sonin.mn
АН-ын Онцгой комиссын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг  2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр гарсан ноцтой  зөрчлүүд,  шүүхээс гаргасан зарим шийдвэрийн талаар өчигдөр хэвлэл, мэдээллийнхэнд хандсан юм. Сэтгүүлчийн асуултад хариулсныг тоймлон хүргэе. 
 
-АН-аас МАН-ын гишүүдийн 60 тэрбум босгох тухай ярианы бичлэгийг шал­гуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн ч эцсийн шийдвэр эвлүүлэг учраас шалгах шаардлагагүй гэж гарсан. Танай нам үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
 
-Сонгуулийн өмнө МАН-ын нэр бүхий гурван гишүүн төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөгийн санхүүжилт  босгох тухай хоорондоо ярилцаж буй харилцан ярианы бичлэг  олон нийтэд цацагдсан.
 
Ардын намын дарга, Нийслэлийн Ардын намын дарга, зөвлөх гэсэн гурвын хүний харилцан ярианы бичлэгийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян гаргаж тавьсан. Манай нам тэр бичлэгийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, АТГ-т хандсан. Манай нам гомдол гаргасны дагуу наймдугаар сарын 2-нд Нийслэлийн хяналтын прокурор шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Иймд бид прокурорын шийдвэр дээр дахин гомдол гаргаж байгаа. Гомдол гаргах эрх бий.
 
-Ямар үндэслэлээр?
 
- 60 тэрбумын бичлэг олон нийтэд цацагдсаны дараа Ардын намын хариуцлагатай албан тушаалтан, тодруулбал Нийслэлийн Ардын намын дарга мэдэгдэл хийсэн шүү дээ. Тэр хүн хэлэхдээ “Бид дотроосоо мэдээлэл алдсан этгээдийг хайж байна. Манай намын дотоод үйл ажиллагааг гадагш нь гаргасан байна” гэсэн мэдэгдлийг хийж, гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн. Ийм байтал Нийслэлийн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож байгаад бид  гомдолтой байгаа. Цаашид шалгуулна.
 
-Хаана хандаж байгаа вэ?
 
-Хуульд заасан үндэслэлээр Нийслэлийн прокурор, Дээд шүүхэд гомдол гаргаж байгаа.
 
-2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль будлиантай болсон талаар зөрчил, маргааныг  баримтжуулж харъяа хууль хяналтын байгууллагуудад хандаж байгаа гэсэн.  Шүүхийн шатанд хэрхэн шийдэгдэж байгаа талаар мэдээлэл байна уу?
 
-Өргөдөл, гомдлуудыг удаа дараа гаргаж, шат шатны шүүхэд хандсан. Өнөөдөр Дээд шүүх, Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрүүд гарсан байна. Тухайлбал, Орхон аймгийн хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийг дахин сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гарсан байна. Манай намаас шүүхийн шийдвэрийг үндэслэн харъяа хороо, дүүрэг, аймаг орон нутгийн сонгуулийн хороонд хандаж, дахин сонгууль явуулах тайлбар, шаардлагыг хүргүүлнэ.
 
-Дархан-Уул аймагт нэр дэвшигчдийг бүртгээгүй. Тэр асуудал юу болсон бэ?
 
-Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг бүртгээгүйн улмаас дээд шүүхээс  дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байгаа. Мөн Сүхбаатар аймгийн ИТХ-ын Анхдугаар хурал хууль бус болсныг хэвлэл, мэдээллийнхэн сайн мэдэж байгаа байх. Яагаад гэвэл, бид өмнө нь энэ талаар мэдээлж байсан. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад аймгийн ИТХ хуралдсан нь хууль бус  болохыг Захиргааны хэргийн шүүхээс тогтоосон  байна. Мөн аймгийн Засаг даргыг томилсон нь хууль бус хүчингүй болохыг тогтоосон   зургаан шүүхийн  шийдвэр гарсан байгаа. Цаашид бид  орон нутагт гарсан зөрчлийн талаар цаг үеийн мэдээлэл хийж байх болно.
 
-АН-ын дэргэдэх  Онцгой комиссоос өмнө нь СЕХ-ны удирдлагуудыг шалгуулна гэж мэдэгдэж байсан. Шалгуулсан уу?
 
-Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны удирдлагуудтай холбоотой гомдлуудыг нэгтгэх, цэгцлэх ажил үргэлжилж байна. Энэ долоо хоногтоо багтааж  Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх  газарт хүргүүлнэ. Энэ гомдлын үндэслэл нь СЕХ-ны удирдлагууд  Захиргааны акт гаргах журмаар сонгуулийн дүнд нөлөөсөн гэж бид үзэж байгаа. Жишээлбэл, саналын хуудсыг  сонгогчдын тоогоор 21 аймаг, есөн дүүрэгт  бүрэн  хүргэсэн  гэж мэдэгдсэн  боловч бодит байдалд 80 орчим хувийг  хүргүүлсэн.  Ингээд тухайн газруудад саналын хуудсыг хэвлэх акт гаргасан нь  сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. АН-ын хяналтын хороо, Онцгой комисст сонгуультай холбоотой  өргөдөл гомдол олноор ирж байгаа. Өмнөх хурлын үеэр 250 орчим өргөдөл гомдол ирсэн. Одоо 450 гаруй болсон. Энэ бүхнийг цэгцэлж цаашид мэдээлнэ.
 
-Өргөдөл гомдлыг хууль хяналтынхан хүлээж авахгүй байна гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан. Одоо  бэрхшээл байна уу?
 
-Хууль хяналтынхнаас нөлөөлөл байна уу гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байгаа. Дараагийн удаад энэ талаар асуудлыг багцалж авч үзэж, холбогдох газруудад хандахаар бэлтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар аль нэг хуулийн байгууллагын ажилтан тухайн хэргийг шалгахад, шийдэхэд нөлөөллөө гэсэн баримт алга байна. Ирсэн гомдлуудыг нэгтгэх ажил хийгдэж байгаа.
 
-Эцэст нь асуухад АН-ын ҮЗХ-ны хурлын талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?
 
-Би намын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн даргын үүрэгт албыг  хашдаг.  Тэр талаар өөр эх сурвалжууд ярих байх.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин