sonin.mn
МОСКВА. /Sputnik/. “Pokemon Go” тоглоомыг тоглож байгаа хүмүүст зориулж аюулгүй байдлын зөвлөгөө гаргалаа гэж ОХУ-ын Онцгой байдлын сайд Владимир Пучков мэдэгдэв.
 
Хүмүүс “Pokemon Go” тоглоомд хэт их анхаарал хандуулснаасаа болж гэрлэн дохио зөрчих, замын тэмдэглэгээг харахгүй өнгөрөх зэргээр аюулгүй байдалд эрсдэл учруулах асуудлууд гарч байгаа тухай тэрбээр сануулав.
 
Өнгөрсөн пүрэв гарагт автобусны нэгэн жолооч жолоо барих үедээ “Pokemon Go” тоглосныхоо төлөө ажлаасаа халагдсан тухай Голландын нэгэн хэвлэлд бичжээ.
 
“Pokemon Go” тоглоом нь “Niantic” компанийн “Android” болон “iOS” үйлдлийн системд зориулан зохион бүтээсэн байршилд суурилан өргөжих үйл явцтай тоглоом юм. Уг тоглоомыг тоглодог хүмүүс өөрийн явж байгаа газарт нь таарсан “Pokemon” амьтдыг барьж аван, тэднийг бэлтгэж, тулаанд оролцуулдаг байна.
 
Энэ сарын эхээр гарсан энэ тоглоом нь хүмүүст гэмтэл бэртэл учруулж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байгаа бол ОХУ-ын банкууд энэ тоглоомтой холбоотой эрсдэлийн даатгалын үйлчилгээ хүртэл гаргажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг