sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас А.Цогцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилов.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, салбарын хэмжээнд шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх санал зөвлөмжөөсөө хэллээ.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат эрүүл мэндийн салбар иргэдийн дунд үүссэн үл итгэлцлийг хэрхэн арилгах тухайд лавлаж байв. Нэр дэвшигч А.Цогцэцэг уг асуултад, "Монголын эмч нарыг чадвар муутай гэж хэлэхгүй. Оношилгооны тоног төхөөрөмж хангалтгүй байгаа тал бий. Монголд эмчлэхгүй эмчилгээ оношилгооны жагсаалтыг гаргасан байдаг. Үүнээс бусад тохиолдолд иргэдийн амь насыг аврах бололцоотой. Өнөөдөр Монголд нарийвчлал бүхий тоног төхөөрөмж оруулж ирлээ гэхэд багаар нь зааж сургадаггүй. Сурсан мэдсэн ганц хүн нь хувийн юм шиг эзэмшчихээд, дараагийн хүндээ зааж сургадаггүй дутагдал байгаа юм" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, "Энэ салбар эзэнгүй жил орчмын хугацаа өнгөрсөн. Тиймээс ихээхэн хүнд албыг та авч байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаарх зарим үзүүлэлтийг харахад, амьсгалын замын өвчин, бэлгийн замын өвчин, 5 хүртэлх насны хүүхдийн болон эхийн эндэгдэл нэмэгдсэн, 39000 хүн осолд өртсөн байна. Эхний хагас жилийн үзүүлэлт гэхэд эдгээр нь өмнөхтэйгээ харьцуулахад өндөр болсон байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл тус салбарт шинэчлэлт хэрэгтэй байна гэсэн үг" гэсэн юм.
 
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, "Таны удирдах салбар нэлээн хүнд байдалд байгаа. Мэргэжлийн хүний хувьд ажлаа бодитой төлөвлөж эхлүүлэх байх. Өнөөдөр дэлхий нийт эмгүй эмчилгээ буюу өвдөхөөсөө өмнө эрүүлждэг байхыг эрмэлздэг болсон. Энэ талын иргэдийн санал санаачилгыг сайн дэмжиж өгөөрэй. Салбарынхны цалин хөлсийг бодит байдалтай уялдуулж бага багаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрүүгийн тухай хуулинд эмч нартай холбоотой заалтыг өөрчлөх тал дээр анхаарч хуулийн төсөл өргөн барина байх" гэв.
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, "Монгол Улс төлбөрийн баланс гэж жил бүр гаргадаг. Төлбөрийн баланс дахь иргэдийн гадагш явж эмчлүүлж буйг илтгэх тоон үзүүлэлт 100-120 саяаас доллараас буухгүй байна. Энэ тоо салбарын бодит байдлын нэг үзүүлэлт байдаг. Төлбөрийн баланс гэдэг тоо өссөн буурсан эсэхийг таниас би жил бүр асуух болно" гэлээ.
 
УИХ-ын гишүүн М.Билэгт, "Манай иргэд монголын төрөөс цөөхөн асуудал дээр зохицуулалт хийж өгөхийг хүсдэг. Үүний нэг нь эрүүл мэндийн салбар. Өнөөдөр хортой хоргүй хавдар монгол иргэдийг, монголын айл өрхийг сөхрөөж байна. Хавдарын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байхад манай улсын хавдрын эмнэлэг 30-аад жилийн өмнө баригдсан барилгадаа 100 гаруй эмчтэй, 200 гаруй ортой байж байна. Дэлхийн эмч нар жилд 1000 гаруй өвчлөл шинээр нэмэгдэж байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Гэтэл манай улс 30 гаруй жил болоход хавдрын эмнэлгээ өргөтгөн шинэчлээгүй байж байна. Энэ дашрамд нэг асуудлыг тодруулья. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ одоо ямар байгаа гэж бодож байна вэ" гэхэд нэр дэвшигч А.Цоггэрэл, "Иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ нэлээн доголдолтой байгаа. Хүртээмж чанар гэдэг хоёулаа тусдаа асуудал. Гэхдээ чанартай тусламж үзүүлэх бололцоотой" хэмээн хариулав.
 
Энэ үеэр гишүүдийн зүгээс шүдний эмчилгээ оношилгоог үнэ төлбөргүй хийдэг болох, ялангуяа амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүд дунд шүдний цоорол их байгаад анхаарах, эмч нарыг мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах, гадаад руу урсаж буй мөнгөн урсгалыг зогсоох, өрхийн эмнэлгийн барилгыг өргөтгөх, эмний чанар стандартыг мөрдүүлэх, тэр дундаа тус салбарт хийх санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад олонх буюу 96.4 хувь нь дэмжив.
 
А.Цогцэцэгийн товч намтар
 
Тэрбээр 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой. Тэрбээр, 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд Тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. 2003 оны 05 дугаар сараас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа юм байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг