sonin.mn
Төсөв болон мөнгөний бодлогын талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
 
-Манай улсын төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай гарчихлаа. Төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай гэж байна. Алдагдлыг бууруулах ямар арга зам байна вэ?
 
-Өнгөрсөн жилүүдэд төсвийн алдагдал нэг их наяд хүрч байсан шүү дээ. Энэ юунаас болсон бэ гээд харвал 2013 оноос эхлэн төсвийн тэлэлт огцом өссөн. Тухайлбал, улсын төсвөөс гадна, Хөгжлийн банк болон концессийн гэрээгээр зах зээл рүү мөнгө нийлүүлсээр ирсэн. Энэ тэлэлт макро эдийн засгийн гадаад орчинтой нийцээгүй нь алдаа болсон гэж болно.
 
Түүнчлэн гадаад худалдааны эргэлт сайн байх учиртай. Гэтэл дээрх хоёр нөхцөл байдал хумигдсан үед төсвийг тэлэх бодлого баримталсан нь буруу байсныг цаг хугацаа харууллаа. Төсвийн тэлэлт нь эдийн засгийн бодлоготойгоо нийцэж байгаа эсэхийг дүгнээгүй. Тиймээс төсвийн алдагдал 1.9 их наядад хүрсэн нь дээрх бодлогын үргэлжлэл. Үнэн хэрэгтээ төсвийн бодлогыг дангаар нь авч үзэхээр макро, микро эдийн засаг болон мөнгөний бодлоготойгоо уялдахгүй байна. Бид 2-3 сувгаар хөрөнгө оруулалт хийж байхдаа эдийн засгийн өсөлтийг бий болгож байна гэж тайлбарлаж байсан. Гэвч энэ нь эцэстээ өр болж хувирлаа. Тэгэхээр бодлогын уялдаа маш чухал.
 
Ямар үед, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн үүссэн нөхцөл байдал ганцхан жилд болоогүй учраас өргөс авсан мэт сайжирна гэж хүлээх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг огцом бууруулна гэдэг хэцүү. Учир нь хэт их тэлсэн бодлогыг буцаагаад хумихын тулд олон сөрөг үр дагавар гарна. Зайлшгүй орлогодоо тааруулж зарцуулах шаардлага бий. Тиймээс төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Гэхдээ энэ алдагдал богино хугацаанд засагдах боломжгүй учраас ирэх жилүүдийн төсвийг боловсруулж батлах үед үргэлжлүүлэн засвар хийх учиртай.
 
-Жил бүрийн төсвийг боловсруулах, батлах үед орлого, зарлагаа бодитоор тооцоолох хэрэгтэй хэмээн Төвбанк зөвлөдөг. Гэсэн хэдий ч орлого болон зарлага бодит байдлаас хэт хөөсөрсөн байдлаар төсөвт суучихдаг шүү дээ?
 
-Төсвийг төлөвлөж байх үед гарч байгаа хэд хэдэн алдаа бий. Тухайлбал, төсвийг төлөв­лөхөөс өмнө макро эдийн засагт судалгаа хийсэн байх шаардлагатай. Монголбанк, санхүүгийн салбарынхантайгаа хамтран ирэх жилийн болон дунд хугацааныхаа төлөвлөгөөг ярилцдаг байх ёстой.
 
Гэтэл бодлогын уялдаагүй байгаагаас гарч буй үр дагавар гэж хэлж болно. Ер нь төсвийг хэлэлцэн батлахаас өмнөх урьдчилсан судалгаа дутуу хийж байгааг шинжээч, судлаачид хэлдэг. Хоёрдугаарт  төлөвлөлтийн явцад алдаа гарсаар байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг хэлэлцэн баталж буй өнөөгийн практик болон эрх зүйн орчинд алдаа байгааг манай судлаачид, олон улсын байгууллагуудын шинжээчид хэлсээр ирсэн. Аль ч улсад УИХ нь Засгийн газрынхаа өргөн мэдүүлсэн төсвийн төслийг батлахдаа зарчмын томоохон өөрчлөлт хийдэггүй. Төсвийг өргөн барих шаардлага байх ёстой. Төсвийг боловсруулахдаа мөнгөний бодлого болон гадаад сектортой хэрхэн уялдсан бэ гэдэг шаардлагыг тавих учиртай. Гэвч манай энэ заалт аль ч хуульд байхгүй.
 
Манайд улсын төсвийг хэлэлцэн батлах үйл явцыг УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийдэг. 2, 3 дахь хэлэлцүүлгээр санал хураалт явдаг бөгөөд сайн санал байгаа ч төсвийн бодлогыг эвдсэн санал нэлээд түлхүү орж ирэх болсон. Эдгээрийг төсөвт тусгаж өгснөөр Засгийн газрын тооцоолсон зарлага өсөх нөхцөл бүрдэж байгаа хэрэг. Энэ байдал нь сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг ихээхэн нэмэгдүүлэх, төлөвлөсөн орлогыг тасалдуулах, зарлага санхүүжилтээ гүйцэтгэж чадахгүй байх нөхцөлд хүргэж байна. Тиймээс төсвийн төслийг хэлэлцэн баталж байгаа хууль эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийг хэлэлцүүлэх үед гарч байгаа санал гэж чухам юу вэ гэдгийг Дэгийн тухай хуульд томъёолж оруулан тодорхой болгох ёстой.
 
-Засгийн газрын тэргүүн 12-18 сарын хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулна гэж хэлсэн. Та үүнийг хэрхэн харж байна?
 
-Макро эдийн засгийн тогтворжилт гэдэг нь бодлогын гол хүчин зүйлүүд орно. Тухайлбал, мөнгөний болон санхүүгийн салбарын бодлого, гадаад тэнцэл гээд суурь хүчин зүйл бий. Тэгэхээр энэ бодлогын арга хэрэгсэл бүрээр тогтворжуулахыг эрмэлзэнэ. Төсвийн хувьд алдагдлыг багасгах, хэт тэлэлтийг бууруулах. Мөнгөний бодлогын хувьд хэд хэдэн сувгаар дамжуулан зээл олгосныг танах хэрэгтэй. Нэг сонирхолтой баримт дурдъя.
 
Бид Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс арилжааны банкны зээлийн үлдэгдлийг хардаг. Гэтэл энэ тоо бодит байдлаас зөрсөөр ирсэн. Одоогоор зээлийн үлдэгдэл 12 их наяд байгаа. Харин Хөгжлийн банкны 2015 оны санхүүгийн тайлангаас харвал 5.9 орчим их наяд төгрөгийн зээл олгосон байдаг боловч статистикаас гарч байгаа банкуудын зээлийн үлдэгдэлд ороогүй байдаг.  Дээр нь төсвөөс жил бүр нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд тооцвол өнгөрсөн онд 19 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн байгаа юм. Бид бодит байдлаас давсан мөнгөний нийлүүлэлт хийсэн нь эндээс харагдаж байна.
 
Энэ тохиолдолд Төвбанк зайлшгүй бодлогын хүүг өсгөх арга хэмжээ авсан хэрэг. Үүгээр хэт их тэлсэн зээл буюу мөнгөний нийлүүлэлтийг багасгах нь зүйтэй. Бодлогын хэрэгжилтийн үр дүн хэдийд гарах вэ гэдэг нь тухайн бодлогоос шалтгаалан өөр, өөр цаг хугацаа шаарддаг. Жишээлбэл, Монголбанк мөнгөний бодлогын хүүг чангаруулсан нь 6-8 сарын дараа эдийн засагт нааштай үр дүн өгөх болов уу.
 
Нөгөө талдаа төсвийн тэнцлийг зохистой болгох хандлага нэг жил гаруйн дараа үр дүнгээ өгнө гэж харж байна. Ирэх оны төсвийг зохистой төвшинд баталж чадвал 2017 оны хоёрдугаар хагасаас эхлэн мөнгөний бодлогодоо эерэг нөлөөлөх хандлага гарч эхэлнэ. Мөн гадаад худалдаанаас хамаарна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр манайхаас экспортлож байгаа бүтээгдэхүүний үнэ ямар байх вэ гэдгээс шалтгаална. Тэгэхээр ирэх жилийн төсвийг хэлэлцэж, батлахдаа экспортын бүтээг­дэхүүний үнийг бодитоор тогтоон, олборлолтоо нэмэгдүүлснээр гадаад худалдаа өснө. Энэ бүхэн харилцан бие биедээ эерэг нөлөө үзүүлснээр 12-18 сарын хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулах боломжтой. Гагцхүү энэ нь тааламжтай орчин шаарддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
 
-Мөнгөний бодлогын хүүг өсгөснөөр зээлийн хүү болон инфляц өсөх нь бизнесийнхэн болоод иргэдийн үүрэх ачаа нэмэгдээд байна гэж тайлбарлах юм?
 
-Сүүлийн 20 жил төсөв, мөнгөний бодлого гэж ярьсаар иргэдийн дунд энэ нь ид шид мэтээр ойлгодог болжээ. Харамсалтай нь тийм биш гэдгийг цаг хугацаа харуулж байна. Нэг үеэ бодвол манай улсын эдийн засаг 20 гаруй их наяд төгрөгт хүрсэн учраас дотор нь ажиллах механизм өөрчлөгдөх нь зайлшгүй. Дэлхий дахинд эдийн засгийн өсөлтийг хэрхэн бий болгох тухай ярьж байна. Төсөв, мөнгөний бодлого гэдэг хоёр механизм хэвийн ажилласан ч машиныг бүрэн хөдөлгөж чадахгүй байна гэдэг дүгнэлтийг их 20 улс хийж байна.
 
Тиймээс төсөв, мөнгөний бодлогоос гадна бусад арга хэрэгслүүдийг хэрэглэе гэж байгаа юм. Бодлогын хүү нэмэгдэхээр зээлийн хүү өсдөг гэдэг онол бий. Гэвч практик дээр эсрэг байх тохиолдол байна. Тухайлбал, 2012 онд бодлогын хүү өсөх үед зээлийн хүү буурсан байх жишээтэй. Тухайн үед бодлогын хүүг 1.5 нэгжээр өсгөсөн санагдана. Харин энэ удаад нөхцөл байдал хүндэрсэн учраас цочмог арга хэмжээ авч байна. Мэдээж энэ шийдвэрийн үргэлжлэх хугацааг сайн тооцоолох хэрэгтэй. Тодорхой сөрөг үр дүн гарахаас нь өмнө нааштай үр дүн гарсан тохиолдолд дахин сулруулах болов уу гэж харж байгаа. Хэрэв буулгах тохиолдолд аажмаар бууруулах нь зүйтэй. Манай эдийн засаг улирлын онцлогоос хамаардаг. Тиймээс бүтээн байгуулалт эхлэх үе буюу ирэх хавар бодлогын хүүг аажмаар бууруулах  бодлого баримтлах нь зүйтэй.  
 
-Валютын ханшийн өсөлт эдийн засагт нөлөөлдөг хүчин зүйлийн нэг. Энэ оны сүүлчээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2400 байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
 
-Ханшийн бодлого тун төвөгтэй учраас урт хугацааны таамаглал хийдэггүй. Манай улсын эдийн засгийн 90 хувь уул уурхайн түүхий эдээс хамааралтай. Дотоод худалдааны эргэлт харьцангүй бага байдаг шүү дээ. Эдийн засаг экспортоос хамааралтай үед валютын ханш хэдэн төгрөг байхыг товлож хэлэх нь сайн зүйл биш. Гадаад худалдааны эргэлт тогтвортой өсч байх үед ханш тогтвортой байдаг. Энэ нь экспортод бүтээгдэхүүн гаргах ёстой гэсэн үг. Нөгөө талдаа мөнгөний нийлүүлэлтийг зохистой төвшинд барих, төсвийн алдагдлаа хязгаарласнаар ханш тогтвортой байна.
 
Төвбанк ханшийг тогтвортой байлгахын тулд валютын орох урсгал хэрэгтэй байгаагаа хэлсээр байгаа. Энэ нь гадаад худалдааны бодлого юм шүү дээ. Хэдийгээр гадаад худалдааны бодлогод үнэ нөлөөлж байгаа нь үнэн хэдий ч ашиглаж чадахгүй байгаа хүчин зүйлүүд бий. Өөрөөр хэлбэл, экспортоо нэмэгдүүлэх учиртай боловч дэд бүтцийн асуудал тулгамдаж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад малын гоц халдварт өвчин саад учруулдаг зэрэг асуудлаа зохицуулах нь зүйтэй.
 
-Сүүлийн үед “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярьж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хэр оновчтой вэ?
 
-Макро эдийн засгийн сүүлийн жилүүдийн бүхий л тоон үзүүлэлтийг харьцуулж харвал манай улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал үнэхээр хүнд байдалд орсон нь бодит үнэн. Хүндрэл зөвхөн макро төвшинд бус, арилжааны банкуудад, аж ахуйн нэгжүүдэд, жирийн айл өрхөд хүртэл мэдрэгдэж байна. Тэгэхээр энэ байдлаас гарах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Нэгэнт тулгараад байгаа бэрхшээлийг даван туулахад Монгол Улсын өнөөгийн төсөв, санхүүгийн нөөц хүрэлцэхгүй.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин