sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. БНХАУ есдүгээр сард Өмнөд Хятадын тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийнэ гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжүнь мэдэгдэв.
 
“Уг сургуулилт нь далай тэнгисийн аюулгүй байдалд учирч болзошгүй аюул заналыг сөрөн зогсоход чиглэсэн тэнгисийн цэргийн хүчний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Түүний сацуу, энэ сургуулилт нь БНХАУ болон ОХУ-ын тогтмол хамтран явуулдаг тэнгисийн цэргийн сургуулилтын хүрээнд явагдах бөгөөд гуравдагч талд заналхийлсэн үйлдэл биш” гэж тэрбээр онцлон дурдсан байна.
 
БНХАУ болон ОХУ өмнө нь Япон тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Газар Дундын тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт явуулж байсан бол энэ удаад Өмнөд Хятадын тэнгист анх удаа сургуулилт хийхээр төлөвлөжээ.
 
Гааг хотын Арбитрын шүүх энэ сарын эхээр Өмнөд Хятадын тэнгисийн маргааны асуудлаар шүүх хуралдаан хийж, БНХАУ тус бүс нутагт газар нэхэмжлэх хууль ёсны эрхгүй гэсэн шийдвэр гаргасан билээ.
 
Үүний зэрэгцээ АНУ-ын хөлөг онгоцууд Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын байгуулсан хиймэл арлуудын орчимд эргүүл хийж байгаа бөгөөд АНУ энэ ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.
 
Харин энэ удаагийн Хятад-Оросын хамтарсан сургуулилт нь АНУ-ын үйл ажиллагааг эсэргүүцэх зорилготой гэж зарим ажиглагчид үзэж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг