sonin.mn
Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдэл хийх үеэрээ төсвийн зардлыг бууруулна, цалинг хасна гэдгээ хэлсэн билээ. Тодруулбал тэрээр : "Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ.
 
Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Дунд болон доод төвшний төрийн албан хаагчдын цалинг танахгүй гэсэн зарчим баримталж байгаа. Барилга хот байгуулалтын яаманд байгуулсан ажлын хэсэг ипотекийн зээлийг цаашид ямар хувилбараар олгож болохыг судалж байна.
 
Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Харин хүүхдийн мөнгийг төсөвт тусгахдаа зорилтот бүлгүүдэд өгнө гэж тусгасан. Төрийн өндөр, нам албан тушаал гэлтгүй бид хэмнэж, тэвчиж болох бүхий л зардлыг хэмнэх бодлого барьж байна." гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь бууруулах нь гэсэн болгоомжлол өчигдрөөс эхлэн олон нийтийн  дунд явсан ч энэ бодитой бус ажээ.
 
Сангийн Яамны эх сурвалжийн өгүүлж буйгаар Засгийн газрын агентлагийн даргаас Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл  төрийн өндөр ба удирдах албан тушаалтны цалинг 30 хувь хүртэл бууруулах аж. Мөн аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргын цалинг 30 хувиар бууруулж, дээрх албан тушаалтнуудын шатахуун, утасны хэрэглээ болон тавилгын зардлыг 30 хувиар бууруулахаар төлөвлөж буй гэнэ.
 
Э.Мягмар