнхүү форумын арга хэмжээ амжилттай болж дараа жилийн “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VIII форум”-ыг Хятад улсад зохион байгуулахаар шийдвэрлэн өндөрлөсөн юм.
 
Форумын оролцогсод эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын газрууд болон музейтэй танилцаад “Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой түүхэн газар болох Бурхан халдуны Өвөр Хүрэлх дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нууранд очиж байгалийн сайханд нэг үдшийг өнгөрүүлээд, нутгийн зүг хөлгийн жолоогоо залсан юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин