sonin.mn
“Дэлхийн Хепатитын Өдөр”-ийг тохиолдуулан “Оном” сангаас МҮЭСТО-нд “Элгээ хайрлая” өдөрлөгийг зохион байгууллаа.
 
Өдөрлөгөөр элэгний вирүсийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга зам, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, эмийн мэдээлэл, танилцуулга, лабораторийн шинжилгээний талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
 
"Оном" сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар ярихдаа, “Монгол Улсад элэгний өвчнөөр жилд 2600 хүн, өдөрт 6-8 хүн нас барж байна гэсэн тооцоо бий. Тодруулбал С вирүстэй 150 мянган хүн, В вирүстэй 200 мянган хүн В, Д вирусын давхар халдвартай 120 мянган хүн бий гэсэн тооцоо гарсан.
 
Үүний цаана оношлуулаагүй маш олон хүн бий. Манай сангийн гол зорилго нь элэгний өвчтэй хүмүүсийг эмчлэх, урьдчилан сэргийлэх өвчлөгсдийн тоог багасгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Бид Монголын элэгний  эмч нарын нийгэмлэг, Элэгний төвтэй хамтран ажиллаж буй юм.
 
Засгийн газрын түвшинд энэ асуудлыг нухацтайгаар авч үзэхгүй бол элэгний өвчнөөр маш олон хүнээ алдаж байна. Үүний цаана санхүүгийн хүндрэлээс эхлээд тухайн гэр бүлд олон асуудал үүсдэг.
 
Тиймээс  элэгний өвчтэй хүмүүсийг Эрүүл мэндийн даатгалаас хямдралтай үнээр эм авах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээж байна. Үүний үр дүнд Онбол компанийн оруулж ирж буй  С вирүсийн Харвоны эмийг 50 хувиар хөнгөлөх болсон" гэлээ.
 
Мөн үеэр эмч, мэргэжилтнүүд иргэдэд элэгний вирүсээ тоолуулахын тулд бүрэн автомат машинтай лабораторийг сонгохыг зөвлөж байв. Улсын хэмжээнд  ХӨСҮТ, Элэгний төв, Гялс, Сонгодо, Гранд мед, Интермед, Мэд аналитик зэрэг 7 эмнэлэг бүрэн автомат машинтай юм байна.
 
“Оном сан” 2015 онд 900 хүнийг оношилгоо хийлгэх эрхийн бичгийг олгож байсан бол энэ жил 50 хувийн хөнгөлөлттэй үнээр  Фиброскан оношилгоонд орох 1000   эрх, мэргэжлийн  зөвлөгөө авах 500 эрхийн бичгийг олголоо. Ингэснээр эрхийн бичиг гардсан хүмүүс бүтэн жилийн туршид Оном сангийн лабораторид оношлуулж, эмчээс зөвлөгөө авах боломж бүрдэж байна.
 
Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг