sonin.mn
БНСУ-ын хөдөөгийн хөгжлийг дэмжих газраас KOPIA ази дахь төвүүдийн захирлуудын хурлыг “Рамада” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж эхэллээ.
 
KOPIA азийн орнуудын захирлуудын хуралд  Монгол, Вьетнам, Филиппин, Шри-ланка, Камбож, Тайланд, Узбекстан, Мянмар, Лаос зэрэг орны  захирлууд нэг дор цуглан чуулж байна. 
 
KOPIA нь  хөгжиж  буй орнуудад хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах, гадаад улс орон дахь үйл ажиллагааг тэлэх, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Ази, Африк болон Латин Америкийн 20 улсад хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн технологийн хамтын ажиллагааны хөтөлбөр юм. 
 
БНСУ-аас Монгол Улсад суугаа  Бүрэн эрхэт Элчин сайд У Сун хэлэхдээ, “КОПИА-Монгол төвийг байгуулснаас хойшхи хоёр жилийн хугацаанд Монгол Улсын тариалангийн талбайн 90 орчим хувьд тариалдаг үр тарианы ургамал болох улаан буудайн элит үр гаргах, үржүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
 
Улаан буудайн элит үрийг үржүүлэн тариалан эрхлэгчдэд технологийг нэвтрүүлснээр ургацын хэмжээг 25-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой. КОПИА-Монгол төв 3 салбарт  төсөл хэрэгжүүлж буй бөгөөд “БНСУ-ын хөдөө аж ахуйн технологийг түгээн нэвтрүүлэх” ажлыг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсье” гэв. 
 
Тэрээр улс орнуудын хөдөө аж ахуйн салбарын технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд КОПИА цаашид эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд дэмжлэг болох нь  төвийн захирлуудын эрхэм үүрэг” болохыг онцоллоо.  Мөн үеэр  2015 онд ололт амжилтаараа тэргүүлсэн Камбож дахь КОПИА төвийн талаар танилцуулсан юм.
 
Тус төв нь 2015 оноос Камбожын хөдөө аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, бие даах чадварыг бэхжүүлэх зорилгоор тахианы аж ахуйн загвар төслийг хэрэгжүүлсэн бөгөөд эрдэнэшишийн тарилаланг хөгжүүлж, махны чиглэлийн тахианы аж ахуйн технологийг нэвтрүүлснээр тахианы тэжээлийн зардлыг 23 хувиар багасгаж, тахианы хорогдлыг 27 хувь байсныг 5 хувь болгон бууруулсан байна. Төслийн хүрээнд хэмнэсэн зардлаараа 43 мянган ам.долларын хуримтлалыг бий болгож санхүүгийн чадавхи сул өрхийг дэмжиж тэдний бие даах чадварыг бэхжүүлэхэхэд зориулжээ. 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг