sonin.mn
АНКАРА. /ВВС/. Энэ сарын 15-нд Туркт гарсан цэргийн эргэлт хийх оролдлогыг дарсны дараа тус улсын эрх баригчид түүнийг зохион байгуулсан этгээдүүдийг баривчлах ажиллагааг эхлүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид Туркийн хэвлэл мэдээллийн хэдэн арван байгууллагуудыг хаана гэдгээ мэдэгджээ.
 
Үүнд мэдээллийн гурван агентлаг, телевизийн 16 суваг, 45 сонин, 15 сэтгүүл багтаж байна. Түүнээс гадна дээрх ажиллагааны хүрээнд 149 генерал, адмирал зэрэг зэвсэгт хүчний 1700 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлжээ.
 
АНУ-д амьдардаг шашны номлогч Фетуллах Гулэн цэргийн эргэлт хийх энэ оролдлогыг зохион байгуулсан гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа юм. Цэргийн эргэлт хийх оролдлогын үеэр 246 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсан байна.
 
Хаагдах гэж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэрсийг албан ёсоор дурдаагүй боловч хүмүүсийн үзэж байгаагаар, мужийн хэмжээний жижиг хэвлэл мэдээллийн байгууллагууд, өдөр тутмын зарим сонинуудыг хааж магадгүй байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг