sonin.mn
МОСКВА. /TASS/. Аядуу сөрөг хүчнийхэн гэгддэг "Ахрар аш-Шам" болон "Жейш аль-Ислам" бүлэглэлүүдийг террористуудаас ялгаж салгах гэж оролдож буй Вашингтоны эрх баригчид энэ оролдлогод нь тус дөхөм үзүүлэх үүднээс агаарын цохилтоо долоо хоногийн хугацаагаар түр зогсоохыг Оросын талаас хүсчээ.
 
Тодруулбал, энэ сарын 14-15-нд Сергей Лавров, Жон Керри нарын Москвад хийсэн хэлэлцээ болон АСЕАН-ын чуулга уулзалтын үеэр болсон уулзалтын явцад АНУ-ын төлөөлөгчид ОХУ-ын талд хандан долоо хоногийн хугацаанд “нам гүм байдлын дэглэм” тогтоох хүсэлт гаргасан байна.
 
Вашингтоны гаргасан хүсэлтэд “Оросын тал агаарын цэргийн ажиллагаагаа зогсоовол АНУ тэргүүтэй эвслийн хүчин мөн адил ийм алхам хийнэ” гэдгийг дурджээ.
 
Харин Москва мэдэгдэхдээ "Сирид хэдэн сарын турш гал зогсоосон нь хэн дайныг үргэлжлүүлэхийг хүсч байна вэ, хэн дайныг улстөрийн аргаар зогсоохыг хүсч байна вэ гэдгийг маш тодорхой харуулсан" гэдгийг дурдсан байна.
 
Тухайлбал, аядуу сөрөг хүчнийхэнтэй нэг районд байрлаж буй “Жебхат-ан-Нусра” террорист байгууллагынхан Оросын нисэх онгоцууд цохилтоо зогсоосныг ашиглан байлдах чадвараа сэргээсэн гэж АНУ-ОХУ-ын яриа хэлэлцээний талаарх мэдээлэлд ойр эх сурвалж хэллээ.
 
Түүний хэлснээр бол, гал зогсоох “нам гүм байдлын дэглэм”-ийг юуны түрүүнд Алеппо хотод тогтоох асуудал яригдаж байгаа бололтой.
 
Сирийн Засгийн газрын цэргүүд энэ хотыг бүслэн авч, сөрөг хүчнийхнийг тус хотын аж үйлдвэрийн бүсээс шахан гаргаад байгаа юм. Өчигдөр буюу лхагва гарагт Сирийн армийн командлал Алеппо хотын зүүн хэсэгт байрлаж буй зэвсэгт бүлэглэлүүдэд хандан зэвсгээ хураалгахыг шаарджээ.
 
Вашингтоны зүгээс Оросын талд тавьсан дээрх хүсэлт нь АНУ-ын дэмжлэгийг хүлээсэн сөрөг хүчнийхэнд түр амьсгаа авч, хүчээ дахин хуваарилах боломж олгох гэсэн зорилготой гэж зарим ажиглагчид үзэж байна. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг