sonin.mn
СӨҮЛ. /NHK/. Дэлхийн II дайны үед япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж, бие сэтгэлээр хохиросн солонгос эмэгтэйчүүд буюу  “зугаацуулагч эмэгтэйчүүд”-эд туслах сан албан ёсоор нээгдлээ.
 
БНСУ-ын Засгийн газар өчигдөр Японы санхүүжилттэй “найрсаг харилцааг сэргээх, илааршуулах сан”-г албан ёсоор байгууллаа. “Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг “эргэлт буцалтгүйгээр эцэслэн шийдвэрлэх"-ийн тулд өнгөрсөн оны 12 дугаар сард Япон болон Өмнөд Солонгосын засгийн газруудын хооронд байгуулсан хэлэлцээрт тусгасан заалтын дагуу уг санг байгуулжээ.
 
Сангийн удирдах зөвлөлийн анхны уулзалт Сөүл хот дахь төв байранд болжээ. Зөвлөлийг Суншин Эмэгтэйчүүдийн их сургуулийн хүндэт профессор Ким Тае-хюнь тэргүүлсэн байна.
 
Тэрбээр хаалттай уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн амьдралыг туулсан 40 эмэгтэйн 37-той нь уулзсан тухайгаа дурдаад, тэдний сэтгэхүйд үлдсэн шархыг эдгэртэл тэдэнтэй хамт байхаа мэдэгджээ.
 
Уг сан Японоос олгосон нэг тэрбум иен буюу 9.5 сая долларын санхүүжилттэйгээр үйл ажиллагаагаа явуулах ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг