sonin.mn
1924 онд анхны мэс засал хийгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл ард олны эрүүлийг хамгаалах үйлсэд нэр төртэй зүтгэж хүлээсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд, чухамхүү хүмүүнлэг тангаргаа гуйвшгүй, хангалттай биелүүлж ирсэн салбар бол эмнэлгийн мэс засал, дотор хоёр юм.
 
Монголын мэс засалч эмч нарын салбар гэхэд өнгөрсөн 90 гаруй жил оршиж байхдаа өөрийнхөө эгнээнээс 479 гаруй эмчийг мэс засалч эмчээр сурган бойжуулж түмэн олондоо мэргэжлийн мэс засалчаар үйлчлүүлж байна. 
 
Гадаадын цөөнгүй оронд “Монголын эмч” гэсэн алдар нэрээ мөнхжүүлсэн Академич Т.Шагдарсүрэн, В.Ичинхорлоо, П.Долгор нарын олон эмч нар байхын зэрэгцээ мэс заслын оношилгоо, эмчилгээний талаар монголчуудын бүтээл гэж хэвлэл мэдээллийн хуудсаар олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүд цөөнгүй байна.
 
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дэлэг, Отгондалай, Нямхүү, Н.Баасанжав нар болон олон тооны гавьяат эмч нар, гавьяат багш нар, ардын зүтгэлтнүүд нь манай нийт ард түмний бахархал мөн билээ. Нэр дурьдагдсан , дурьдагдаагүй олон зүтгэлтнүүд чухам ямар үед тодорсон болох нь сонин. 
 
Эрүүлийг хамгаалахын яамны сайд байсан Г.Туваан, Б.Дэмбэрэл, Ням-Осор, П.Нямдаваа нар энд ямар нэгэн нөлөө үзүүлснийг үгүйсгэх арга байхгүй. Гол нь эдгээр нөхөд өөрсдийн махан бодиор, эмчийн зүрхээр, эмчийн сэтгэлзүйгээр ширээгдсэн, тэгээд ажилласан жинхэнэ эмч нар байсанд, сайн зохион байгуулагч нар байсанд нь байгаа юм.
 
“Өгье гэвэл ганцаасаа
 
Уйлья гэвэл сохроосоо” гэгчээр эзэн нь ч хичээгээд, заяа нь хичээж байсны үр дүн энэ байсан болов уу.
 
Тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн, тухайд Шастины нэрэмжит III төв эмнэлгийн дарга нар уролог мэс засалч Лувсанбалдан, мэс засалчид Гэпэлмээ, Рэнчиндорж, Даш, сайн зохион байгуулагч Абденбай, Дүгэржав, Мухар нарын авьяаслаг хүмүүсийн зүтгэл, сэттэл энд нөлөөлсөн гэдэгт эргэлзэх хэрэггүй.
 
Мэс заслын эмчилгээний салбар нь өргөтгөж, хөгжүүлж, дэмжиж чадвал хамгаас илүү үр өгөөж нь тэр даруйдаа гарч ирэх ёстой. Ялангуяа туршилт-сорилын буюу эксперименталь (муур, нохой, жижиг амьтад дээр) мэс засал хөгжих суурь, дэвсгэр манай оронд байгаа боловч энэ талаар өчүүхэн төдий ч бодож байгаа зүйл байхгүй нь харамсалтай байна. 
 
Байгаа мэс засал нь бусад мэс заслын хавсарга болж хувирсан, их төлөв мухар олгой авах, цөсний уут авах зэргээр ажлаа тайлагнадаг болсон.
 
Ардчиллын жилүүдэд, ямарваа нэгэн асуудлыг удирдах байгууллагын нөхөд биеэ дааж ганцаараа шийддэг, тэгэхдээ өөртөө ашигтай талыг нь түлхүү анхаардаг, ер нь тиймэрхүү сонирхол илүү давамгайлдаг юм уу даа. Монголын олон намууд, олон баячууд, компаний захирлууд тиймэрхүү байдалтай харагдах юм. 
 
Үүний тов тодорхой жишээ нь манай Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг дээр өчүүхэн жижиг мөртлөө бодит байдлаараа харагдаж байх юм.
 
Уг нь П.Н.Шастин гэдэг хүн мэс заслын эмч хүн юм. Тийм учраас хуучин III эмнэлэг гэж байсан мэс заслын эмнэлгийг түүний нэрэмжит болгосон хэрэг. Хуучин байрандаа (Улсын төв музейн урд талд), ерөнхий мэс засал, бөөрний мэс засал, зүрхний мэс засал, тархины мэс засал, булчирхайн мэс засал гэдэг мэс заслын тасгуудыг дотор, мэдрэлийн цөөхөн ортой тасгуудтай байлаа. 1985 оны намар III эмнэлгийн өнөөгийн байр ашиглалтад орох үед орны тоо нэмэгдэх боломж гарсныг ашиглан (тэр үеийн байсан М.Дүгэржав гуай) дотрын орыг нэлээн сайн нэмж бөөрний бас булчирхайн мэс заслын тасгийг бүр мөсөн хасаж I эмнэлэг рүү шилжүүлж ерөнхий мэс заслын тасгийн орыг цөөлсөн юм.
 
Дараа дараагийн жилүүдэд эмнэлгийн ерөнхий эмч нар нь мэс заслын биш эмч нар байсан учир ор нэмэхээр л бол дотрын өвчний тасгийн ор нэмэгдэнэүү гэхээс биш мэс заслын ор нэмэгдэхгүй хэвэрээ л байв. Тархины харвалт, хүүхдийн тархи, нугасны өвчин, нуруу нугасны өвчлөл жилээс жилд нэмэгдээд оочир дараалал өссөөр байхад мэс заслын ор 30-40 жилийн өмнө байсантай адил гачигдал дутагдалтай хэвээрээ байна.
 
Өнөөгийн байдлаар дотор гэхэд ходоод гэдэсний, уушигны, элэгний, бөөрний, булчирхайн, уламжилтын, сонгомол эмчилгээний гэх мэт 6-7 тасаг ажиллаж байгаа болхоор III эмнэлэг гэдэг нь П.Н.Шастины нэрэмжит мэс заслын гэхээсээ илүү дотрын эмнэлэг болчихсон байгаа юм. 
 
Учир нь дотрын чиглэлийн өвчтөний тоо ихэдсэнтэй холбоотой байдаг нь үнэн боловч, гол нь мэс засал шаардах өвчтөний тоо адилхан нэмэгдсээр байхад, эмнэлгийн ихэнх эмч нар нь дотрын эмч нар байж, бас дарга орлогч нар нь ч дотрын мэргэжлийн хүмүүс байдагтай холбоотой байгаа нь ойлгомжтой юм.
 
Нарийн мэргэжилтэй боловч түүндээ туйлширдаггүй, тэгээд чухамхүү яаж ажиллавал ямар ч мэргэжлийн биш байсан ч, хариуцсан бүх салбараа жигд хөгжүүлж чаддаг ухаалаг дарга нар цөөхөн ч гэсэн байна. 1960 оны намар Завхан аймагт очиж мэс засалч Ядмаатай хамт мэс засал хийж байтал халат, малгай өмсөж, амны хаалт зүүсэн хоёр хүн орж ирсний нэг нь сайд Туваан гуай байв.
 
 “Мэс заслын өрөөнд ийм юм байдгаа гэж, тэр буланд байсан будмал цагаан тумбочкийг харж, үүнийг зайлуул” гэж хэлээд яваад өглөө. Хэдэн жилийн дараа дахиад Завхан аймагт ажлаар очиж байж байтал нөгөө л Туваан сайд, газрын дарга Гүнтэвсүрэн бид хоёрыг дагуулж эмнэлгийн өрөө тасалгаануудаар орж явснаа “Зургаан жилийн өмнө цагаан тумбочки энд байхыг нь би зайлуул гэж хэлснээ мартаагүй байна. Мөнхтөр эмч таны хайртай юмнуудыг хадгалах өөр юм захиалуулж өгөхөөс дөө” гэж хэлснийг нь би огт мартахгүй юм. 
 
Мэс заслын эмч хүн биш байсан мөртлөө мэс заслын өрөөний халдваргүй, цэвэр байх шаардлагыг тэгж мэдэж байдаг тэр хүн шиг хүн олон байгаасай билээ гэж хэн хүсэхгүй байх. Эмнэлгийн хойшлуулшгүй яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай өвчлөл дотор, мэс засал хоёуланд нь адилхан тааралддаг боловч яагаад ч хүлээлгэж, хойшлуулж болдоггүй мэс засал шаардах өвчин мэс засалчдад илүүтэй тохиолддог нь амьдрал дээр нотлогдсон зүйл юм. 
 
Тэр дундаа ар өврийн хаалгаар, хэдэн хоногоор тэнхээ тамирын эмчилгээ хийлгэхээр хэвтэгчид нь аль тасагт илүү байдаг нь ч бүр ч тодорхой. Тэнд тийм байхад мэс засалч эмч нарын тоо хангалтгүй, ор хүрэлцдэггүй, орны оочир дараалал их байх нь хэн хүнд тодорхой байсаар байтал, дассан дөжирсөн байдал эмнэлгийн удирдлагын арга барил болон хэвшжээ.
 
Энэ ондоо анх байгуулагдсаныхаа 50 жилийн ой нь тохиож байгаа мэдрэлийн мэс засал нэртэй, хүнд бөгөөд нарийн мэргэжлийн тасаг нь өнгөрсөн хугацаанд өөрийн орны 20 мянга гаруй хүнд тархи, нугасанд хавдар ургасан, цус харвасан зэрэг олон өвчтөнд мэс засал эмчилгээ хийж, амь насыг нь аварсан байгаа юм. 
 
Харин энэ хугацаанд Дондов, Жавзмаа, Ганбаатар зэрэг хэд хэдэн сайн эмч нар тэтгэврийнхээ насанд хүрч амжилгүйгээр ажил, ачааллын хүндээс болж насан өөд болсон нь дэндүү харамсалтай. Олон жил ажиллаж ажил мэргэжлийн дадлага, туршлагатай болсон арав гаруй эмч ажлаа орхиж, өгт өөр ажил хийж амьдарч байна. 
 
Биеэ дааж, мэс засал хийж чаддаг болсон 3-4 эмч 30-40 жилийн турш, өдөр шөнөгүй мэс засалд орж тэрэгний морь шиг зүтгэсээр яваад одоо мөн л тахир дутуу болж барааклагдаж эхэллээ.
 
Хот суурин олширч, хүмүүсийн төвлөрөл, нягтрал хурдтай нэмэгдэж, тархи нугасанд цус харвах, хавдар буглаа, зүрхэнд шигдээс хомсрол үүсэх, гэмтэл согогт өргөгдөх зэрэг нь эрчимтэй нэмэгдэж байхад энэ чиглэлээр эмнэлгийн тусламжийг улс даяар 3-4-хөн хүний хүчээр хангалттай хүргэж чадахгүй нь тодорхой. Дээр нь бас аймаг орон нутгийн дуудлагаар очиж газар дээр нь тусламж үзүүлнэ гэж бод доо.
 
Энэ талаар сэтгэл зовж, санаа тавьж байгаа дарга, удирдагч, хариуцлагатан байна уу? Дуудлаганд очиж байгаа эмчид олгох томилолтын зардал нь, хаана ч очсон адил зочид буудлын хоногийн төлбөрийн талын талд ч хүрдэгтүй, сонин байгаа биз. Үр дүн “O’’-той адилхан зурайж байхад их ажил бүтээгээд байгаа юм шиг сүр сүлд болоод байдаг нь бүр яршигтай. 
 
2011 оны намраас III эмнэлэг дээр Харвалтын төв гэдэг төв нээгдлээ. Мэдрэл, мэдрэлийн мэс заслын, зүрх судас, зүрх судасны мэс заслын төв нээгдлээ гэж улс даяар зарлаж, тухайн үеийн сайд дарга нар томоохон гавьяа байгуулсан мэт бичигдэж, яригдаж, шуугиж байв. 
 
Нэгэнт том том төв байгуулагдсан гэж зарлачихсан болохоор эдгээр төв дээр ирж эмнэлгийн тусламж авахыг хүссэн хүмүүс, хүнээ явуулсан хот хөдөөгийн байгууллагууд нь өчнөөн олуулаа ирж байсан боловч, удалгүй зэс нь цухуйж “төв” гэдэг нь хоосон сүржин нэр болохоор барахгүй; мэс заслын хэдэн эмч нарын ажлыг улам хүндрүүлснээс өөр олигтой юм биш байна гэдгийг ойлгож мэдсэнээр өнөөдөр бүтээж гийгүүлсэн нүдэнд харагдах, гарт баригдах үр дүн гэхээр зүйлгүй төвүүд хуучин ямар байдалтай байсан тэр байдлаараа л оршсоор тав дахь жилтэйгээ золгож байна.
 
Монгол Улсын хүний гавьяат эмч, мэс засалч Ганбаатар: Нэгэнт П.Н.Шастины нэрэмжит мэс заслын эмнэлэг дээр ажиллаж байгаа болохоор мэс заслаа хөгжүүлье, туршилтын-сорилтын мэс засал өрнүүлье гэж шургуу хөөцөлдөж эхэлсэн боловч, өчүүхэн ч дэмжлэг авч чадаагүй учир одоо тэр талаар дуугархаа ч больсон байна.
 
Энэ хугацаанд адилхан мэс заслын тасагтай Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн хэд хэдэн удаа бөөр шилжүүлэн суулгачихлаа. Тэнд бас Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар элэг шилжүүлэн суулгах бэлтгэл ажлаа хийгээд, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. 
 
Мэс заслын шинжлэх ухааныг хөгжүүлье гэвэл эксперимент (сорилын) мэс заслыг, хамтад нь хөгжүүлэх ёстой. Харамсалтай нь энэ эксперимент мэс заслын талаар Анагаах ухааны академи, их дээд сургуулиуд, клиникийн эмнэлгүүд аль нь ч юуг ч сэдэхгүй байгаа нь харамсалтай байгаа юм.
 
Монголын эрүүлийг хамгаалах салбарын нүүр царай, үйл амьдралын өчүүхэн боловч тодорхой нэгэн хэсэг нь болох П.Н.Шастины нэрэмжит III нэгдсэн эмнэлгийн байдлаар ийнхүү төлөөлүүлэн хүүрнэдгийн учир нь:
 
XXI зууны эхэн үеэс нийт Монголын ард түмэн, түүний төр засаг нь улс төр, эдийн засаг, соёл боловсролын өрнөлт, хөгжлийн хувьд ихээхэн савалгаанд орж, хүмүүсийн сэтгэл зүйд багагүй хямралт байдал бий болсныг аль болохоор газар авхуулахгүй, ард түмний эрх ашгийг хамгаалах, зөв амьдралд оруулахыг яаравчлан хүссэнийх билээ. Ард түмний минь өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдгийг яг л биелүүлэх, хэрэгжүүлэх цаг нь болоод байна.
 
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий, Хөсөгнийхөө чадлаар замаа сонгох гэдгийг хүн бүр бодмоор. Чаддаг ч бай, үгүй ч бай Их хурлын гишүүн байх, яам Тамгын газрын сайд, дарга байх гэсэн нийгмийн халдварт өвчин газар авах төлөвтэй болжээ. Сэлж чадахгүй хүн усны гүнд орохоос айдаг мөртлөө, чагнуур барьж, халаад өмсөж үзээгүй хүн эмч нарын ажлыг удирдахаар шунана гэдгийг өвчин л гэхээс өөр юу гэхэв. Дотрын эмч нар мэс заслын эмчийн ажлыг удирдахаас зайлсхийлдээ. Үгүй дээ, мэс засалч орлогчтой байгаач.
 
Монголд туршилтын буюу эксперименталь анагаах ухаан гэгч зүйл мартагдсаар олон жил болж байна. Энэ талаар анагаах ухааны их, дээд сургуулиуд, анагаах ухааны академи, эрдмийн зөвлөлүүд огтхон ч санаачлахгүй байгаа “сохор, дүлий байна” гэхээс өөрөө дүгнэх аргагүй байна.
 
Тодорхой үед нэр алдар нь танигдаж байсан нөгөө нэрт эмч нар Н.Баасанжав, Нямхүү, Сандуйжав, Дагва, Жав, Нямдаваа, Хайрулла нар чинь өтөлж халагдах нь халагдаж, хасагдах нь хасагдаж тэдний хойчийг залгамжлах, хөгжүүлэх, бэхжүүлэх залуу халаа нь хэр зэрэг өрнүүн байна гэвэл үнэхээрийн сэтгэл дундуур байгааг нуумааргүй байна.
 
Монголын Засгийн газар олон жил зогсонги саатлын байдалд байсан (гадаадаас урд нь эдлэгдэж байсан хэдэн аппарат авчирснаас өөр дэвшилгүй) эрүүлийг хамгаалах салбарын ажлыг (50 жилийн өмнө устгагдаж үгүй боллоо гэж дүгнэцгээж байсан нийгмийн халдварт өвчин одоо газар авчихсан байгааг бодолцон бас шинэ нэр төрлийн өчнөөн олон өвчин эмгэг нэмэгдэж өссөөр байгааг бодолцон) эрчимтэй хөдөлгөж, тууштай арга хэмжээ авах, түүний дотор мэс заслын чиглэлийн тусламжийг онцолж үзэх шаардлага тулгарсныг зориуд мэдэгдэж байна.
 
Товч тодорхой жишээгээр сануулья.
 
Мэс засал хийхэд, оновчтой оношилгоо хийхэд хэрэглэгддэг багаж, аппаратууд нь үйлдвэрлэсэн улс орондоо ашиглагдаж байгаад манайд ирдэг болохоор, ирсэн хойно нь бид ачааллыг нь хэтрүүлж хэрэглэдэг болохоор,манайд ашиглагдах хугацаа нь багасч байсгээд трансформатор нь шатчихдаг, лампочка нь шатчихдаг, микроскопын гэрэл нь ажилгүй болчихдог зэрэг зовлон элбэг тохиолдоно. 
 
Тэрхүү аппаратны онцлогийг, ямар сэлбэг нь болохоо байсныг уул аппаратыг эзэмшдэг мэргэжлийн буюу мэс заслын эмч мэдэхээс, хаанаас, таарах тохирох сэлбэгийг нь олж ирэхээ шийдхээс биш, энд дотрын эмч буруутай биш шүү дээ. Тэгвэл мэс засал хийдэг тасгуудтай эмнэлгийн дарга нар нь, ядаж нэг орлогч нь мэс заслын чиглэлийн хүн байх нь зайлшгүй шаардлагатай байгаа биз дээ. Харин мэс засал хийдэггүй, дотрын чишэлийн, арьс өнгөний чиглэлийн гэх зэрэг эмнэлгүүдийн дарга нар нь зохион байгуулагч нар байх нь зөв биз дээ.
 
Ер нь монгол оронд мэс заслаар эмчлэх эмнэлгийн салбарын ажил олон ,улсын ижил мэргэжлийн эмнэлгүүдийн ажлын төвшингөөс ихээхэн хол хоцрогдсон байгааг Монголын Засгийн газар, эрүүлийг хамгаалах салбар анхаарах цаг болсон. Дандаа хүний гар хардаг тусламж горьддог болсон. 
 
I төв эмнэлэг Америкийн, Гэмтэл согогт Францын, III эмнэлэгт Япон, Солонгосын гэх мэтээр эмч нар ирж хийдэг болж. Элэг, зүрх, бөөр шилжүүлэн суулгадаг улс орон олон болсон байхад, зарим оронд хүний тархи толгой суулгаж эхэлж байхад бид цөсний уут авах, мухар олгой авах хоёроор л тайлангаа бөглөдөг болсоор удаж байна.
 
Улс орнуудын хөгжил, нийгмийн байдалтай холбогдон хүмүүсийн ухаан бодол, сэтгэл санаа тархи мэдрэл, зүрх судасны үйл ажиллагаанд багагүй өөрчлөлт, хямрал гарч, тархи мэдрэлийн мэс засал шаардах өвчлөл нэмэгдсээр байдаг боллоо. Монгол оронд ч гэсэн тархи, нугасанд цус харвах, нуруу, нугасанд бас зүрх судас, үе мөчний мэдрэхүйд өөрчлөлт гарах тохиолдол анхаарал татахуйц хэмжээнд хүрч байна.
 
Өсөн нэмэгдэж байгаа шаардлагын дагуу монголд мэдрэл, мэдрэлийн мэс засал гэдэг салбарыг биеийг нь даалган тусгай эмнэлэг-төв байгуулах орон байр, ажиллах хүн хүчин, багаж төхөөрөмжөөр хангах асуудал хойшлуулшгүй зорилт болж байгааг төр засгийн сонорт хүргэж байна.
 
Би энд эрүүл мэндийн шинжлэх ухааны агуу их суурь, ундрага болсон дотрын өвчин судлалын их зүтгэлтэн, дотрын мэргэжлийн эмч нарыг, дайрсан, чамалсан, голсон санаа агуулаагүй юм шүү, хэн хүн унасан газрын хөрс, ундаалсан рашааны хосгүйд тооцдог жамыг даган ийнхүү бичиж байгааг минь зөв ойлгон шүүхийг хүсье.
 
Ж.Хайрулла
Доктор, Профессор