sonin.mn
ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив. Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. 
 
1.ЗЭРЛЭГҮҮД ХӨДӨЛЖ ЭХЭЛЛЭЭ
 
0250867214
 
1990 оны сүүлээр зөвлөлтийн хөдөлмөрчдийн хот Свердловск дээрэмчдийн дайн гэж юу байдгийг мэдэрлээ. Трифон, Овчина нарын эрүүгийн хэрэгтэн дээрэмчид хоорондоо тулалдаж эхэллээ.
 
Таван жилийн өмнө хотын гэмт хэргийн ертөнцийн хаан нь Хохимой хочит хулгайч байлаа. Түүний гар дор Трифон буюу Алексей Трифонов, Овчина буюу Андрей Овчинников гэдэг нусгайнууд  ажилладаг байв. Тэр хоёр тэгэхэд найзалж нөхөрлөж, Кинг-Конгийн баг зүүгээд хамтдаа дээрэмд гардаг байсан гэх домогтой. Дараа нь эдгээр жүжигчдийг цагдаа нар барьж, Овчина Трифон хоёр ял авчээ. Үнэндээ бол шалихгүй ял л даа. Трифон эхлээд суллагдсан байна.
 
Тэрээр хоршооллын хөдөлгөөн ид цэцэглэж байгааг хараад дээрмийн бүлгээ тэр дор нь байгуулж, наймаачдыг дарамталж эхлэв. Тэр Хохимойг эзэмшил нутгаас нь шахаж, нэр нөлөөтэй боллоо. Дараа нь Овчина суллагдаж ирээд өөрт нь хоолны идүүр байхгүй, тэгээд ч зургадугаарт эрэмбэлэгдэх болсноо ойлгов. 
 
Энэ байдал түүнд таалагдсангүй. Тэрээр хамаа нухахаар шийдлээ. Гэтэл нэг чөтгөр нь Трифонд хов хүргэж, уушиг нь сагсайсан дээрэмчин нялуурч нялцганасангүй. 1990 оны арваннэгдүгээр сард Трифоныхон Овчинагийн машиныг АКМ буугаар шүүр шанага болгож орхив. Гэтэл Овчина машиндаа байгаагүй, амьд үлдсэн бөгөөд маш их гомдож, дайн эхлэв.
 
Трифоновынхны нэг болох Курбатов овогтыг олж тогтоосон Овчинниковынхон гэрт нь дайрч ороод жинхэнэ утгаар нь балмад загнаж, эхнэр хүүхдийнх нь нүдэн дээр түүний хоолойг утсаар боож, өшиглөж дэвсэцгээв. Курбатов энэ халдлагыг өршөөсөнгүй. Хоёр хоногийн дараа боолт наалттай тэрээр дайчидтайгаа хамт Овчина руу довтолж, мөстөж хөлдсөн Московская гудамжаар машинаар хөөж байлаа. 
 
Курбатов яг л кинонд гардаг шиг давхилтан дунд өөрийнхөө “Жигули” машины цонхоор цухуйн Овчинагийн машин руу калашникаар шүршив. Овчина арайхийн түүнээс тасарч суманд урагдсан өдөн хүрэмнийхээ өдийг хийсгэн давхилаа.
 
Арванхоёрдугаар  сард трифоновынхон Овчинагийн “ичээ”-г эрэн хотыг самнаж өнгөрөөв. Тэд овчинниковынхны нэгийг олж аваад зөндөө тамласны эцэст хоолойг нь боон хүүрийг нь Чкаловын дүүргийн Спартак цөөрөмд чулуудчихжээ. Овчинниковынхон ч мөн адил загнав. Тэд Курбатовыг өөрийг нь барьж аваад гестап маягаар тамласны эцэст хөлд нь төмөр замын зам төмөрний тасархай зүүн Исетийн гүүрэн дээрээс амьдаар нь голд чулуудав.
 
Трифон, Овчина хоёр тэгэхэд хорин таван настай байлаа. Хүний үнэргүй, ичгүүр сонжуургүй тэд харх шиг хаа сайгүй чадах чинээгээрээ тарааж сүйтгэв. Тэд хулгайлсан автомат буу, тайрсан ангийн буу, музейн нагаан буу зэргээр зэвсэглэж, түүгээрээ гэгээн цагаан өдрөөр ямар ч бодох санах юмгүйгээр яг л мэдрэлийн өвчтөн мэт галлаж гардаг байв. 
 
Таксины жолооч, мухлагийн худалдагч, ерөөс хэн таарсныг алж, алагдсан хүмүүсийн хуучин гутлыг хүртэл суга татан авч, туулайн халцарсан арьсан малгай, магнитофоны хуурцаг, боодол ёотон мэтийг бусдын гэрээс шүүрч, улангасан дээрэмдэж, бүсгүйчүүдийн үнэртэй усыг хүртэл ууцгаана.
 
Свердловск хотноо шинэ жилийн цасан хялмаа гялбалзаж,  өвлийн богино өдрүүд шүд цөм цөм цохих мэт өнгөрч байлаа. Гудамжны гэрэл тэр үед цөөхөн байсан бөгөөд нэмэлт гэрэл бүр ч байхгүй, дэлгүүрүүдээс дараалалд зогсогсдын урт хар сүүл цухуйна. Харин хотын цастай гудамжаар дээрэмчдийн ямбий “Волга”, хонхойж цонхойсон “Лада” машинууд тооромсгоо чихруулан бие биенээ хөөн  булан тохойгоор  эргэж, хашаан дундуур дүүжин савлуур, хүүхдийн тоглоом дайран нисэцгээнэ.
 
1991 оны нэгдүгээр сарын 7-нд трифоныхон Овчинаг орцных нь үүдэнд отож байлаа. Овчина өөрийнхөө “Девятка”-д (Ладагийн 9 дэх загвар – Орч.) үсрэн орж ухасхийхэд алуурчид суусан “Найм” араас нь хөөв. Академич Бардины гудамж орчимд “найм” зам чадварлагаар хаан “ес”-ийн өмнүүр хөндөлсөхөд алуурчид калашникаар галлав. Нэг ээлжийн галд нь автобусны “Ясная” зогсоол өртөж залуухан бүсгүй цасан дээр үхэдхийн уналаа.
 
Овчина тэр удаад зугатаж амжсан бөгөөд хот тэр чигээрээ дургүйцэн шуугилдав. Энэ бол дээрэмчдийн анхны дайнаас хүртсэн эхний цочрол байлаа. Хагас жил, нэг жилийн дараа ийм дайн Ёбургийн энгийн амьдрал болно гэж хэн тэгэхэд мэдэх билээ дээ. 
 
Тэр өвөл хот уурсан догширч эх захгүйчүүдийг номхотго хэмээн засаг захиргааг заамдав. Ад зэтгэрт хөтлүүлсэн хулгайч нарын нүгэл саваа халив. Цагдаагийн газар яаралтай хөдөллөө. 1991 оны хоёрдугаар сард шуурхай ажилтнууд Овчинаг,  дөрөвдүгээр сард Трифоныг баривчлав.
 
 Дэээрэмчдийг шүүх гэж их удна. Урьдчилан хорихын нийтийн камерт хоёр бүлгийн дээрэмчид уулзацгаана. Эрх чөлөөгүй байдал нь тэднийг нэгтгэж оргохоор шийдэцгээнэ. Шоронгийн худалдагдсан ажилтан тэдэнд бүрэн цэнэгтэй гар буу авчирч өгнө. 1994 оны зургадугаар сарын 8-нд трифоновын хоёр, овчинниковын хоёр хүн хамтдаа оргохоор шийднэ.
 
Тэд шоронгийн хянагчийг буудаж алаад хорих өрөөнөөс уулзалтын байр руу нэвтэрч эргэлтээр ирсэн хүн, хоригдол, хамгаалагч нийлсэн 23 хүнийг барьцаална. Түгшүүр авсан цагдаагийн тусгайгийнхан Хорих газрыг бүсэлнэ. Босогчид шоронг дотроос нь түгжээд машин, сая рубль, архи өгөхийг шаардана. Архийг нь шууд өгнө. Тэгэхдээ архинд нь нойрсуулагч холино. Машиныг нь болохоор банк мөнгө цуглуулж дуустал хүлээж бай гэж гуйна.
 
Гурван дээрэмчин тэр дороо унтана, харин дөрөвдэх нь архи уухгүй. Тусгайгийнхан уулзалтын байрыг эвдлэн ороод согтуу шаарнуудыг зодож, хүлнэ. Нэг нь сарваганан эсэргүүцэж байгаад духандаа сум зоолгоно. Харин дөрөвдэх эрүүл нь бужигнаан дунд хотруу жилийнэ. Тэгсэн ч хагас жилийн дараа түүнийг олж баривчилна.
 
Трифон, Овчина нарын хэргээр шүүгдэгчийн сандалд 19 хүн сууна. Шүүх хурал дээр зодолдуулахгүйн тулд ганц ганцаар нь шүүнэ. Алексей Трифоновт 10, Андрей Овчинниковт 14 жилийн ял онооно. 1996 он хүргэж байж сая нэг юм ялын тогтоол гарна.
 
Овчинников 2005 онд суллагдана. Шоронд түүнийг өргөмжлөн хүндэлж, тэр ч биеэ тооно. Гэвч шинэ ертөнцөд тэрээр үлэг гүрвэл, өнгөрсөн цаг үеийн үлдэц болж хувирна. Тэр үнэт цаас, менежмент, худалдааны сүлжээний талаар нүдэн балай, чихэн дүлий нэгэн билээ.
 
Яаж ийж орчиндоо дасч аваад Овчина “Шарташский” захыг онилно. Эхлээд хэсэг бүлэг нөхөд цуглуулаад захыг эзэлж авах гэж оролдтол тэдгээр алиалагчдыг хамгаалалтынхан гаргаад чулуудчихна. Дараа нь Овчина ямар нэгэн цаас барьж ирэхэд захын эзэд үнэнээсээ уурлана. Үр дүнд нь Овчина 2006 онд  байдаг руугаа буцаад явна.
 
Овчина, Трифон хоёр адилхан махчид байлаа. Дэндүү ядмаг бүдүүлгийнхээ  улмаас тэд хамжааргагүй байж болох уу үгүй юу гэдгийг хамгийн эхлээд шалгацгаасан юм. Болмоор бодогджээ. Гэвч бодит амьдрал гэмт хэргийн ертөнцийн зэрлэгүүдийг сул дорой хэмээн тоглолтоос гаргав. Зэрлэг новшнуудын оронд зоригтой, бодлоготой залуус гарч ирлээ.
 
2. МАРГААШ ДАЙН БОЛНО
 
Овчина, Трифон нарын дээрэмчдийн тулаан ЗХУ-ын сүүлийн өдрүүд дэх Свердловскийн үндсэн өнгө нь цэнхэр гэдгийг харууллаа. Хот гэмт хэрэгтнүүдээр дүүрчээ. Захдуу газрын хувийн аж ахуйнуудад умардын шоронгоос ирсэн гэмт хэрэгтнүүд шигдлээ. Өмхөрч муудсан оромжнууд дахь люмпен пролетариудад нэл шивээс болсон шоронгийнхноос ялгарах юм бага байлаа. 
 
Галт тэрэгний буудал дээр халаасны хулгайч, бөмбөлөг тоглуулагчид, луйварчид, гуйлгачид зэрэг янз бүрийн хүнэнцрүүд эргэлдэнэ. Маяковскийн паркад хөзөрчид хутга шөвөг дүрэлцэнэ. Хөлсний тэрэгний жолооч нар архи дамлана. “Харуулууд” Шувакиш, Төв захын дамчдаас татвар авна.
 
i_036
Уралмаршийнхны оршуулга. Эхнийх нь Григорий Цыгановын хөшөө.
 
Зөвлөлтийн цагдаа зогсонги байдлын үеэс л зохион байгуулалттай гэмт хэрэг байдаг гэдгийг үгүйсгэж, бүлэглэл болоод дээрэмчдийн хоорондох ялгааг олж харахгүй, “Дээрэмдэлт” гэдэг зүйл ангид зөвхөн Овчина, Трифон нар шиг новшнуудыг хамааруулдаг байлаа. 1988 онд ДЯЯ арай гэж нэг юм Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (УБОП) байгуулж, удалгүй бүс нутгуудад салбарууд (РУБОП) бий болов. Тэд орон нутгийн авлигад автаж болзошгүй дарга нарт биш, харин Москвад шууд харьяалагдана.
 
Свердловскийн тухайд “цэнхэрүүд” буюу эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг л зохион байгуулалттай гэмт хэрэгтэн гэж үзнэ. Гэтэл “цэнхэрүүд” нь бүлэглэл нийгэмлэг биш, харин нөлөө бүхий хэдэн этгээдийн эргэн тойронд тийм ч тогтвортой биш юмнууд бүрхэг битүүлэг эргэлдсэн гэмт хэргийн үл захирагдах орчин төдий байв.
 
“Цэнхэрүүд” хулгайч нарын уламжлалыг дээдлэн хулгай, дээрэм, дарамт, машины хулгай, хэн нэгнийг хүчээр ивээлдээ  авах, хар тамхины наймаа зэрэг энгийн хэрэг л үйлдэцгээнэ. “Цэнхэрүүд” дунд үндэстний бүлгүүд л хамгийн зохион байгуулалттай нь байлаа. Дархлагдсан хулгайч Тимур Свердловский, Тимур Мирзоев нараар дамжуулан гэмт хэргийн ертөнцийн хаан Хасан өвөө хотоос бага сагахан татвар татна.
 
Хоршооллын хөдөлгөөн мөнгө олох аргыг өөрчиллөө. “Цэнхэрүүд” хоршоологчдын асар руу дайрч, тэр дээрэмчдийг цагдаа нар хөөж чадахгүй байлаа. Хоршоологчид дээрмийн багтай тохиролцохоос аргагүйд хүрэв. Багийнхан тэдний наймааг хөндлөнгийн хүмүүсээс хамгаалсныхаа төлөө төлбөр авна. Тохиролцоог наймаачин өөрөө хүсч болно, галдан шатаах, түйвээх, эрүүг нь хуга цохих  зэрэг дарамтан дор зөвшөөрүүлж бас  болно.
 
Энэ зам дээр хамгийн түрүүлж гарч ирэгсдийн нэг нь  гэмт хэргийн толгойлогч Олег Вагин байв. Мөрийтэй тоглогч, валютын наймаачин тэрээр өнгөлөн далдлалт хийдэг хүчний бүлэглэлтэй байснаа рэкет, хамгаалалт хийдэг баг болгон өөрчлөв. Тэр үед нөлөөтэй хулгаруудын ажлын байр нь зоогийн газрууд болдог байв. Вагин “Космос” ресторан  дахь хамгийн сайхан уушийн газарт тухлав. Энд тэрээр хотын анхны Katerinburg казиног байгууллаа.
 
Казино Вагинтай нэгэн адил бүлгийн толгойлогч нарыг өөртөө татлаа. Хөзрийн ширээ тойрон цуглаад орилоон хашгираан, буу шийдэмгүйгээр асуудлаа шийдэх нь тэдэнд амар байв. Дарга нарын энэ баг хотын төв дэх ил далд бүх наймааг хянадаг учраас “төвийнхөн” гэж нэрлэгдэх болов. Харин “Космос”  ресторан дахь толгойлогчид өөрсдийгөө “Глобус” бизнес клуб гэж нэрлэлээ. Клубын ерөнхийлөгчөөр 1960 онд төрсөн гэмт хэрэгтэн Олег Вагиныг сонгов.
 
“Төвийнхөн” хамгийн анхны жинхэнэ зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафи боллоо. Тэд ажил хэргээ цэгцтэй тодорхой явуулж, бие биетэйгээ үл зөрчилдөнө. Хулгайлсан өнгөт металлыг гадаадад зарах нь шинэ төрлийн бизнес болов. Үүний тулд “Төв” өөрийн гэсэн хоршооллууд байгуулж, дараа нь бүр өөрийн гэсэн биржтэй ч боллоо. 
 
Вагин мужийн засаг захиргааны албан тушаалтныг худалдан авч том том хэлцлийн талаархи дотоод мэдээлэл авдаг болсноор “Төв”-ийн бүлгүүд наймаачдыг хаягаар нь очин дэлбэлнэ. “Төв” банк, үл хөдлөх, видеосалонуудын сүлжээ,  дэлгүүрүүдэд хөрөнгө орууллаа.
 
Харин Свердловскийн зах дахь аж үйлдвэрийн дүүрэг Уралмашт өөрийн гэсэн чононууд аж төрнө. “Уралмаш” стадионы залуу тамирчдад энгийн амьдрал нь дэндүү уйтан санагджээ. Тэд сайхан машинаар гоё охидтой зугаалж, дошин дээрээ нэр хүндтэй байж, сайхан амьдралаар амьдрахыг хүсэвч хотын захын залууст ямар ч гэрэл гэгээ байсангүй.
 
Гэхдээ тэрхүү тамирчин залууст гүн бат нөхөрлөл, хүчиндээ итгэх хүчирхэг итгэл, олимпын ялан дийлэх сэтгэлийн тэнхээ байв. Олег Вагины чацуутан Григорий Цыганов тамирчдын багийн толгойлогч боллоо.
 
Хамаатан садангууд, хашаа нэгт хөршүүд, биеийн тамирын танхимын танилууд дундаас Григорий Цыганов арвантаван хүнтэй найдвартай дайчин баг босгов. Григорий зурагдаж муудсан видео хуурцаг авчирлаа… Энэ бол манай дэг журам, манай хууль, бидний үзэл суртал. Энэ хуурцагны дүрмээр амьдарвал бид бүгдийг олж, бүхнийг даван туулна. Хувилан авцгаа эрчүүд ээ. Тэд хувилж авлаа. 
 
Хэдэн жилийн дараа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилж амжсан Уралмашийн хүн болгоноос шахам энэхүү кинотой хуурцгийг хурааж авах болно. “Загалмайлсан эцэг” кино. Копполагийн сонгодог бүтээл “Уралмаш” гэмт хэргийн зохион байгуулалттай бүлгийн библи нь, ёсзүйн дүрэм нь, хамтын зарчим нь боллоо.
 
Цыгановын баг цэцгийн наймаа хийдэг кавказууд дээр өөрсдийгөө анх туршиж, Ялалтын гудамжин дахь Уралмашийн захыг удалгүй хяналтдаа авлаа. 
 
Хоршооллынхон, жирийн наймаачдыг бүлэглэл татвараар мөлжлөө. Григорий хатуу чанга ажиллахыг шаардана. Хэн нэг нь захирагдахыг хүсэхгүй, эсвэл бултах гэвэл нэвширтэл зодож сэтгэл зүйн хувьд нугалж авах хэрэгтэй. Гэхдээ эрх мэдэлд согтуурхаж эмх замбараагаа алдаж болохгүй.
 
Цыгановын дээрэмчид 1980-аад оны төгсгөлөөр хөл дээрээ бослоо. “Төвийнхөн” удалгүй тэдний тухай сонсов. “Тамирчид” захыг хуурайлаад “Төв”-д хувь өгөхгүй байгаад хулгайч нар сүрхий гомджээ. Гэвч “Уралмаш” хулгайч нарын дүрэм журмыг хүлээж авахыг хүссэнгүй. Зөвшилцөх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого хамраа чихэлцсэнээр өндөрлөв. Тэр үед дуулгаваргүй Цыгановыг дуусгачихвал “цыганчууд” бууж өгнө гэсэн бодол Олег Вагинд төржээ.
 
Цыганов бие хамгаалагчгүйгээр явахаа больсон ч энгийн таван давхрын нэгдүгээр давхар дахь аав ээжийнхээ жирийн байранд зөвлөлт маягаар амьдардаг байлаа. 1991 оны зургадугаар  сарын 16-ны орой тэрээр биеийн тамирын өмд, гэрийн шаахайтай гал тогооны өрөөндөө орж ирэхэд нь алуурчин түүнийг цонх нэвт буудлаа. 12 калибрын сум элгийг нь зад цохижээ. Цыганов хагас цагийн дараа “түргэний тэргэн” дотор нас барлаа. Тэр 31-тэй байсан юм.
 
Гришагүйгээр цаашид яах вэ хэмээн бүлэг нь барьц алдан сандралдав. Алуурчны буудлага бүгдийн хувьд өвдөг сөгд гэсэн шаардлага байлаа. Гэвч Уралмашийн залуус өвдөг сөгдсөнгүй. Умардын оршуулгын газарт Григорийн булшны дэргэд тэд тэмцэнэ, өшөөгөө авна, эцсээ хүртэл үзнэ гэж андгай өргөв. “Зэрлэг ерээд он”-д ч цөөн хүн ийм зориг гаргаж чадахсан билээ. Григорий Цыганов зохион байгуулалттай гэмт хэргийн “Уралмаш” бүлгийн шүтээн нь болж, түүний зураг уралмашынхны ажлын өрөөнүүдэд бүгдэд нь өлгөөстэй байх болж, Григорийн мэндэлсэн нэгдүгээр сарын 23-ны өдөр бүлгийн нийтлэг баяр болж хувирах болно.
 
3. ДЭЭРЭМЧДИЙН ИХ ТУЛААН – I
 
Гэмт хэргийн зохион байгуулалттай “Төв” бүлгийн толгойлогч Олег Вагин 1992 оны зун Жуковын гудамжны 11 дүгээр байшинд өөртөө байр худалдаж авлаа. Энэхүү элит байранд Эдуард Россель амьдардаг байв (Свердловск мужийн амбан захирагч –Орч.). Уурссан “цыганчууд”  араас нь ангуучилна гэдгийг Вагин мэдэж байсан ч дайснууд нь булангийн цаанаас фин хутгатай дайрна гэж боджээ. Гэвч “Уралмаш” бүлэглэл нийтийн дайнд бүтэн жил бэлтгэлээ.
 
Бүлэглэлийг алуулсан толгойлогчийн том ах Константин Цыганов толгойллоо. Ах дүү Цыгановынхны холын хамаатан Сергей Терентьев хүчээр довтлох ажлын зохион  байгуулалтыг хариуцав. Терентьев эрүүгийн гэмт хэрэгтэн Сергей Курдюмовыг авчирлаа. Курдюмов хулгайн хэргээр 12 жил суугаад гарсан, шоронд байхдаа энэ “цэнхэр” хулгайч нарыг, “Төвийнхөн” шиг бүх хулгайч нарыг үзэн яддаг байж. 
 
“Уралмаш” Курдюмовыг өөрийн “үхлийн эскадрон”-ын даргаар сонголоо. Өширхсөн дайснууд нь Курдюмовын ялалтыг дараа нь тайлбарлахдаа шоронд түүнийг “доош нь хийж”, өгзгөн дээр нь гилийн түүз шивсэн болохоор нөлөөтэй хулгаруудыг устгаж, “цэнхэрүүд”-ээс өшөө авдаг гэсэн цуурхал тараажээ.
 
Курдюмов гуч орчим дайчид цуглуулан бэлтгэл хийлгэж эхэллээ. Дайчдын байх газар нь Ёбургийн захад орших “Сплав Limited” фирм. Дайчид эндхийн ажилтнууд гэж тооцогдоно. Энэхүү тусгай багийн бие бүрэлдэхүүн салаа  тасагт хуваагдана. Тэдэнд арми, ДЯЯ-ны мэргэжилтнүүд тулааны тактик, радио мэдээг замаас нь барих, тэсэлж дэлбэлэх, мөрдөж мөшгөх хичээл заана. 
 
Төмөр мэт сахилга бат энд ноёлно. Онцгой цалинтай. Ажиглагч сард 1000, мэргэн буудагч 3000 рубль авна. Ямар нэгэн ёс зүйн талаар мартахыг дайчдад тушаана. Ажиглагчид бусдын хүүхдийг “түрээсээр авч” хүүхэдтэйгээ зугаалж байгаа эцгийн дүрд хувирах нь бий. Ажиллагааны үеэр дэргэдүүр өнгөрч явсан энгийн хүмүүс шархдах нь бий. Дайчдынхаа соёлын арга хэмжээнд зориулж Курдюмов “Сплав” дээр тэр цагийн Оросын алдартай поп оддыг авчирч байсан гэх домог явдаг.
 
Энэ тусгай салаанаас гарах гарц байдаггүй байлаа. Хожим нь мөрдөн байцаагчид “Курдюмовын дээрэмчид”-ийн үйлдсэн 27 аллагыг нотолж чадах бөгөөд тэдгээрийн найм нь өөрийнхөө нөхдийг цаазалсан хэрэг байдаг. Хэн нэг нь даалгавар биелүүлээгүй, хэн нэг нь дүрэм зөрчсөн. “Тусгай”-гийн нэг нөхөр найз бүсгүйдээ үйлдсэн гавьяагаа гайхуулан ярьсны төлөө түүнийг, найз бүсгүйг нь ч бас боомилон хороожээ. Өөр хоёр дайчныг урвасан гэж сэжиглээд бүгдийн өмнө буудан алаад авто зам тавьж байсан асфальтан доорхи худаг руу чулууджээ.
 
1992 оны намар Курдюмовын тусгайгийнхан Вагиныг мөрдөж эхэллээ. Түүний явдаг зам, өдрийн хуваарийг нь тодорхойллоо. Аравдугаар сарын 23-нд Вагины орцны дэргэд ачааны даруухан “Москвич” ирж зогслоо. Бүхээг нь хоосон түүнд сэжигтэй юм байсангүй. Гэвч төмөр чингэлэгт нь хоёр алуурчин суучихаад ажиглалт хийж байв. Тэд бараг хөдлөлгүй, бараг амьсгалалгүй гурав хоног таг чимээгүй сууцгаав.
 
Аравдугаар сарын 26-ны өглөө 10 цагт Олег Вагин гурван бие хамгаалагчтай цуг орцноос гарч ирлээ. Алуурчид “Москвич”-ээс явган зам дээр үсрэн бууж автоматаар галлав. Хоёр бахим эр тариан түрүү хяргуулах мэт унаж, гурав дахь нь үсэрч очоод боссоо цээжээрээ хамгааллаа.
 
Вагин ойрхон байсан нуман хонгил руу, гудамж руу гардаг гарц руу ухасхийсэн ч тэндээс нь калашник барьсан бас нэг алуурчин гарч ирээд “Төв”-ийнхний толгойлогчийг сийчиж орхив. Үнэтэй костюмтай дөрвөн үхдэл тунамал цусан дунд хэвтэнэ. Алуурчид хяналтын буудлагаараа гавлыг нь зад татаж орхиод өөрсдийг нь хүлээж байсан машин руу гүйлдлээ.
 
Ийнхүү дайснаа үндсээр нь устгадаг, бүх хүнийг өвдөг сөгдүүлэхийн тулд дэндүү хэрцгий, зэрлэгээр алдаг арга барилаа “Уралмаш” тодорхойллоо. Мэргэн буудагч ганцхан удаа чимээгүй буудах биш, харин хэд хэдэн аврага эрс гудамжнаа ил цагаанаар, энгийн шудрага иргэдийн нүдэн дээр гэдсэндээ тулган барьсан автоматын галаар дайснаа шүршиж орхино.
 
aeea8c3a_resizedScaled_817to542
Олег Вагин, түүний хамгаалагчдын оршуулга
 
Вагин болоод түүний хамгаалагчдыг Өргөн Голд оршуулав. Тэдний булш оршуулгын газрын хамгийн тансаг цогцолбор болжээ. Хаш, боржин, гантиг чулуун бунхан, долоон метр өндөр загалмай, хүрэл цээж баримлууд, баримал болгоны өмнө тус тусад нь асаасан мөнхийн гал. Энэ цогцолборт дараа нь “Уралмаш”-ийнханд хайр найргүй нухуулсан “Төв”-ийн толгойлогчдод босгосон хөшөөнүүд нэмэгдэх болно.
 
Дайн яалтгүй эхэллээ. “Төв” бүлэг дэх Вагины орон зайг “Глобус” бизнес клубын шинэ захирал Сергей Долгушин эзэллээ. Тэрээр “Уралмаш”-ийн толгойлогчийг ал гэж тушаав. “Төв”-ийнхөн Цыгановыг хаа нэг тийш онгоцоор нисэхэд онгоцыг нь буудаж унагахаар шийдэн пуужингийн төхөөрөмж худалдан авсан гэж домог ярьцгаадаг. Гэвч Курдюмовын тагнуулууд энэ төлөвлөгөөг нь мэдчихээд отолт зохион байгуулжээ.
 
1993 оны гуравдугаар сарын 3-нд Долгушины гэрийн гадаа ажиглалт хийж байсан дайчин Коха “Төв”-ийн  хамгаалалтынхан цуваа хүлээж авахаар бэлтгэж байгаа тухай мэдээллээ. Курдюмовын дайчид унаандаа ухасхийн сууцгаав. Тэд цувааны араас залган Долгушины хашаанд орж ирээд машинаасаа үсрэн бууж хамгаалалтынхныг сэхээ авахаас нь өмнө лимузинүүд рүү шуурган гал нээлээ. 
 
Машинд байсан хүмүүс биесээ дэрлэн унацгаахад уралмашийнхан өөрсдийн унаандаа суун буцаад давхив. Амь гарсан хэн нэгэн буудагчийг таниад “Коха чи муу гөлөг” хэмээн утаа манарсан лимузин дотроос хашгирлаа. Курдюмовынхонд эргэж ирэн хяналтын буудлага хийх боломж байгаагүй болохоор Курдютов өөрөө Кохаг буудан унагалаа.
 
Долгушин амьд үлдсэнийг Уралмашийнхан гуравдугаар сарын 4-нд олж мэдлээ. Тэрээр 24-р эмнэлгийн сэхээн амьдруулахад үүдэндээ харуултай, өөрөө аппаратанд залгаастай хэвтэж байв. Тэгэнгүүт Курдюмовын дайчид дэд станцад хүрч очин эмнэлгийн цахилгааныг тэр чигт нь тасаллаа. Аппаратууд ажиллахгүй болж, Долгушин нөгөө ертөнцрүү чимээгүйхэн одов.
 
Бүлгүүдийн тулаан толгойлогчдыг устгаснаар хязгаарлагдсангүй. Толгойлогчдыг буудна, “томчууд”-ыг унагана, наймаачдыг ална. Цагдаа бүлэглүүдийг дийлэхгүй, хоорондоо уралцаж буй тираннозавруудыг салгаж чадахгүй байлаа. Харин зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар   гүрвэлийн зүрхрүү нь буудан зодооныг зогсоохыг оролдов.
 
“Уралмаш” бүлэглэлийн толгойлогч Константин Цыганов “Интерспорт” ББХК-ийн ерөнхий захирал гэгддэг байв. 1993 оны дөрөвдүгээр сарын 29-нд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан хяналтын дуранг буудаж сохлоод Уралмаш заводын Соёлын ордонд байсан “Интерспорт”-ын ажлын байранд нэвтрэн бүгдийг шалан дээр хэвтүүлж, Цыганов болон түүний туслахуудыг гавлав.
 
Ингэчихээр гэмт хэрэгтнүүд болино гэж  засаг захиргаа боджээ. Үнэхээр ч шантарсан мэт байлаа. Гэвч далайн ус эрэгрүү илүү хүчтэй цунами болон удахгүй эргэж ирэхийн тулд ийнхүү чимээгүй болдог билээ.
 
4. ДЭЭРЭМЧДИЙН ИХ ТУЛААН II
 
“Уралмаш” бүлгийн толгойлогч Константин Цыгановыг ЗБГХ-тэй тэмцэх албаныхан баривчлан хорилоо. “Уралмаш” гурав хоног дүнсгэр царайлан чимээгүй байснаа хариу барилаа.
 
news72_83
Свердловск мужийн засаг захиргааны төв байр
 
1993 оны тавдугаар сарын 2-ны шөнө Михайловскийн оршуулгын газрын загалмайнууд дунд биеийн тамирын хувцастай хүн бий боллоо. Тэр шарил дундуур сүлжин чимээгүй хотын өмнөд захад хүрээд өрөөсөн хөл дээрээ өвдөглөн сууж, мөрөн дээрээ гранатомёт тавиад оршуулгын газрын хажууд байх барилгын цонх руу хашаан дээгүүр буудлаа. Энэ байшин нь Мужийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын байр байв. Гранат архивыг зад цохин хоёр ч өрөө галд автав.
 
-Уралмаш” төр болоод ЗБГХ-тэй тэмцэх газарт алгадуулсныхаа хариуг ингэж өглөө. “Уралмаш” бүгд рүү довтоллоо. Цагдаа нар, “Төв”-ийнхөн, “Цэнхэрүүд”, “Афганд алба хаагсад”, чөтгөрүүд, Бурханд хүртэл халдав.  Хотын захын үйлдвэрийн биеийн тамирын хувцас, савхин хүрэм өмссөн эдгээр залуус зоригтой, өрөвдөх сэтгэлгүй desperado-нууд байлаа.
 
Зургадугаар сарын 10-нд гэгээн цагаан өдрөөр Октябрийн талбайн дэргэдэх бутанд (буудлага хийсэн тэр газарт нь одоо  Hyatt зочид буудал байгаа) гранатомётын бас нэгэн буудлага нүргэлэв. Энэ удаад мужийн зөвлөлийн өндөр барилгыг сум оножээ. Дэлбэрэлтийн улмаас түлэнхий хар мөр гадна ханын өнгөлгөөний гантиган дээр үлдэв. Екатеринбургийн “Уралмаш”-ийн мэргэн бууч дараахан нь Оросын ерөнхийлөгч, мөн л екатеринбургийн гаралтай  Борис Ельцин Цагаан ордныг яасантай бараг адилхан үйлдэл ийнхүү хийв.
 
Буудсан этгээд Загор гэдэг хочтой Олег Загорулько гээч байв. Тэрээр 1995 оны зун дархлагдсан хулгайч Тимур Мирзоевыг отож байгаад өөрийнхөө тавьсан минаны дэлбэрэлтэд өртөнө. Гэдэс дотор нь цувсан мина тавигчийг эмнэлэгт хүргэснээр амьд гарч, мэдүүлэг өгч эхлэнэ. Мөрдөн байцаагчид бөөн баяр болцгоолоо. Загорулькогийн өрөөний үүдэнд “Альфа”-гийн дайчид харуулд гарсан ч уралмашийнхан түүнийг хулгайлж авна. Загорыг үүнээс хойш хэн ч хаана ч хараагүйг бодоход түүнийг чимээ аниргүйхэн цаазалсан биз.
 
Загорулько ЗБГХ-тэй тэмцэх газрын байр, Цагаан ордон руу буудахдаа ашигласан  гранатомётыг 1998 онд мужийн амбан захирагч Росселийг хороохоор оролдсон  халдлагыг зохион байгуулагчийн байрнаас олно.
 
Бүлгүүдийн тулалдаан үргэлжилсээр байлаа. Константин Цыганов хоригдож байгаа ч хотын энд тэндгүй автоматын дуу тачигнаж, “Уралмаш”-ийнхан –Төв”-ийнхнийг буудсаар байв.
 
“Төв” шинэ толгойлогчтой болжээ. Тэр бол урьд  нь боксчин байсан, одоо бол Европод маргад эрдэнэ, зэс нийлүүлж, Африкийн хаа нэгтээ хуучин онгоцнууд түрээсэлдэг “Урал-регион” нэртэй сэжигтэй компанийн ерөнхий захирал Николай Широков. Широков их ажлын дараахи ядаргаагаа “Калининец” усан сангийн саунд орж тайлдаг. 1993 оны аравдугаар сард уралмашийнхан тэнд нь цагийн удирдлагатай тэсрэх бөмбөг тавьжээ. 
 
Дэлбэрэлт өчнөөн хүнийг эрэмдэг болгосон ч Широков тэр өдөр усанд орохоор очоогүй аж. Тэрээр 3уралмаш” өөрийг нь ониллоо гэдгийг ойлгоод яаралтай Будапешт нисч “Урал-регион”-ыхоо оффист бүглээ.
 
“Цралмаш”-ийн тусгай баг, Сергей Курдюмовын бүлэгтэй байлдахын тулд “Төв”-ийнхөн Первоуральскийн эх захгүй дээрэмчдийг хөлсөллөө. Тэд хуурамч архи зарж, машин хулгайлж, булаан дээрэмдэж, аллага үйлддэг хог шаарнууд байв. Тэдэнд пуужингийн  гар удирдлагатай төхөөрөмж хүртэл байдаг байлаа. Энэ сүргийг эрүүгийн хэрэгтэн Георгий Архипов удирдана.
 
Курдюмовынхон Широковын араас Унгар явж, архиповынхон курдюмовынхны араас нэхлээ. Курдюмовынхон Будапештэд очоод Широковын амраг бөгөөд нарийн бичгийн дарга Елена Романенког дэгээдээд авчээ. Айсан бүсгүй боссоо барьж өглөө. 1993 оны арванхоёрдугаар сарын 5-нд Курдюмов өөрийн дайчидтай цуг “Люнер” гар буу барин Широковын гэрт нэвтэрч хамгаалагч нарыг нь цааш харуулж, “Төв”-ийн толгойлогчийг бараг л амрагтайгаа орондоо хэвтэж байхад нь шахам нухчихжээ. 
 
“Уралмаш”-ийн оноосон ял Эринийгийн өшөө авалт (Эриний гэж эртний герегийн өшөө авалтын бурханыг нэрлэдэг –Орч.) мэт эргэлт буцалтгүй хэрэгждэг байв. Чиглүүлж өгсөн аз муутай нарийн бичиг бүсгүйг ЗБГХ-тэй тэмцэх хэлтэс  баривчилж, 2001 онд шүүх түүнийг цагаатгана.
 
Ам дамжсан яриагаар бол Широковын данснаас “Уралмаш”-ийн дансанд 100 орчим сая доллар урсан оржээ.  “Төв”-ийнхний хөлсөлсөн архиповын шаарнууд курдюмовынхонд саад хийж чадаагүйдээ хорсон, тэдний гарт оруулахгүйн тулд  Балатоны нисэх буудал дээр зогсож байсан Широковын Ил-76 онгоцыг дэлбэлжээ. Гэмт хэргийн “Төв”  бүлэглэл дахиад л толгойлогчгүй боллоо.
 
“Глобус” бизнес клубын ээлжит үхдэл нь “МиКуч” ББХК-ийн захирал Михаил Кучин болно. Тэр бүр Вагины үед л Төв захыг “эзэмшдэг”, татвар өгөхийг хүсээгүй наймаачдыг зовоодог “тарчлаах газар” хүртэл өөртөө бий болгосон нэгэн. 2004 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Волгоградская гудамжин дахь хувийн байшингийнхаа орцноос Кучин гарч ирээд “Бумер”-аа халаахаар түлхүүр түлхлээ. 
 
Яг энэ үеэр дэргэдүүр нь ес загварын лада машин нисэн өнгөрч, онгорхой цонхоор нь автоматаар галлав. “Төв”-ийн нэвт шүршүүлсэн толгойлогчийн цогцос замын хажуугийн цасан дээр үлдлээ.
 
Яг энэ үеэр  мөрдөн байцаагч, шүүгчид Константин Цыгановт ял өгчих санаатай хий эргэцгээж байв. Гэрч нар алга болно. Хамгийн аюултай гэрч нь  мөрдөн байцаагч руу очиж явахдаа мэргэн буучийн суманд өртөн зам дээр уналаа. Шүүгч Довгийг арматурын төмрөөр зодов. 
 
Цыгановыг шүүх хурал болох ёстой байсан Верх-Исетскийн шүүхийн байранд дээрэмчид 1994 оны дөрөвдүгээр сарын  12-нд бөмбөг дэлбэллээ. Тийм болохоор Цыгановыг арай хол Пермь рүү шилжүүлж, дөрөвдүгээр сарын 29-нд Лениний дүүргийн энэрэнгүй шүүх “Уралмаш”-ийн толгойлогчийг тэр үеийнхээр хоёр “Жигули” машины үнэ болох 150 сая рублийн барьцаан дор суллаж орхив.
 
Цыганов амар тайван сууж төвдсөнгүй. Долдугаар сарын 6-нд Декабристуудын гудамжин дахь “Алтан Пегас” казинод Цыганов дагуулуудтайгаа орж ирлээ. Энэ казино “Төв”-д харьяалагддаг байв. Уралмашийнхан тэндхийн эзэдтэй юу наймаалцсаныг бүү мэд, ямартай ч Цыгановын “бухнууд” төд удалгүй “Төв”-ийн нэр нөлөөтэй этгээдүүдийн нэг Фларит Валиевыг казиногоос чирч гаргаад тэр дор нь автоматаар шүршиж орхижээ.
 
Цыгановыг тэр дор нь эрэн сурвалжилж эхэллээ. Тэр ч бас хувь заяагаараа тоглоё гэсэнгүй, “Уралмаш” бүлгийн үйл хэргийг найдвартай хамтрагчдаа даатгаад  шуудхан Израйль руу гараад явчихжээ.
 
5. ДЭЭРЭМЧДИЙН ИХ ТУЛААН III
 
i_065
Александр Хабаров
 
Константин Цыгановыг зугатсаны дараа гэмт хэргийн “Уралмаш” бүлэглэлийг тус бүлэглэлийн санхүүч Александр Хабаров толгойлов. Тэгэхэд тэрээр 37 настай байжээ. Жирийн дайчдынх нь хувь тавилан нь сургууль – цэрэг – спортын танхим – тулаан гэсэн нэгэн хэвийн дүр зурагтай байдаг. Харин Хабаров багшийн дээд сургууль төгссөн, 23 насандаа олимпийн нөөц бэлтгэх сургуулийн захирлаар томилогдсон нэгэн байв. Тэндээ таван жил ажиллаад тус бүлэглэлд шилжин ирсэн. Хабаров төрөлхийн сурган хүмүүжүүлэгч, удирдагч, улстөрч байлаа.
 
“Уралмаш”-ийн хүч хэрэглэсэн үйл ажиллагааг урьдын адилаар Сергей Курдюмов удирдана. “Уралмаш” гэмт хэргийн бүлэглэлийн дайчид хайр найргүй тулаанаар хамаг дайснаа толгой дараалан бут цохисон, одоо үлдэгдлүүдээс нь хотыг цэвэрлэх л үлдээд байлаа.
 
“Төв”-ийн толгойлогч нь тус бүлгийн “мөнгө баригч”  Александр Вараксин боллоо. Тэрээр видеосалон мэтхэнээр эхлээд тун сүрхий дээшилж кино концертын “Космос” театрын хэсгийг нь өөрийнх болгожээ. Вараксин зодоонд дургүй бөгөөд их урлагийг таашааж, 1991 онд “Космос”-т өдгөө эртнийх гэгдэх болсон “Эльдорадо” диског анх бий болгож, дараа нь “Глобус модель” гэдэг товчоо байгуулжээ. 
 
1997 онд “Глобус”-ын залуухан загвар өмсөгч Люда Попова “Оросын сайхан бүсгүй” болж Сейшельд болсон “Дэлхийн сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байлаа. Ийм замналтай Вараксин автомат буу, гранатомётаас их хол байлаа.
 
“Уралмаш” анхны удаа түүнийг 1995 оны нэгдүгээр сарын 31-нд хороох гэж оролдов.  Вараксины жийп зогсоолд байгаа “лада-зургаа”-гийн дэргэдүүр өнгөрч явтал гексоген хэмээх тэсрэх бодис чихсэн жигулийг радио удирдлагаар дэлбэлэв. Тэсрэлтийн долгион жиип нэвт цохисон ч тэр өдөр Вараксин өөрийнхөө Hyundai-д суугаагүй юмсанж. Хоёр хамгаалагч нь нас барлаа.
 
Уралмашийнхан мөн оны долдугаар сарын 27-нд Вараксинд хоёр дахь удаагаа халдав. Вараксин өдөр болгон шахуу дэргэдүүр нь машинтай өнгөрдөг шугам сүлжээний хоолойн таганд тэсрэх бөмбөг бэхэлснийг аз болоход хамгаалалтынхан соргогоор анзаарчээ.
 
1995 онд “цэнхэр”-үүдийн ээлж боллоо. “Уралмаш” эрүүгийнхний удирдагчдыг устгаж, заримыг нь сэтгэлзүйн хувьд мохоов. Гуравдугаар сарын 10-нд нүүрээ халхалсан, автомат буутай хүмүүс Бурма хочтой, нөлөө бүхий эрүүгийн хэрэгтэн Хакимжан Имьяшиновын орцны гадаа харуулдаж байгаад буудав.
 
Зун нь Морпех, Загор, Таксичин хочтой гурван дайчин Хасан өвөөгийн гарын хулгайч Тимур Свердловскийн хаалган дор тэсрэх бөмбөг байрлуулахыг оролдлоо. Бөмбөг өөрсдийнх нь гарт дэлбэрч Морпех үхэж, Загор гэдсээ цувуулсаар ЗБГХ-тэй тэмцэх хэлтсийнхэнд баригдаж, Таксичин зугатаав. Тимур амиа алдахаас айн Сочид амьдрахаар явлаа.
 
Удалгүй хулгайч Андрей Трифоновын орцонд бөмбөг дэлбэрч, бүр  шатыг нь салж унатал дэлбэрлээ. “Уралмаш” үүнээс хойш Трофатай ямар ч асуудалгүй болсон бөгөөд хэдэн жилийн дараа Трофа бүр тэдний талын хүн болно.
 
Энэ бүхэн гайхалтай байлаа. “Уралмаш” өөрийн зам дахь саад бүхнийг аврага том мөс зүсэгч онгоц мэт чимээ шуугиантайгаар бутлаж хаяв. Гэвч “Уралмаш”  юу ч хийж  болно гэсэн аймшигтай бодлыг хотод өгч орхижээ. Юуг ч хийж болох үед Бурхан байхгүй болно.
 
Хотод тавь орчим дээрэмчид буудаж, хутгалж, зодож нүдэж, гранат чулуудаж эхэллээ. Тэд гэмт хэргийн “Уралмаш” бүлэглэлээс дутахгүй харгис хэрцгий аж. Тэдний хүчирхийлэл хэвлэлээр нэг шуугилдан байсан гэмт хэрэгтнүүдийн үхлээс хальж, зовлон зүдгүүр нь хэнд ч сонин биш жирийн иргэд рүү чиглэлээ.
 
Насанд хүрээгүй багачуудын гэмт хэрэг өслөө. Нусгай болгон өөрийгөө шийдсэн хулгайч мэтээр төсөөлж, бүлэглэлд элсэн автомат эзэмшиж чадахаа нотолж эхлэв.  Тулааны урлагийн сургуулиуд хамгийн их эрэлттэй болж, зөвхөн ВИЗ-ийн “Нар луу явагсад” нэртэй клуб гэхэд л бүтэн хагас мянган багачуул бие биенээ кекүшинкэй каратэгийн цохилтоор балбаж байлаа. Ийм клуб дурын бичил дүүрэгт байдаг байв.
 
Хар тамхи. ДОХ. Хуурамч архи. Пирамид. Нууц бүлгүүд. Автомат тоглоомууд. Сүлжээний маркетинг. Гудамжны замбараагүйтэл. Ажилгүйдэл. Мөнгөгүйдэл. Худалдагдсан депутатууд. Худалдагдсан албан тушаалтнууд. Худалдагдсан цагдаа. Худалдагдсан шүүх. Цонхон дахь төмөр тор. Айлын орц хаалган дахь төмөр хаалга. Ёбург хууль цааз гээчийг мэдэхээ болив. Ялагдашгүй “Уралмаш” энд амьдралын хэв маягийг доторхойлж байлаа.
 
1995 оны сүүл рүү “Уралмаш”-ийн дээгүүр үүл нүүгэлтэж эхлэв. Арванхоёрдугаар сард дээрмийн “тусгай салаа”-ны ахлагч Сергей Курдюмовыг баривчиллаа.  Онцгойлбол зохих  араатан гэдэг нь тодорхой учраас түүнийг Доод Тагильд авчиртлаа олон шорон дамжуулжээ. 
 
Тэгтэл шүүгч Татьяна Тюрина гэнэтхэн л хоригдол эр түрүү булчирхайн хавдраар шаналж байна хэмээн сандчиж 1996 оны дөрөвдүгээр сард азгүй эрийг тэр үедээ инээд хүргэмээр бага мөнгө болох 70 сая рублийн барьцаан дор суллаж орхив. 
 
Шүүгч бүсгүй дараа нь цүнх дүүрэн мөнгөтэй явахыг хэн нэгэн дараа нь харсан гэдэг. Курдюмов шоронгоос гараад үүрд алга болов. Ямар ч хавдар байсангүй. Курдюмовыг улс орноос гараад явчихсан, пластик хагалгаа хийлгэсэн болохоор хэн ч олж чадахгүй гэцгээдэг.
 
1996 оны зун “Уралмаш”-ийн өмгөөлөгчид Ёбургад үлдээд байсан бүлгийн бүх толгойлогчдод үүсгэсэн эрүүгийн хэргийг зогсоолгож чадлаа. Мөн оны есдүгээр сард шүүх Константин Цыгановт  үүрүүлсэн бүх ялаа хэрэгсэхгүй болгож, эрэн сурвалжлахыг зогсоосон ч Цыганов Орост эргэн ирсэнгүй. Тэр 2011 он хүргэж байж л эргэж ирнэ.
 
“Уралмаш” аравдугаар сард “афганчууд”-ын удирдагч Виктор Касинцевтэй мэргэжлийн өндөр түвшинд тооцоо бодлоо. Эхлээд түүний нэр хүндийг шороотой хольж, дараа нь буудан алав. “Уралмаш” ийнхүү Афганистаны дайчдын холбоо хэмээх хүчирхэг байгууллагыг тоглоомноос гаргалаа.
 
Гэвч арваннэгдүгээр сард “Уралмаш” үхлийн цохилт амслаа. Константин Цыганов, Александр Хабаров нарын дараагийн, гуравдахь хүн болох Сергей Терентьевийг Внуково нисэх онгоцны буудал дээр ЗБГХ-тэй тэмцэх албаныхан баривчиллаа.
 
Терентьевийг Цыганов, Курдюмов нарын нэгэн адилаар шүүх хурал болтол суллахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа таван жил үргэлжилнэ. Сергей Тементьевтэй цуг гэмт хэргийн “Уралмаш” бүлэглэлийн 17 хүн шүүгдэгчийн сандалд сууна. Тэднийг нэгэнт илрүүлэн нотолсон 87 гэмт үйлдлээр яллана. Тэдгээрийн 27 нь аллага байна. 2001 онд бүгдэд нь 5-15 жилийн ял онооно. Гэвч бүлэглэлийн өмгөөлөгчид газар нүхэлж, тэнгэр цоолтлоо хөөцөлдөнө. 2002 оны зун Сергей Терентьевийн хэрэг гэнэт сарниж, Терентьев  чөлөөтэй болно.
 
Гол хүчнээ алдсан бүлэглэл аргаа өөрчлөв. Цаг үеэ өөрчлөх  хэрэгтэйг Александр Хабаров ойлгожээ. “Уралмаш” цуст дайнаар бүх өрсөлдөгчөө бут цохисон. Ёбургад учраа олохгүй жижигхэн бүлэглэлүүд энд тэнд гүйж буудаж байгаа ч, уралмашийнхан өөрсдөө ч гэсэн нуруун дахь буугаа авч өлгөөгүй байгаа ч гэсэн бүлэглэл илүү өндөр түвшний бизнес рүү тэмүүлж эхэллээ. Энд том том боссууд бие биентэйгээ хайр найргүй уралцах болно. Гэхдээ тэд албан тасалгааны хаалганы цаана, чимээ шуугиангүйхэн үзэлцэнэ.
 
6. АЛХДАГ ЭКСКОВАТОРЫН ХҮҮХДҮҮД
 
Зохион байгуулалттай гэст хэргийн бүлэглэл (ЗБГХБ) “Уралмаш”-д хамаарагсдад Москвагийн сэтгүүлч Сергей Мостовщиков “алхдаг эксковаторын хүүхдүүд” гэдэг сайхан тодорхойлолт бодож олсон билээ. 1990-ээд оны дундуур уралмашийнхан Ёбургийг эзэрхийлж, дайснуудаа бараг бүгдийг нь буудан алж, дэлбэлж, сэтгэл зүйн хувьд нухчин дараад ялагдагсдын бизнесийг булаан авсан юм.
 
i_023
 
Гэвч бүлэглэлийн толгойлогч Александр Хабаров төр улс хүчирхэгжиж байна, өмчийг булаах дээрэмдэх замаар олох нь тийм ч таатай биш гэдгийг сайн ойлгож байлаа. Гэмт бүлэглэлүүдийн тулаан дунд эргэлдэж байгаад “Уралмаш” хувьчлалаас хоцорчихлоо гэж Хабаров үглэдэг байв. Тэгэхээр “алхдаг эксковаторын хүүхдүүд”-эд байгууллагуудыг уулгалан эзлэснээр хурдтай хөрөнгөжих ганц арга л үлджээ.
 
“Уралмаш”-д саад байсангүй. Нэгдүгээрт, тэдэнтэй маргахаас айцгаана. Цээжиндээ гранатомётоор нүхлүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ? Хоёрдугаарт, “Уралмаш” бүлэглэл маш том дундын сантай. Цуу яриагаар бол мужийн төсөвтэй тэнцдэг. “Уралмаш” амжилттай ажиллаж байгаа байгууллагуудыг хайрлах сэтгэлгүй дээрэмчид мэт уулгалан эзэлнэ. Гэхдээ олзоо хоослохын оронд джндын сангаасаа нэмж хөрөнгө оруулалт хийдэг байлаа.
 
Энэ нь гайхаш төрүүлнэ. “Уралмаш” үйлдвэрийг авсалсангүй, харин ч бэхжихэд нь тусалж, зээл өгч, хамгаалж, тэр битгий хэл татвараа өгч чадахаар чөмөг суутал нь татвараас чөлөөлөх нь  ч байлаа. Алсын хараатай Хабаров сүүтэй үнээгээ алж идсэнгүй, алтан өндөг гаргадаг тахиануудынхаа хүзүүг хуга мушгисангүй. 1990-ээд оны хоёрдугаар хагаст ЗБГХБ-д 2 мянга орчим хүн тогтвортой ажиллаж байсан нь дандаа калашниковын автомат үүрсэн хоолой огтлогчид биш, тэдэнд дунд хуульч, эдийн засагч, менежерүүд бас байсан юм.
 
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол  “Уралмаш”-ийн мөнгөөр 12 банк байгуулагдсан байдаг. Тэдгээр банк ЗБГХБ-ийн үйл ажиллагааг санхүүжүүлж, ашгийг нь угаана. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр “Уралмаш” муж болоод хотын том жижиг 140-600 байгууллага, аж ахуйг хянадаг байв. 
 
Тэдгээрийн дунд Первоуральск, Северийн төмөр хоолойн үйлдвэр, Екатеринбургийн буудлууд, нефть боловсруулах үйлдвэрүүд (“Уралмаш” Газрын дундад тэнгист өөрийн нефть тээвэрлэгчтэй гэлцдэг байв), Ирбитийн шилний үйлдвэр, Тавдагийн спиртийн үйлдвэр, Екатеринбург, Каменскийн дарсны үйлдвэрүүд байлаа. Бүлэглэлийн толгойлогч болгон 20-30 бизнес эзэмшинэ.
 
“Уралмаш” пуужингийн анги шиг дайнд ямагт бэлэн байв.  Сонгосон объектоо илрүүлэгч, хүчнийхэн болоод дарга түшмэлүүдийн яриаг  сонсогч төхөөрөмжүүд, дотоод холбооны хэрэгсэл бүхий техникийн жигдэрсэн албатай. Зэр зэвсэг зэвэрч хэвтсэнгүй. Бүлэглэл дотооддоо хатуу сахилга баттай, бүх зүйл санхүүгийн нарийн тооцоо хяналттай.
 
ЗБГХБ-ийн эрүүгийн гэмт хэргийн тоо тасралтгүй буурсаар байлаа. “Уралмаш” эр бярын хүчирхийллээсэдийн засгийн хүчирхийлэл рүү шилжлээ.
 
1990-ээд оны эхнээс л “Уралмаш” ЗБГНБ-ийн хаалт хамгаалалт нь мужийн дотоод хэргийн газрын дарга, генерал Валерий Краев байсан гэдэг. Краевт болохоор Россель (мужийн амбан захирагч –Орч.)итгэдэг байлаа. 1990-ээд оны дундаас генералыг авмомашины зогсоол, загасны дэлгүүр зэрэг бизнестэй боллоо гэх хов үг цухалзах болжээ.
 
1998 онд генерал Краев хотын дарга, мужийн захирагч хоёрын дунд дэгдсэн дайны улмаас алх дөшний завсарт хавчуулагдана. Есдүгээр сард генерал өөрийнхөө 50 насны ойг Сочи дахь зуслангийн байранд хийнэ. Чернецкий (Тэр үеийн Екатеринбург хотын дарга –Орч.) түүнд баяр хүргэхээр ирэх бөгөөд дараа нь Оросын засгийн газар ойн ёслолын дүрс бичлэгтэй хуурцаг хүлээн авна. 
 
Тэр ойн баяр дээр онцгой юм байсангүй. Найз дээрэмчид нь байсангүй, учиргүй тансагласангүй. Гэхдээ л ямар нэгэн зүйл ДЯЯ-ны удирдлагуудыг сүрхий түгшээнэ. 1999 оны гуравдугаар сард бичлэгтэй хуурцагны дуулианы дараа генерал Валерий Краевыг Москва руу шилжүүлнэ.  Нэр хүнд нь сэвтсэн авлигачид ахадсан алба болох Гүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын орлогч даргаар  тэр томилогдоно.
 
“Уралмаш”-ийн дайсан нь бүс нутгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Василий Руденко байлаа. Тэрээр тэдэнтэй улайран тэмцдэг байв. Тэглээ гээд жинхэнэ эр цэрэг гэж түүнийг хэлж болохгүй. Яагаад гэвэл Руденко бас нэгэн дээрэмчин Павел Фёдулевыг улайран хамгаалагч байв.
 
1998 онд Фёдулев Тавдагийн спиртний үйлдвэрээс болоод “Уралмаш”-тай заамдалцана. Энд Руденкогийн ажилтнууд Краевын тусгайгийнхантай үзэлцэнэ. Энэ нь их муухай харгадсанаас болоод Руденког Краевтай бараг зэрэг шахам Москва руу татна. Гэхдээ ЗБГХ-тэй тэмцэх газрын дарга  уралмашийн алдарт дээрэмчдийг ялчихаад явна.
 
Харин Александр Хабаров бүлэглэлээ санхүү-үйлдвэрлэлийн эерэг дүртэй корпорац болгохоор зүтгэлээ. ЗБГХБ-ийн удирдлагууд ч гэсэн өөрийгөө боловсруулахад дээрэмчдийн “ялах ухаан” болсон “Загалмайлсан эцэг” хангалтгүй гэдгийг ойлгоно. Бизнесээ хууль ёсны болгох хэрэгтэй. Хүн төрх хэрэгтэй. 
 
Бүлэглэл бригадын дарга нарынхаа сурч боловсроход   зориулж “Британника” нэвтэрхий толийн бүх ботийг хүн бүрийн тоогоор  захиалталзахиалгаа хайхрамжгүй бөглөсний улмаас Ёбургад баахан англи хэл дээрх ном ачсан бүхээгтэй тэрэг ирсэн тохиолдол ч гарч байв. Тэр цагаас хойш “Уралмаш” ЗБГХБ-ийн бүх оффист алдартай нэвтэрхий толь бүхий шилэн нүүртэй шүүгээнүүд хүмүүсийн нүдийг бүлтийлгэх болсон билээ.
 
i_087
 
Хабаров олон нийтийн сэтгэлзүйд “Уралмаш” бүлэглэл бүс нутгийн удирдлагад төлөөлдөг гэсэн ойлголт суулгахаар бэлтгэлээ. 1995 оны мужийн захирагчийн сонгуульд “Уралмаш” нэр дэвшигч Росселийг дэмжиж байна гэж хотын сонгогчид ямар нэг байдлаар мэдсэн байв. 
 
 Россель тэмцэлд хамжаас болооч  гэж дээрэмчдээс гуйгаагүй нь мэдээж. Мужийн захирагчийн сонгуульд нэг номероор нэр дэвшиж байгаа хүн ЗБГХБ-тэй хамжина гэвэл тэнцвэргүй дурлал болохсон билээ. Угийн шаргуу “Уралмаш” 1996 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ельцинийг ил тод дэмжлээ.
 
Дараа нь тооцоо сайтай Хабаров бүлэглэлийн төлөөлөгчдийг бүх засаглал, бүх сонгуульт албан тушаал руу зүтгүүллээ. Савхин хүрэмтэй “торпедууд” Уралмашийн байрнуудын орцоор хэсч, айлууд руу утасдан сонгуульд саналаа өгөхөө мартахгүй байхыг эелдгээр хүсэцгээдэг байсан гэдэг. Тэдний эелдэг байдал нь оршин суугчдыг ямар ч заналхийллээс илүү айлгана. ЗБГХБ-ийн “Мерседес”-үүд ирц бүрдүүлэхийн тулд санал хураах байранд тэнэмэлүүдийг зөөн авчирна. Мужийн болоод хотын засаг захиргаанд хүчирхэг “Уралмашийн лобби” бий болов.
 
1998 оны нэгдүгээр сарын 14-нд Росселийн амь насанд халдсан хачирхалтай явдал тохионо. Малый Истокоос түүний тэрэг Ёбургийн зүг хурдтай давхиж байтал тойрог дээр гэнэтхэн бөмбөг дэлбэрсэн ч хохиролгүй өнгөрнө.
 
Мөрдөгчид хэргийн газраас ачааны машины тэвш дүүрэн цас ачиж авчирсан нь Дотоодыг хамгаалахын тусгай усан санд хоёр өдөр хайлна. Дараа нь шинжээчид усан сангийн ёроолоос тэсрэх төхөөрөмжийн үлдэгдлийг хаман авч шинжлээд алах биш айлгах зорилготойгоор хийсэн тэсрэх төхөөрөмж гэдгийг ойлгоно. Авир муут “Уралмаш” хэн нь гэрийн эзэн бэ гэдгийг санаж байг гэж дээрэмчний аврага нудрагаар заналхийлсэн гэж цагдаагийн газар зарлана. Хэрэг дээрээ хэн нь тэсрэх бөмбөг тавьсан нь нууц хэвээр үлдэнэ.
 
Харин Александр Хабаров болохоор “халуурал ихт ерээд он”-ы сүүлээр Төрийн думын сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Эрсдлээс зайлсхийхийн тулд  таван сулхан нэр дэвшигч зориуд бэлтгээд өөрийгөө болохоор “Бүхний танил хүн” гэж сурталчлав. ЗБГХ-тэй тэмцэх хэлтсийн дарга Василий Руденко зурагтаар мужийн нийт сонгогчдод хандан “уралмаш”-ынхны төлөө саналаа өгөхгүй байхыг уриална. Хабаров Төрийн думын гишүүн болж чадахгүй.
 
7. ЛАМБАДА БҮЖИГЛЭГЧ
 
DSC_7485-2
 
Хуульч Юрий Мелехин 24, харин хуульч Татьяна Лебедева 23 настай байлаа. Тэд аль хэдийнэ сүй тавьцгаасан байсан гэлцдэг. 2005 оны арванхоёрдугаар сарын сүүлээр тэд орон нутгийн нэгэн байгууллагад гайгүй сайн хөлсөөр зөвлөгөө өгөхөөр алс умардын Пелым тосгоныг зорьжээ. 
 
 
Ивдельд тэднийг гурван хүн машинтай угтав. Пелым хүрэхэд 40 км дутуу байхал машин гүүрний дэргэд зогсож, угтагсад буу гаргаж ирлээ. Мелехин бууны овоо хараан дор машинаас буув. Түүний  гарт мөс цоологч атгуулж,  голын мөснөө цооног гаргахыг тушаав. Цооног бэлэн болмогц хуульчийг гэдэс рүү нь буудан унагалаа.
 
Лебедева бичиг баримттай зөөврийн компьютерийн нууц үгийг хэлтэл Мелехин мөсөн дээр атиралдан өвдсөндөө дуу тавьж байлаа. Дээрэмчид хуульчийг цааш харуулаад шинэхэн цооног руу цогцсыг нь түлхэв. Лебедеваг тосгонд аваачлаа. Алуурчдад үйлчлэх юм бол суллана гээд түүнд хэлжээ. Бүсгүй эсэргүүцсэнгүй. Түүнийг хүчирхийлсний дараа боож алаад шөнө нь сүйт залуугийнх нь цогцостой  цооног руу шиджээ.
 
Хуульч Мелехин, Лебедева нар екатеринбургийн үйлдвэрийн эзэн Малик Гайсины ажилтнууд байжээ. Гайсин болохоор өрөвдөх сэтгэлгүй дээрэмчин Павел Федулёвын аль эртний, бүр хувьчлалын эхний буудалцааны үеийн өрсөлдөгч нь байж. 
 
Федулов Гайсин хоёр 2000 онд “Химмаш”-ийн төлөө үзэлцээд Нухаш-Пашкань ялагдсан юмсанж. Тэгээд тэрээр энэ удаад ялан дийлэхээр шийдэж Гайсины хоёр ч шинэ байгууллагыг өөрийн болгожээ. Үүний тулд тэрээр Гайсины залуухан хуульч Юрий Мелехин, Татьяна Лебедева нарыг худалдан авсан байна…
 
Гайсин прокурорт номдол гаргав. Прокурорын газар болохоор бүтэн жил Федулёвыг өөтүүлэх юм эрсний эцэст оллоо. Нөгөө хуульчдыг байцаагаад эхэлтэл сүйт хархүү бүсгүй хоёр эзнээ илчилж эхлэв. Мелехин, Лебедева хоёроос эхтэй аюулыг Федулов нохой мэт үнэртжээ. Удалгүй халуухан хос маань Пелым рүү ганцхан өдөр ухасхийгээд ирэх ашигтай санал хүлээн авчээ… 
 
Алагдсан хоёрын цогцсыг 2006 оны нэгдүгээр сард оллоо. Гэвч гайтай хуульчдаас мөрдөн байцаагчдын олж авсан чиглэл Федулёвын шүүсийг шахах боломж олгожээ. Федулёвт хуульчдын (Энд өмгөөлөгчийн тухай яригдаж байна –Орч.) хувьд ер аз тохиож байсангүй. Тэд залуухан ч нэг л “өөриймшиж” байсангүй. 
 
Нэгийг нь 1998 онд буудан алж, нөгөө нь 2001 онд цонхоор үсэрчээ. Үүнд гайхах юм байхгүй. “Нухаш” ажилтнуудаа “мөнгө л олж өгч байвал новш байсан ч хамаагүй” гэдэг зарчмаар цуглуулжээ. Тэгтэл новшнууд цаг нь болохоор боссоосоо хулуух, эсвэл өрсөлдөгчдөд нь түүнийг худалдах талруугаа ханджээ. 
 
Харин босс болохоор хөлсний алуурчин илгээх дуртай байлаа. Гэвч Павел Федулёв Оросын толгой луйварчин болохоор бизнест нь хуульч хүн бүр зайлшгүй хэрэгтэй байв. Гаднаас нь харахад эмэгтэйлэг булбарай царайтай энэ эгэл жирийн эр цадигаа алдсан гэмт хэрэгтэн гэж итгэхэд бэрх аж.
 
2000 онд тэрээр амьдралын талаар маш итгэлтэй дүр зурагтайгаар Засан хүмүүжүүлэх газраас гарч иржээ. Тэр Уралмашийн жирийн нэгэн хөвгүүн байсан юм. Анхны хөрөнгөө хорон хэлтнүүдийн ярьдаг шиг хуурамч архиар босгоогүй, харин автосервисээс олжээ. Луйвардах тухай ямар ч санаа бодолгүй, эдийн засгийг зөв аргаар эрүүлжүүлэх хүсэлтэй байв. Үр бүтээлтэй өмчтөн үр бүтээлгүй өмчтөнөө хална. Ерөнхийдөө тэрээр чоно биш, харин “ой цэвэрлэгч” байлаа.
 
Тэр шудрага цэвэр бизнесийн төлөө тэмцсэн. Гэвч “Уралмаш”-ийн гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл худалдагдсан генерал Краевын гараар түүнийг торны цаана чихэж орхив. Ганцаарчлан хорих өрөөнд тэрээр хоёр ч удаа өлсгөлөн зарлаж, 45 кило болтлоо турсны эцэст сайн хүч дайсныг нь ялж эрх чөлөөтэй золгожээ.
 
Ер нь Федулёв шоронд суусан хугацааг нь оруулаад зах зээл дээр арав орчим жил “бүжиглэсэн” бөгөөд энэ хугацаандаа багаас эхлээд маш том хүртэл зуу гаруй байгууллагыг “хүртжээ”. Федулёв “татгалзахын аргагүй сонгодог санал”-аас эхлээд бүдүүлэг ичгүүргүйгээр хуурамч хувьцаа үйлдэх хүртэл байгууллагыг өөрийн болгох олон арга боловсруулсан байлаа.
 
Федулёвын тушаал сонсогдох төдийд луйварчны хооллосон РУБОП (Бүс нутгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар)-ын дайчид өгөөшинд орсон газрыг эзэлж авна. Овжин хуульчид өмчийн жинхэнэ эзэд, эсвэл хууль сахиулагчдын дайралтыг няцааж, худалдагдсан шүүгчид булаан эзлэгчид ашигтай шийдвэр гаргана. 
 
Бүх зүйл санаснаар болчихвол Федулёвын хуульчид булааж авсан хөрөнгөн дээр шимэгч-компаниудыг шавуулж, тэд нар нь бүх шим шүүсийг огт анзаарагдалгүй чимээгүйхэн сорчихно. Эзэмших хугацаа нь богинохон тохиолдолд Федулёв өөрт байдаг “махлагчид”-ын шуурхай багаа илгээнэ. Тэд хөрөнгийг яаралтай зарж, зээлийн барьцаанд тавьж, гялбаа цахих төдий хугацаанд хамаг хөрөнгийг гаргаж, тоотойхон хоногт тухайн байгууллагыг өрөнд баригдсан хоосон арьс болгож орхино.
 
Федулёв баян эр боллоо. Мэргэжилтнүүд түүний хөрөнгийг 700-800 сая доллар гэж үнэлж байлаа. PR агентлаг, телевизийн компани түүнд үйлчилнэ. Түүний улстөрийн зорилго нь ч том байлаа. 1995 он гэхэд (төлөв түвшин бизнесмен байхдаа) мужийн захиарагчийн анхдугаар сонгуульд Росселийн албан ёсны ивээн тэтгэгчдийн нэг нь байв.
 
Тэрээр мужийн өмчийг хянах эрхтэй болох хүсэлтэй байсан ч тэр нь биелээгүй билээ. Федулёв Төрийн думын сонгуульд нэр дэвшихдээ хувьчлалд оролцсоныхоо төлөө өвдөг сөгдөн уучлал гуйн сонгогчдыг алмайруулж байлаа. Тэрээр тэтгэврийнхний намыг дэмжсэн юм. Эцэст нь тэрээр Холбооны Зөвлөлийн дэд даргаар бизнесмен Андрей Вихаревыг болгох хачин санааг хэрэгжүүлэх гэж оролдлоо.
 
2006 оны аравдугаар сард прокурорын газар ямартай ч луйварчны талаар материалтай болж чадсан байна. Арваннэгдүгээр сарын 1-нд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (УБОП), Холбооны аюулгүй байдлын албаны (УФСБ) дайчдын холимог бүлэг Спортын ордны үүдний танхимд Федулёвын гурван бие хамгаалагчийг хоншоороор нь газар мөргүүлээд Федулёв үзэсгэлэнтэй хөөрхөн дасгалжуулагч бүсгүйгээр румба, ламбадагийн зөв хөдөлгөөнийг толины өмнө заалгаж байсан фитнес клуб рүү дайрч оров. 
 
Омончууд (Цагдаагийн тусгай тасаг) бүжигчин-луйварчны гарыг нь нугалан бүжгийн шаахайтай нь танхимаас гарган “сарнаа явагч” руу түлхэн орууллаа. Ламбада бүжиг тасарлаа. Ёбургийн солиотой цаг үе ч бас төгсгөлдөө ойртлоо.
 
Павел Федулёвыг шүүнэ гэдэг амар байхгүй. Эхлээд түүнийг Кольцово тосгоны бөөний худалдааны “Оборонснабсбыт” захыг булааж авсан гэдгээр л буруутгаж чадах байлаа. Энэ явдал 2003 онд болсон юм. Федулёвын хөлсөлсөн 250 хүн захиргааных нь байранд дайран орж, бүхнийг эвдэж, бүгдийг зодож, нэг менежерийг нь цонхоор чулууджээ. Федулёв өөрийгөө өмгөөлүүлэхээр 20 өмгөөлөгч хөлсөлсөн ч 2008 онд шүүх түүнд 9 жилийн ял онооно.
 
Федулёвыг сууж байх зуур мөрдөн байцаагчид шинэ нотлох баримтын эрэлд шогшицгоох болно. Үр дүнд нь 138 боть хавтаст хэрэг бий болно. Дээрэм луйврын хэд хэдэн тохиолдол, улсад учруулсан 900 сая рублийн хохирол, долоон удаагийн нотлогдсон захиалгат аллага, тэр дунд хуульч Мелехин, Лебедева нарыг цааш харуулсан хэрэг үүнд багтана. Ингээл дууслаа гэсэн үг. Гэвч Павел Федулёв наймаалцана. 
 
Тэр гэм буруугаа хүлээгээд мөрдөгчидтэй тохироо хийн өөрийн хамсаатан бөөн хүнийг илчилнэ. Жишээ нь, өчүүхэн тохироогоор Тэтгэврийн сангийн удирдлага Сергей Дубинкиныг илчилж, нөгөөх нь тэрбум рубль алга болгочихсоныг мөрдөн байцаагчид ухаж мэднэ. Үр дүнд нь 2011 онд шүүх 20 жил чанга дэглэмтэй шоронд хорих ялыг луйварчинд ногдуулна.
 
P.S. 2013 онд зэвсэг хадгалсных нь төлөө Федулёвт 3 жилийн ял нэмнэ. Оросын хамгийн махчин луйварчин Павел Федулёв 2034 онд 66 насандаа эрх чөлөөтэй болох ёстой. Хэрвээ түүний өөр гэмт хэргүүд шинээр илэрчихгүй бол шүү.
 
8. “САЙХАН ҮГ, ГАЛТ ЗЭВСЭГ ХОЁРЫГ ХОСЛУУЛАХАД”
 
уралмаш
Улстөр олон нийтийн “Уралмаш” холбооны хэвлэлийн бага хурал
 
Алдарт дээрэмчин Аль Капоне “Та нар сайхан үгийг дангаар нь биш харин гар буутай хослуулбал илүү ихийг олно” гэж хэлдэг. Харин “Загалмайлсан эцэг” кино болохоор наран дор өөрийн орон зайгаа олохын тулд ямар ч муу үйл хийж болно, харин дараа нь улстөрд орох хэрэгтэй, яагаад гэвэл улстөр өнгөрсөн цагийг ямраар ч бүтээж чаддаг гэж сургадаг. “Уралмаш”-ийн толгойлогчид улстөр рүү тэмүүллээ.
 
Ингэхэд хэргийн учир дээрмийн үйл ажиллагааны дарины үнэр, цуснаас ангижрах төдийд биш байлаа. Бүх дайснаа номхотгосон “Уралмаш” үнэхээр төрөлх хотоо сайхан болгохыг хүсч өөрийн гэсэн ирээдүйн төлөвлөгөө хүртэл гаргажээ.
 
1995 онд мужийн амбан зхаирагчийн анхны сонгуулиар догшин “Уралмаш” Росселийн төлөө санал өгч байгааг Ёбург мэдлээ. 1996 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүлэглэл “Б.Н.Ельцинийг дэмжих Дундад Уралын байгууллага, хамт олон” хөдөлгөөн зохион байгуулав. Үүнийх нь төлөө Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл(ЗБГХБ)-ийн толгойлогч Александр Хабаровт ерөнхийлөгчийн талархлын захидал гардуулж, мужийн амбан захирагч  дурсгалын цаг бэлэглэв.  1996 оноос эхлээд ЗБГХБ-ийн залуус хот, муж, холбооны улсын хэмжээний төрийн байгууллагуудын сонгуульд шаргуу өрсөлддөг боллоо. Гуравдахь, тав дахь, найм дахь удаагийн оролдлогоороо уралмашийнхан улстөрийн бүтцэд ямартай ч нэвтэрч чадлаа.
 
Тэгэхдээ уралмашийнхан хувь хувиараа биш, харин ЗБГХБ гэдэг нэгдмэл хүчийг төлөөлж байлаа. Энэ хүчийг ил гаргах хэрэгтэй байсан бөгөөд гэмт хэргийн бүлэглэл санаанд багтамгүй улайн цайм үйлдэл хийж 1999 оны тавдугаар сарын 9-нд “Уралмаш” гэдэг ОПС  (Общественно-политический союз – Улстөр, олон нийтийн холбоо)-г албан ёсоор бүртгүүлэв. 
 
Ер нь бол ОПС гэсэн товчлол нь “Организованное преступное сообщество” буюу “Гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл” гэсэн утгыг илэрхийлж байлаа. Энэ нь “Уралмаш” дээрмийн бүлэглэлийнхээ товчилсон нэрийг өөрчлөөгүй, харин ОПС-ийн хэвлэлийн төлөөөлөгч, сэтгүүлч Дмитрий Карасюк шинэ, илүү аятайхан тайллыг бодож олсон хэрэг. ОПС-ийн тэргүүн нь ЗБГХБ-ийн толгойлогч Александр Хабаров  болов. Хабаровын ойрын зөвлөх нь түүний эртний анд, хамтран зүтгэгч Сергей Воробьёв байлаа. Энэ холбоог нийтдээ 23 хүн хамтарч үүсгэн байгуулсан байдаг.
 
ЗБГХБ “Уралмаш” улстөр-олон нийтийн  “Уралмаш” холбоо болж өөрчлөгдөхдөө  хэнийг ч хуурч мэхэлсэнгүй. Новшоос гарсан новш гэдгийг хот сайн ойлгож байлаа. Гэвч бүлэглэл нэр нь өөрчлөгдсөнөөс үл хамааран үнэхээр өөрчлөгдөж эхлэв. “Сайн залуус болох цаг боллоо” гэж Хабаров тушаал буулгасан мэт өөрчлөгдөв. 
 
Бүлэглэлд аливаа тушаалыг шүүн хэлэлцдэггүй, биелүүлдэг. “Уралмаш” холбооны рекламаар хот дүүрснийг харсан явуулын хүмүүс ухаан алдах шахна. Гэвч ОПС маш зөв, өөртөө итгэлтэй мөрийн хөтөлбөр боловсруулж хэвлүүллээ.
 
Хотынхон “Бидэнд саад бүү бол, эдийн засгийн бүх асуудлыг бид шийдээд өгнө гэж төр засагт хандан “Уралмаш”  хэлж байна”, ”Хүн бүрт тэгш үйлчилж чадаж л байвал хамгийн тэнэг хуультай нөхцөлд ч бид ажиллаж чадна гэж “Уралмаш” төр засагт хандан хэлж байна”, “Таны хөдөлмөрийг хаана үнэлж байна, тэнд ажилла гэж “Уралмаш” иргэдэд хэлж байна. Олонхи үүнийг ойлговол Урал хамгийн эрчтэй хөгжилтэй баян нутаг болно” гэх зэрэг үгсийг  сониноос уншдаг болов. 
 
Улстөр-олон нийтийн “Уралмаш” холбоо хотын бүхий л асуудалтай салахгүй зууралдаж, сайн үйлийг завсаргүй үйлдэх боллоо. ЗБГХБ-ийн дээрэмчид арван жилийн өмнө хувиараа аж ахуй эрхлэгчид, хоршоодыг эрж олон хоослож байсан тэр л идэвх эрч эндээс харагдана. Социалист намын орон нутгийн салбарыг ОПС худалдан авч нийгмийн хөтөлбөрийг нь дэмжиж эхэллээ.
 
Ер нь бол “Уралмаш” спортод түлхүү хөрөнгө оруулж,  12 спортын клубыг санхүүжүүлж эхэллээ. “Төрөлх үүр” нь болох “Уралмаш” цэнгэлдэх хүрээлэнд жил болгон спортын нүсэр том баяр – өөрсдийн олимпиадыг зохион байгуулна. Түүн дээр нь спортын хэдэн зуун баг жагсахаар ирж, дараа нь поп-одууд дуулна.  Цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд дээр уралмашийн архичид өдөржингөө гоожуурын шар айраг үнэгүй хүртэнэ.
 
“Уралмаш” бяцхан дээрэмчид байх үедээ ч хар тамхи зарж байгаагүй бөгөөд энэ нь тамирчин байсан хүмүүсийн хатуу зарчимч шийдвэр байсан юм. Тийм болохоор ОПС эн тэргүүнээ Евгений Ройзманы “Хар тамхигүй хот” санд туслав. Уралмашынхан хар тамхичдыг Ёбург даяар барвж аван модонд хүлээд халааснаас нь олдсон бүх тариурыг хонго руу нь шаагаад орхичихдог байсан гэх үлгэр домог мэт яриа гарав.
 
Улстөр-олон нийтийн холбоо гудамжны аюулгүй байдалд онцгой анхаарлаа. ОПС хамгаалалтын байгууллага бий болгож, тэдний хамгаалалгчид Чкалов, Оржоникизегийн дүүргүүдийн дөчөөд сургуульд жижүүрлэдэг боллоо. Уралмаш, Эльмаши; ОПС хэв журам сахиулах ардын нөхөрлөлийн сайн дурын эргүүл зохион байгуулж, тэдгээр дүүргийн оршин суугчид өөрсдийгөө “Хабаровын хязгаарынхан” гэлцэх боллоо.
 
Улстөр- олон нийтийн холбооныхныг хот даяараа хэвлэлийн  бага хурлаас харна. Өнгөрсөнүеийн гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчид хэвлэийн брэндүүдийн логон лор микрофон зоож, рашаан ус тавьсан ширээний ард эгнэн суухыг харна. Фронтын хурандаа нар шиг хатуу ширүүн царай төрхтэй ч маш үгэтэй хувцасласан эрчүүдийг харна. Эдгээр хурандаа нарт итгэх хүсэл яагаад  ч юм төрнө. Гэхдээ л  ялагч болгон новш биш шүү дээ.
 
Гайхалтай нь “Уралмаш” ЗБГХБ-ийн  удирдлагууд идеалистууд болж таарав. Тэд эхлээд бүх дэлхийг өмнөө сөгтгөхийг хүсч байсан бол дараа нь тэднийг аз жаргалтай болгохоор шийджээ. Бүлэглэлийн үзэл суртал нь эхлээд “Бүгдийн дээрэмдье” байсан, дараа нь “Гадныхныг дээрэмдье” болсон, эцэстээ “Өөрийнхөндөө туслая” болж хувьсан өөрчлөгдлөө. 
 
“Уралмашийнхан угаасаа л муу залуугийнхыг булааж сайн залууд өгөх замаар өөрийн гэсэн шудрага ёсыг тогтоох большевик донтой. Бид бүх муу залууг цавчаад хаячихъя, оронд нь хүн төрхтэй капитализм бий болно гэж байгаа мэт харагдаж байна” хэмээн сэтгүүлч Сергей Плотников бичиж байлаа.
 
“Уралмаш” мужийн захиарагч Россельтой тун түвэгтэй харилцаа тогтоов. Тэд 1999 оны сонгуулиар Росселийг дэмжлээ. Мужийн амбан захиарагчийн хэвлэлийн алба Эдуард Россель  хэлэлцээрийн ширээний ард Александр Хабаров, Сергей Воробьёв хоёртой сууж байгаа гэрэл зургийг тараалаа. Улстөр-олон нийтийн холбоо хийгээд амбан захирагчийн түншлэл хотыг гайхашралд оруулав. 
 
Дараа нь хэвлэлийн бага хурал дээр Россель “Энэ нөхрийг  Уралмашийн толгойлогч, хулгайч, дээрэмчин гэхчлэн нэрлэдэг. Би түүнийг урьж ирүүлээд за хулгайч минь наанаа суугаад яаж амьдарч, гааш цааш болж байгаагаа ярь гэсэн. Тэгээд Свердловск мужийн бодит бүтээн байгуулалтад мөнгөө үр гэж үүрэгдсэн…” гэхчлэн нэг л сэжигтэй түгдчин ярьж байв.
 
Ингэхэд олон нийтийн хөдөлгөөний удирдлагуудтай уулзах асуудал (ОПС бол олон нийтийн хөдөлгөөн байлаа) амбан захирагчийн үүрэгт байдаг. Россель ч, түүний албан тушаалтнууд ч, уралмашийнхан өөрсдөө ч гэсэн дараа нь “Уралмаш” гэдэг бүлэглэл байгаагүй гэж хүч тулган нотолцгоосон юм. Ердөө л Уралмашийн бикнесч анд нөхөд л байсан гэж байгаа. Хабаров өөрийгөө Константин Цыгановын эртний анд, сагсан бөмбөгийн “Уралмаш” клубын ажилтан, нийтийн байранд амьдардаг нэгэн байсан гэж ярина. Энэ нь ч үнэн. Аль бүхнийг ухан гаргах билээ. Тэгээд ч ямар тэнэг нь ухан гаргаж чадах билээ дээ?
 
Гэвч “Уралмаш”-ийн цаг үе богинохон байв. 2002 оны дөрөвдүгээр сард Хабаров хотын думын хуралд төлөөлөгч болж чадна. Ямар ч сайн санааны үйлс, ямар ч пиар зүтгэл түүнийг хотоос дээш гарахад нөлөөлж чадахгүй нь бүгдэд ойлгомжтой болно. Улстөр-олон нийтийн холбоо Хабаровын хувьд пуужин зөөгчийн үүргээ гүйцэтгээд хаягдах ёстой  хэсэг болж хувирна. Улстөр-олон нийтийн холбоог үүсгэн байгуулагчид толгойгоо гашилгасны эцэст энэ байгууллагад ямар ч ирээдүй алга гэдгийг ойлгоно. 2002 оны арванхоёрдугаар сарын 10-нд улстөр-олон нийтийн “Уралмаш” холбоо албан ёсоор тарна. Ийнхүү ОПС албан ёсоор тарсныг цагдаагийн газар ЗБГХБ-ийг бут ниргэлээ хэмээн ойлгуулна.
 
Алексей Ивановын “Ёбург” (Москва., 2014) номноос
 
Эх сурвалж: Duuren.mn