sonin.mn
МОСКВА. /TASS/. Хятад-Монгол-Орос гэсэн чиглэлд анхны туршилтын тээвэрлэлтийг 8 дугаар сарын 18-24-ны хооронд ачааны автомашинаар гүйцэтгэнэ гэж “Росавтотранс” мэдэгдлээ.
 
Орос-Хятадын эдийн засгийн харилцааны түүхэнд анх удаагаа ачааг 2200 км-ээс хол зайд тээвэрлэх бөгөөд тээвэрлэлтийг зөвхөн нэг компани дангаар гүйцэтгэх юм. Өнөөдрийг хүртэл Оросын болон Монголын нийлүүлэгчид хил дээр очсоныхоо дараа ачаагаа өөр тээврийн компанид шилжүүлэн өгч тээвэрлүүлж байсан билээ.
 
Харин саяхан хийсэн шинэ тохиролцоо ёсоор, Оросын тээврийн компаниуд Хятадын аж үйлдвэрийн томоохон хотууд, түүнчлэн боомтуудад хүрч тээвэрлэлт хийх боломжтой болсныг “Росавтотранс” холбооны төсөвт байгууллагын Ерөнхий захирал Алексей Двойных онцлон дурдлаа. 
 
Авто тээврийн шинэ коридор бий болсон нь 2016 оны 6 дугаар сарын 24-нд ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрт гарын үсэг зурсны үр дүн юм.
 
Анхны туршилтын тээвэрлэлтийг Хятадын Тянжин боомтоос Улаан-Үд хот хүртэл хийх бөгөөд туршилтын тээвэрлэлтэд  улс тус бүрээс 3 ачааны машин, нийт 9 тээврийн хэрэгсэл оролцох ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг