sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Гурван талын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын аялал жуулчлаын асуудал эрхэлсэн агентлагуудын тэргүүн нарын хоёрдахь удаагийн уулзалт Орос улсад болно гэж “Ростуризм”-ын дарга Олег Сафонов мэдэгдлээ.
 
“Бид байнга уулзалт хийж байхаар тохиролцсон. 2017 онд уг уулзалт ОХУ-д болно. Харин 2018 онд Монголд болно” гэж тэрбээр ярьжээ.
 
“Ингэснээр хамтын ажиллагааны шинэ формат бий болох юм. Бидний үзэж байгаагаар, энэ бол маш чухал, ирээдүйтэй формат бөгөөд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломж олгоно” гэж “Ростуризм”-ын тэргүүн хэллээ.
 
Орос, Хятад, Монгол гурван улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллагуудын анхны уулзалт Хятад улсад болсон юм. Уулзалтын үеэр талууд “Цайны их зам” хэмээх аялал жуулчлалын хамтарсан шинэ брэнд бий болгох тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг төсөлд Оросын талаас Эрхүү муж, Байгалын чанад дахь хязгаар болон Буриад улс оролцох юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг